ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ-д цагдаагийн шинэчлэлт хийж чадах уу

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

- Хоёр нам зөвшилцөлд хүрэх нь чухал -

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ардчилсан намын цагдаагийн шинэчлэлийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр баримт бичиг Конгрессоор орохгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Ардчилсан намынхны бэлтгэсэн баримт бичиг Трампын дүгнэж байгаагаар Америкийн цагдааг устгаж байгаа аж. Цагаан ордны тэргүүний өрсөлдөгч нар хэв журмыг сахиулахад боох арга ашиглахыг хориглох, хууль сахиулахынхны гаргасан зөрчлийн бүртгэлийг нэвтрүүлэх, мөн тэдэнд хариуцлага тооцох үйл явцыг хялбаршуулах зэрэг шинэчлэл хийх эрмэлзэлтэй байгаа юм. Тэгвэл Бүгд найрамдах намынхан цагдаагийн бие бүрэлдэхүүнийг боловсронгуй болгох үйл ажиллагаанд чиглэсэн ижил төстэй хуулийн төсөл боловсруулжээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Ардчилсан намынхан, Доналд Трамп болон Бүгд найрамдах намынхан цагдаагийн шинэчлэл хийхдээ Америкийн нийгэмд хуваагдал үүсгэх эрсдэлтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ардчилсан намынхны санаачилсан цагдаагийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг эсэргүүцэхэд Бүгд найрамдах намынхнаас дэмжлэг авна гэж найдаж байгаа аж. Цагаан ордны тэргүүн “Твиттер” хуудсандаа “Энэ долоо хоногт Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчид манай цагдаа нарыг устгах хуулийн төслийг батлахыг хүсэж байна. Конгресст байгаа бүгд найрамдахчууд үүнийг батлахыг эрс эсэргүүцнэ гэж найдаж байна. Бид цагдаагаа үнэлж, хамгаалах ёстой. Тэд аюулгүй байдлыг хангадаг!” гэж бичжээ.

Итгэлээ алдсан нь

Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо энэ сарын 18-нд цагдаагийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг баталжээ. Баримт бичгийг ардчилсан намынхан энэ сарын 8-нд танилцуулсан байна. Түүнийг парламентаар танилцуулахаас өмнө Ардчилсан намын 20 орчим гишүүн, түүний дотор Доод танхимын дарга Нэнси Пелоси Миннеаполис хотод тавдугаар сарын 25-нд хууль сахиулах байгууллагынхны үйл ажиллагаанаас болж амиа алдсан африк гаралтай америк эр Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэжээ.

Ардчилсан намын хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар улсын бүртгэл бий болгох заалт орсон байна. Энэ үүргийг Хууль зүйн яамны оролцоотойгоор улсын прокуроруудад даалгах аж. Уг мэдээллийн баазад нэвтрэх нь бүх иргэдэд нээлттэй байх ёстой гэжээ. Флойдын үхлийн нөхцөл байдлыг харгалзан Ардчилсан намынхан хууль сахиулахын алба хаагчдыг амьсгалахад саад учруулж, тархинд очих цусны урсгалыг тасалдуулдаг мэхийг ашиглахыг хориглох бодолтой байна. Үүнээс гадна, цагдаагийн алба хаагчид бусад арга дууссан тохиолдолд л биеийн хүч хэрэглэх шаардлагатай байдаг аж. Баримт бичигт “Холбооны хууль сахиулах алба нь аливаа хүний ​​эсрэг зориудаар хүч хэрэглэх арга хэмжээ авах эрхгүй, хүчирхийлэл нь цагдаа болон бусад хүний ​​биед ноцтой хохирол учрах, амь нас нь хохирохоос урьдчилан сэргийлэх зайлшгүй арга зам биш юм” гэжээ. Ардчилсан намынхан түүнчлэн хүний ​​эрх зөрчигдсөн тохиолдолд цагдаа нарт хариуцлага тооцоход хялбар байх талаар хуулийн төсөлд заалт оруулсан байна.

Тэгвэл бүгд найрамдахчууд хууль сахиулах тогтолцооны шинэчлэлийн талаар өөр үзэл бодолтой байгаа аж. Тэд энэ сарын 17-нд өөрсдийн хяналтад нь байдаг Сенатад “Just and Unifying Solutions to Invigorate Communities Everywhere (Justice Act)” нэртэй хуулийн төслийг танилцуулжээ. Өөрчлөлтийг санаачлагч нь Конгрессын дээд танхим дахь цорын ганц өнгөт арьстан, Бүгд найрамдах намаас парламентад суугаа Тим Скотт байв. Бүгд Найрамдах намын зарим санал нь Ардчилсан намын хуулийн төсөлд заасан заалттай давхцаж байгаа аж. Жишээлбэл, Скотт амьсгал боох арга хэрэглэхийг хязгаарлаж, цагдаагийн зөрчил бүртгэгдэх мэдээллийн сан бүрдүүлэхийг уриалсан байна. Гэхдээ бүгд найрамдахчууд хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг сонгох системийг боловсронгуй болгож, тэд биедээ камертай байх ёстойг хэлж байна. Эдгээр бүх арга хэмжээг хэрэгжүүлэх нь Тим Скоттын хэлснээр өнгөт арьст хүмүүсийн аллагын гунигт статистикийг өөрчилнө. Сенатчийн хэлснээр африк гаралтай америкчуудын цагдаагийн гарт амиа алдах магадлал цагаан арьстнуудаас 2.5 дахин их байдаг аж.

Энэ сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаарх үзэл бодлоо танилцуулсан. Тэрбээр хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хууль зөрчсөн тохиолдлын бүртгэл хөтлөх дүрэм гаргах тогтоолд гарын үсэг зуржээ. Түүнчлэн баримт бичиг нь АНУ-ын цагдаа нарт тусламж олгох үйл явцыг чангатгаж байгаа юм. Трампын үзэж байгаагаар төсвийн хөрөнгийг зөвхөн мэргэжлийн өндөр түвшний, тэр дундаа хүч хэрэглэх дүрмийг зохистой ашиглах нөхцлийг хангасан хууль сахиулах байгууллагууд л авах ёстой. Цагаан ордны вэб сайт дээрх мэдээллээс харахад, цагдаагийн байгууллагын ажлын чанарыг шалгах ажлыг эрх бүхий бие даасан байгууллагуудад даалгах аж.

Хандлагын ялгаа

Шинжээчдийн үзэж байгаагаар Ардчилсан болон Бүгд найрамдах намын цагдаагийн шинэчлэлийн талаар санал болгож буй арга хэмжээ зарим ижил төстэй байдалтай ч улс төрийн хоёр лагерь үндсэндээ эсрэг хандлагыг баримталж байна. АНУ-ын хууль сахиулах байгууллага үүргээ биелүүлэхгүй гэж ардчилагчид мэдэгдсэний хариуд нь бүгд найрамдахчууд болон Цагаан ордон Америкийн цагдаа бүхэлдээ үр дүнтэй ажилладаг гэв. Тухайлбал, Трампын засаг захиргаа тус улсад хоёр жил дараалан аллага, хүчирхийллийн гэмт хэргийн тоо буурч байгааг тэмдэглэжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дийлэнх нь үүргээ үнэнчээр биелүүлж байгааг Цагаан ордны вэб сайтад мөн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top