СОНГУУЛЬ 2020: Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ?

2020 оны 06 сарын 01

#СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД - ЦУВРАЛ №06

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох ёстой юм.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг зургаадугаар сарын 2-ны өдөр олгосноор сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГААГ ХОРИГЛОХ тухай хэрхэн тусгасныг тодотгон хүргэе.


  • 48 дугаар зүйлийн 3-т зааснаар Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХИЙГ ХОРИГЛОНО гэсэн байна.

 

  • 48 дугаар зүйлийн 7-д  Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно гэсэн байна.

 

  • 48 дугаар зүйлийн 10-т Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно гэжээ.

 

  • 48 дугаар зүйлийн 9-д Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно гэсэн байна.

 

  • 48.5.3-т Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэжээ.

 

                              48 ДУГААР ЗҮЙЛ. ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГААГ ХОРИГЛОХ

 

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

 

48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

 

48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

 

48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

 

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

 

48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

 

48.1.7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.

 

48.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

 

48.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

 

48.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

 

48.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

48.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

 

48.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

 

48.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

 

48.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

 

48.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

 

48.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

 

48.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.

 

48.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

 

48.8.Дахин болон нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

 

48.9.Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

 

48.10.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

 

48.11.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 48.9-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 48.8, 48.9-д заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

 

48.12.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 46.13, 48.1.7, 48.7-д хяналт тавьж ажиллана.

 

48.13.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээ авч болно.

 

48.14.Энэ хуулийн 48.12-т заасны дагуу зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болно.

Top