БИ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА: Эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08


АНУ-ын Миннеаполис хотноо цагдаа нарын гарт амь үрэгдсэн Жорж Флойдын үхэлтэй холбогдуулан дэлхийн олон улс оронд арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байна. Канад, Их Британи, Герман, Бельги, Швед, Япон, Бразил, Испани зэрэг улс орнууд эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.

Миннеаполис хотын зөвлөл цагдаагийн хэлтсийг тарааж, санхүүжилтийг нь танах санал гаргажээ. Үүний тулд оршин суугчдын дэмжлэг хэрэгтэй гэж зөвлөлийн гишүүн Иеремиа Эллисон мэдэгджээ. Энэ мэдэгдлийг хотын цэцэрлэгт хүрээлэнд хуран цугларсан хоёр мянга гаруй оршин суугч уухайлан дэмжжээ.

-Эмх замбараагүй байдал болоод байсан эсэргүүцлийн жагсаал АНУ-ын нийслэлд арав дахь өдрөө тайван болжээ. Нийгмийн хэв журмыг сахиулах зорилгоор хотуудад оруулсан Үндэсний гвардийн алба хаагчдыг эргүүлэн татсан бөгөөд хотын цагдаа нар хэв журам сахиулан ажиллаж байна.

-Цагаан ордны өмнө жагсагчид найман минут 46 секундын турш газар хэвтэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Яг энэ хугацаанд цагдаа Дерек Шовин Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөн амийг нь хөнөөсөн байдаг. Жагсагчид “Би амьсгалж чадахгүй байна” гэж Флойдын сүүлчийн үгийг хэлж байжээ.

-Канадын Торонто, Оттава зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал болж байна.

-Британийн Бристол хотод “Black Lives Matter /Харуудын амь нас ч хамаатай/” хөдөлгөөний дэмжигчид Английн боолын худалдаачин, буяны үйлстэн Эдвард Колстоны хөшөөг нураажээ.

-Жорж Флойдын цогцсыг түүний төрсөн хот Хьюстон хотноо авчирчээ. Жорж Флойдын гэр бүл мөн Техас мужид хүрэлцэн ирээд байгаа бөгөөд өнөөдөр /2020.06.08/ Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслол Хьюстоны нэгэн сүмд болох юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд хэд хэдэн улстөрч, хүний эрхийг хамгаалагч оролцоно. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, ардчилсан намаас ерөнхийлөгчийн сунгаанд оролцож буй Жо Байден оролцож, Жорж Флойдын гэр бүлд эмгэнэл илэрхийлнэ гэж мэдэгдсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top