Тайланд улсад гацсан монголчуудын ар гэрийнхэн өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын гадна талбайд жагслаа. Цугларсан иргэд Тайландад гацсан иргэдээ татан авах гарын үсэг зурж, Онцгой байдлын ерөнхий газарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Газар дээрээс нь очиж сурвалжлахад Тайландад гацсан 160 гаруй иргэний ар гэрийнхний төлөөлөл цугларч, “Шууд нислэг хийх шаардлагатай байна. “Тайланд улс КОВИД-19-ийг бүрэн хяналтдаа авсан. Бид аюулгүй”, “Гадаадад гацсан монголчуудыг эх оронд нь оруулаач” гэх зэрэг уриа лоозон бүхий бичиг барьжээ
ТАЙЛАНДАД ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ОЧСОН ИРГЭД ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД НӨХЦӨЛД ОРООД БАЙНА
Тус жагсаалыг зохион байгуулж буй иргэдийн нэг Э.Сүндарь “Тайланд улсад Гадаадад гацсан хүмүүс амарч зугаалж яваагүй. Тэд ажил төрөлтэй, хурал сургалттай, эмчилгээтэй, спортын тэмцээнтэй гээд олон шалтгаанаар хил давсан. Тайландын Вант улсад хүнд нөхцөлд байгаа 160 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргаад байгаа. Тайландад амьдардаг хүмүүс нь хүсэлт гаргаагүй. Хүсэлт гаргасан 160 иргэдийн дунд бага насны хүүхдүүд, тэмцээнд оролцохоор очоод тэндээ гацсан залуус, хүнд өвчтэй хөгшид ч бий. Жишээ нь, манай эмээ Банконгт 76 настай Б нь эмчилгээ хийлгэх гэж яваад тэндээ гацчихсан.
Сэтгэл санааны хүнд байдлаас болж цус харваад бие нь маш хүнд байна. Улаанбаатараас шууд нислэгийн горимоор тэднийг аваач гэж хүсэж байна. Тэнд байгаа иргэд мөнгө төгрөг, хоол хүнс, орон байрны гачаалд орчихсон дөрвөн сарын турш арай ядан амь зууж байна.. Манай гэр бүл эмээгээ эмчлүүлэхэд 20 мянган ам долларын зардлыг гаргасан” гэлээ. Тайланд улсад нийт 3084 халдварын тохиолдол батлагдсанаас 2968 эдгэж, 58 хүн нас барсан. Тус улсын Засгийн газраас Герман зэрэг орнууд ард иргэдээ татан авсан бөгөөд энэ тал дээр нээлттэй хандаж байгаа ажээ. Тус улсад гацсан иргэдийн дунд бага насны хоёр хүүхдээ орхиод эмчилгээнд явсан ээж, уушгины үрэвсэлтэй хүүхдээ эмчлүүлж байсан гэр бүл бага насны гурван хүүхэдтэйгээ, химийн тарианд орохоор очсон элэгний хавдартай хүн гээд өөр, өөрийн хүндэтгэх шалтгаантай олон иргэд бий. Эмнэлгийн нөөц бололцоо бага байгаа учир гадаадын иргэдэд өндөр үнээр үйлчилж байгаа талаар иргэд халаглаж байв.
ЯПОН, ӨМНӨД СОЛОНГОСООС НИСЛЭГ ХИЙГДЭХЭЭР ЦАГ ИХ АЛДАНА ГЭЛЭЭ
Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс дотогш нэвтрүүлэхгүй, ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгөх боломжгүй гэлээ. Одоогийн байдлаар Япон улсаас 1460 гаруй, БНСУ-д 3000 орчим иргэд буцах хүсэлтээ өгсөн бол нийт 46 улсад байгаа 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Тэгвэл Улсын Онцгой комиссоос Зүүн азийн оронд гацсан хүмүүсийг Токио, Сөүлийн нислэгээр авчирна гэдэг шийдвэр гарсан. Жагсаж буй иргэд “Тайланд төдийгүй Зүүн Азийн орнуудад гацсан иргэдийг татаж, Бангкок руу шууд нислэг хийж өгөхийг хүсэж байна. Зүүн өмнөд Азийн орнуудаас ирэх иргэдийг Сөүл, Токиогоор дамжуулан авна гэж төлөвлөж байгаа ч Япон, Өмнөд Солонгосоос 500 орчим иргэнийг татсаны дараа нислэг хийгдэхээр цаг их алдана” гэж учирлаж байлаа. Ар гэрийнхний төлөөлөл Б.Ганаа “Манай ах У нь 51 настай, элэгний хавдартай хүн. Тайландад нэгдүгээр сард очоод 60 гаруй сая төгрөгөөр химийн тариа хийлгэсэн. Нэг л сарын хугацаагаар явсан тул хамаг мөнгө нь дуусаад бид машиныг нь барьцаанд тавьж 20 гаруй сая төгрөг явуулсан. Одоо орон байргүй, мөнгө төгрөггүй айлын нэг буланд амь хоргодож байгаа учир сэтгэл санаа нь хямралтай, хэцүүхэн байна. Төр засаг 160 иргэнээ шууд нислэгээр нэн даруй авчрахгүй бол эрүүл мэнд, эдийн засгаараа маш их хохирч байна” гэлээ. Олон нийтийн сүлжээгээр гадаадаас ирсэн иргэдийг халдвар тээж ирлээ гэх шүүмжлэл маш их давлагаалж байгаа энэ үед Тайландад хашигдсан иргэд халдваргүй гэдгээ баталж, эртхэн иргэдээ татан авахгүй бол халдвар авах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгааг анхааруулж байв.
ИРГЭД ОНЦГОЙ КОМИССТ ӨГСӨН ӨРГӨДЛИЙНХӨӨ ХАРИУГ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭСЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Энэ үеэр гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл Э.Ням-Очир “Манай дүү 19 настай У нь холимог тулааны ДАШТ оролцохоор нэгдүгээр сарын 15-нд очоод Тайландад таван сар гацаад байна. Гэтэл тэмцээн нь хоёрдугаар сарын 25-нд тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, тэр даруйдаа Элчин сайдын яаманд хүсэлтээ өгсөн. Тэмцээнийхээ өмнө хоёр сорилго тулаан хийж, тэндээ ялалт байгуулсан. Холимог тулааны ДАШТ нь болоогүй. Өнгөрөгч дөрөвдүгээр сард дүүгийн минь гадаад хүн гэдэг шалтгаанаар түрээсийн байрнаас нь хөөж гаргасан. Одоо нэг байр олдсон ч түрээс, хоол хүнсний мөнгөгүй хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Оюутан хүүхэд өөрийн зардлаар тэмцээнд оролцохоор очоод байсан юм. Монголд байгаа ар гэрийнхэн нь сэтгэл санааны хямралд орж байна” гэж учирлаж байв. Улсын онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд гадаад улсаас 8498 иргэнийг зохион байгуулалттайгаар татан авсан бол тусгай үүргийн онгоцоор 3488 иргэн эх орондоо ирсэн юм. Гадаадад гацсан иргэд төдийгүй тэдний ар гэрийнхэн төр засгийн шийдвэрийг хүлээцтэйгээр харж, өргөдөл хүсэлтийнхээ хариуг хүлээж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа Тайланд руу нислэг үйлдээгүй учраас аргагүй нь эрхэнд ийнхүү цугларчээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Зүүн азийн оронд гацсан хүмүүсийг Токио, Сөүлийн нислэгээр авчирна гэдэг шийдвэр гарсан” гэж өмнө нь мэдээлж байсан. Нөхцөл байдлыг бодолцож үзээд Улсын Онцгой комисс яаралтай албан ёсны шийдвэр гаргах биз ээ гэж найдах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Тайландаа гацсан иргэдийг татаж гаргана гэнээ ха ха ха
Tsagaa oloogyi Tailand ruu amarch zugaalj yavj gatscan xymyys l biz,virus namjtal xyleex xeregtei sh dee !Xen xodolj teeverlegdej irsen xymyys l mongoldoo virus oruulj ireed baina !
utaanas zugtaj ywchihaad yun olon yum yridag yum
utaanas zugtaj ywchihaad yun olon yum yridag yum