Агуй тэсэлсэн асуудлаар Рио Тинто компанид шалгалт явуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20


Уул уурхайн “Рио Тинто” компани уугуул австраличуудын шүтээн болсон агуйг тэсэлгээний явцад дэлбэлсэн асуудалд дотоодын шалгалт оруулахаар болжээ.

Дээрх шийдвэрийг “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн хуралдаанаар гаргасан аж.

Дотоодын хяналт шаглалтын ажлын хэсгийг хөндлөнгийн үнэлгээний “AO” компанийн гүйцэтгэх захирал Майкл Эстранж даргалахаар болсон байна.

Уг шалгалтаар тэсэлгээний ажил нь компанийн дотоод дүрмийг зөрчсөн эсэх, түүхийн хосгүй өв болсон агуйг тэсэлгээний талбайд байсан эсэхийг мэдэж байсан эсэх зэргийг нарийн шалгах юм.

Рио Тинто компани одоогоос долоон жилийн өмнө Австралийн Засгийн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу “Брокман” талбайд үйл ажиллагаагаа эхэлж байсан юм.

Тусгай зөвшөөрлийн уг талбайд Жуункан хавцал бий бөгөөд “Жуункан 1”, “Жуункан 2” агуй багтдаг байсан бөгөөд энэ нь эрт цагийн түүхийн соёлын хосгүй өв байсан билээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Австралийн төрийн хэд, хэдэн агентлаг тэр дундаа Тэтгэврийн сан тус компанид шахалт үзүүлж эхэлсэн юм.


Эх сурвалж: SwissInfo.ch

Top