Сонгуулийн сурталчилгаанд сошиал ашиглах нь ХЯЗГААРЛАЛТТАЙ

2020 оны 05 сарын 21

 #СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД  - ЦУВРАЛ №1

 

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн олонхын хэлж ярьж буйг сонсоход сошиал байхад л сонгуулиар өөрийгөө сайхан сурталчлаад болчих юм шиг яриад байгаа юм. Тэгвэл Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид сурталчилгаандаа сошиал орчныг ашиглах нь тодорхой хэмжээнд ХЯЗГААРЛАЛТТАЙ гэдгийг сануулъя.

Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлээр Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах асуудлыг зохицуулсан.

Харин Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46, 47-р зүйлийн дагуу радио, телевиз болон цахим орчинд сонгуулийн хуулийн хугацаанд хяналт тавих, арга хэмжээ авах тодорхой үүргийг хүлээсэн юм.

Цахим хуудасны тухайд  нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу:

 

  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
  • 47.1.3.бусад цахим хуудас гэсэн гурван хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно.

Ингэхдээ нэр дэвшигч  энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй юм.

Харин мэдээ, мэдээллийн сайтууд энэ хуулийн 47.1.3 хэсэгт буюу БУСАД ЦАХИМ ХУУДАС гэдэгт орж буй учраас бүртгүүлэхгүй.

Бүр тодруулбал, нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас тус бүр НЭГИЙГ хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаас хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлэх ёстой юм.

Холбогдох хуулийн дагуу “Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг ЦЕГ болон ХХЗХ-ны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны  дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан. 

"Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн. Эдгээр зохицуулалтын өмнөх сонгуулийн хуулиас ялгаатай тал нь цахим орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх зохицуулалтыг илүү нарийвчилж, холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд хурдан шуурхай ажиллах уялдаа холбоог хангаж өгсөн" гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хэлж байна.

Холбогдох газруудад бүртгүүлээгүй цахим хуудас ашиглахыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47.4-т хориглосон байгаа юм.

Тус хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох гэсэн хэсэг бий. Тэгвэл 48.5.1-т Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэжээ.

Тэгэхээр холбогдох байгууллагуудад бүртгүүлээгүй сошиал дахь ЦАХИМ ХУУДСААР сурталчилгаа хийх нь хууль зөрчсөн хэрэг юм.

Харин түрүүн дурдсанчлан БУСАД ЦАХИМ ХУУДАС гэдэг хэсэгт багтаж буй МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДАД нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, холбогдох мэдээллүүдийг нийтлэх нь хуулийн хүрээнд НЭЭЛТТЭЙ гэдгийг тодотгоё.

 

СОНГУУЛИЙН ХУУЛИАС...

47 ДУГААР ЗҮЙЛ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАХ
 

47.1. Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

47.1.1. Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

47.1.2. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;

47.1.3. Бусад цахим хуудас.

47.2. Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

47.3. Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

47.4. Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.

47.5. Энэ хуулийн 47.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

47.6. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

47.7. Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

47.7.1. Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;

47.7.2. Энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.

47.8. Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

47.9. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.

47.10. Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

47.11. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.65) 2020 оны 05 сарын 21

Дараагийн 4 жил хулгайчаараа дуулах энэ хэдэн нэр дэвшигчдийг зурагтаар хэвлэл мэдээллээр сурталчилгаа эхэлтэл гаргамааргүй байна.

0  |  0
Top