АНУ-ын Нью Йорк хот дахь Байгалийн түүхийн үндэсний музейн өмнө байрладаг АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельтын морьт хөшөөг буулгахаар болжээ. Хүрэл хөшөөг буулгах тус музейн саналыг Нью Йорк хотын захиргаа хүлээн авлаа гэж “The New York Times” сонинд мэдээлжээ.
Миннеаполис хотод хар арьст иргэн Жорж Флойдын амь насыг хөнөөсөнтэй холбогдуулан эхэлсэн арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн сүүлийн хэдэн долоо хоногт хүчээ авч буйд музейн ажилтнууд санаа зовниж байгаа бөгөөд АНУ-д төдийгүй дэлхий дахин хөшөө дурсгалыг арьс өнгөний үзлийн хүчтэй бөгөөд хортой бэлэг тэмдэг гэж үзэх болсон гэж музейн захирал Эллен Фаттер ярьжээ. Хөшөөг буулгах болсон нь АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт, хувь хүнтэй нь бус хөшөөний зохиомжтой нь холбоотой гэжээ. Морьтой Рузвельтын хоёр талд Америкийн уугуул иргэн, Африк тивийн төлөөлөгчийг явган явж буйгаар дүрсэлсэн нь колоничлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн гунигт бэлгэ тэмдэг болсон гэж үзэж байгаа аж. Теодор Рузвельтэд хүндэтгэл үзүүлэх үүднээс Байгалийн түүхийн үндэсний музейн биологийн олон янз байдлын сэдэвт танхимыг түүний нэрээр нэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Африк гаралтай Жорж Флойдын үхлээс үүдэн АНУ-д дэгдсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр өнгөрсөн үеийн улс төрийн зүтгэлтнүүдэд босгосон хөшөө дурсгалыг олноор сүйтгэх болсон билээ. Тухайлбал, Америк тивийг европчуудад нээсэн Христофор Колумбын хэд хэдэн хөшөө, АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөшөө зэрэг хөшөө дурсгалуудыг сүйтгэн, буулгаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүнийг хүн гэж үзэх ёстой. Хар цагаан шар эр эм гэж ялгаварлах ёсгүй. Монголын газар шороонд адилхан хүн болж төрчөөд баян ядуу гэж ангилагдаж байгаа нь МАНАН гийн хийсэн хорт үйлдэл.