Сонгуулийн хугацаанд санал асуулга явуулсан иргэнийг 20 сая төгрөгөөр торгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

#СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД - ЦУВРАЛ №5

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа ирэх мягмар /2020.06.02/ гарагт эхэлнэ. Хуульд зааснаар сурталчилгааны хугацаанд буюу зургаадугаар сарын 02-ны өдрөөс 23-ны 00:00 цаг хүртэл ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хуулийн дөрвөн заалтад хяналт, тавьж ажиллах юм. Өөрөөр хэлбэл, тус газраас сурталчилгааны хугацаанд УИХ-ын 2020 оны Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 болон 46 дугаар зүйлийн 46.13, 48 дугаар зүйлийн 1.7, 7 дугаар заалтад хяналт тавьж ажиллана. 


Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйл: Сонгуулийн сурталчилгаа

39.5. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйл: Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

46.13. Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.

Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл: Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.7. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.

48.7. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

Дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах юм. Түүнчлэн хувь хүнийг 20 сая төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй гэдгийг ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл ярилаа. 



Тэрбээр "ШӨХТГ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.5, 46.13 , 48.1.7, 48.7 дахь хэсгүүдэд заасан дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Үүнд сонгуулийн сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалт хамаарна. Тухайлбал, сонгуулийн тухай хуульд радио телевиз нь  мэдээллийн хөтөлбөрөөрөө нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын талаар мэдээллийг  хүргэхдээ бодит тэнцвэртэй нэг талыг барихгүй хараат бус байх зарчмыг баримтална гэж заасан. Энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд хамаарна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллийнхээ дундуур сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ дээрх зарчмыг баримталж ажиллах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж  ашиглан улс төрийн шинж чанартай чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх ёстой. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан гаргах, эсхүл огт гаргахгүй байх талаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш арав хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. Үүнтэй холбогдох журам мөн гарсан. Тус журамд зааснаар тайлангаа олон нийтэд мэдээлээд, тэр даруйдаа ШӨХТГ-т тухайн тайлангаа нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлнэ гэж заасан” гэх мэдээллийг өчигдөр /2020.05.28/ өгсөн билээ. 

Түүнчлэн "Дээр дурдсан дөрвөн заалтуудаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх заалт хамгийн ихээр зөрчигдөж байна. Тус  хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага нь хандалтыг сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах заалттай. Хоёрдугаарт, хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй” гэдгийг тодотголоо. 

Top