Эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл 10-100 мянган төгрөгөөр ТОРГОНО

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

"Сонгогчдын боловсролд" цуврал үргэлжилж байна. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс /2020.06.02/ эхэлсэн.

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ны даваа гарагийн 00:00 цагт дуусна. Тэгвэл эл хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 10 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.  

Сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд гэдгийг нь Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, тус хуулийн 48.3-т "Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" гэж заасан билээ. Харин дээрх хуулийг зөрчсөн иргэнийн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх юм. 

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл: Сонгуулийн хуулийг зөрчих

1. Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Сонгуулийн ажилд туслалцаа үзүүлэх, эсхүл сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4. Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулсан, эсхүл тараасан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5. Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6. Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7. Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Top