Энэ долоо хоногийн эхээр COVID-19 вирусний халдварын тоо баримт гурван чиглэлээр дээд хэмжээ тогтоолоо. Халдвар авсан хүний тоо найман саяыг давсан бол нас барсан хүн хагас саяд дөхөж, дөрвөн сая хүн эдгэрчээ. Цар тахлын хэмжээ намдсан гэж бодоход эрт төдийгүй хэт өөдрөг байна. Улс, нутаг дэвсгэр болгонд байдал өөр байгаа нь илэрхий.
ОХУ-ын мэдээллийн “Альтаир” агентлагийн шинжээч Юрий Пронин дэлхийн улс орнуудыг халдварын хэмжээгээр нь долоон хэсэгт хуваажээ.
Түүний судалгааг орчуулан хүргэж байна.
Юуны өмнө Коронавирусний эсрэг хийсэн тэмцлээ бараг дуусгасан гэж тооцогдож байгаа орнууд. Үүнд, өвчний үүссэн голомт Хятадаас гадна Япон, Сингапур, БНСУ болон Европын Швейцар, Австри, Чех, Словени гэсэн цөөхөн хэдэн орон орж байна. Дахин халдвар гарч байгаа ч эдгээр орнууд бусад улсаас тэргүүлж байгаа нь тодорхой.
Хоёрдугаар хэсэг, халдварын тоо түгшүүр төрүүлж байгаа ч хэдэн долоо хоногийн өмнөөс байдал хэд дахин сайжирсан орнууд. Европын Итали, Испани, Франц, тэднээсээ хохирол багатай Герман гэсэн өндөр хөгжилтэй орнууд. Тэнд халдварын оргил үе өнгөрсөн. Их Британид байдал муу байгаа ч сайжрах хандлага илт мэдэгдэж байна. Ер нь Их Британийг хоёр, гурав дугаар шатны голд байгаа гэж хэлэхэд болно.
Гуравдугаар хэсгийн хамгийн хурц төлөөлөгч нь Америк. АНУ-д хоёр сарын турш өдөрт 1.5-3 мянган хүн, зарим өдөрт 7 мянган хүн амиа алдаж байлаа. Сүүлийн долоо хоногт л АНУ нас баралтын тоог хоногт мянга болгож чадсан. Мянга гэдэг олон ч тоо буурах явц хэдийн эхэлсэн.
Дөрөвдүгээр хэсэгт одоо халдвар оргил үе дээрээ байгаа орнууд орсон. Энд дэлхийд халдвар, нас баралтын тоогоор 2-т бичигдэж байгаа Бразил тэргүүтэй Польш, Турк, Канад орнуудыг орууллаа.
Тавдугаар хэсэг хамгийн түгшүүртэй. Тэд одоо л халдварын оргил үедээ орох гэж байна. Халдварын тоо, нас баралтын хэмжээ нь өссөөр байгаа. Энэтхэг, Пакистан, Мексик, Чили тэргүүлж, ард нь Индонези, Египет, Бангладеш орж байна.
Зургаадугаар хэсэгт халдварын тоо, хэмжээ анхнаасаа бага байсан улсууд орсон. Коронавирус тэднийг тойрч гарсан гэхэд болохоор. Африк тивийн олон орон, Европын холбооны цөөхөн хэдэн улс, Шинэ Зеланд, Монгол, Лаосыг энд оруулж байна.
Долоодугаар хэсэгт “битүү морьд”. Иран, Швед гэсэн халдварын тоо нь оргилд гартал их биш ч буурахгүй, тогтвортой байгаа орнууд орлоо. Цар тахлаас гарсан зүйл байхгүй ч оргил үе гэхээр зүйл бас байхгүй. Энэ байдал нь хэдэн сараар үргэлжлэх нь тодорхой бус улсууд.
Харин ОХУ-ыг аль хэсэгт оруулах вэ гэж эргэлзлээ. Оргилдоо гарсан ч юм шиг, гарах гэж байгаа ч юм шиг. Москвад хөл хориог яаралтай цуцалж, байдал сайжирлаа гэж мэдэгдсэний дараа харин ч эргэлзэх зүйл улам их болсон юм. Үнэнийг хэлэхэд одоо халдвар, нас баралтын тоо хөл хорио анх зарлаж байсан үеийнхээс хавьгүй нэмэгдсэн шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )