Коронавирус ШИНЭ ӨВЧИН ҮҮСГЭХ аюултай болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Коронавирусний халдвар авсан хүмүүс шижин өвчин тусах эрсдэлтэй гэж Мельбурны их сургууль, Лондонгийн хатан хааны коллеж зэрэг хэд хэдэн судалгааны байгууллагын эрдэмтдийн баг дүгнэжээ.

New England Journal of Medicine сэтгүүлд мэдээлснээр, шижинтэй хүмүүс КОВИД-19 халдвар хүнд хэлбэрээр тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Статистик мэдээллээс үзвэл, КОВИД-19-өөр нас барсан хүмүүсийн 20-30 хувь нь чихрийн шижинтэй байжээ. Коронавирусний халдвар мөн чихрийн шижин өвчин үүсгэдэг байна. Эрдэмтдийн тогтоосноор, коронавирусийг хүний биеийн эсэд нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг АСЕ-2 уураг нь глюкозын солилцоог хангадаг эрхтэнд нөлөөлдөг аж. Ингэхдээ халдвар аваад эдгэрсний дараа глюкозын солилцоонд орсон өөрчлөлт хэвэндээ ордог эсэхийг эрдэмтэд одоогоор тогтоож чадаагүй байна. Түүнчлэн, КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүдэд үүсэж буй чихрийн шижин шинэ төрлийн өвчин эсэх асуудал мөн тодорхойгүй үлджээ. Энэ асуултын хариултыг олох зорилгоор мэргэжилтнүүд КОВИД-19-тэй холбоотой чихрийн шижинтэй өвчтөнүүдийн бүртгэлийг дэлхийн хэмжээд явуулахаар болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 7690708 хүн коронавирусний халдвар авч, 427630 өвчтөн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top