АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаа нарын хүч хэрэглэхийн эсрэг жагсаалын шинэ шат Атланта хотод африк гаралтай америк залуу баривчлагдах үеэрээ шархдаж нас барсны дараа эхэлсэн юм. Нас барсан өнгөт арьст эрэгтэй хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг эсэргүүцэж, тэдний нэгнээс цахилгаан бороохойг нь булааж авч, шидсэний дараа цагдаа нарын нэг нь гал нээжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ дахь жагсаалууд цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч байгаагаас болж зогсохгүй байгаа аж. Үүнээс гадна шинжээчдийн үзэж байгаагаар сонгуулийн өмнөх тэмцэл, сурталчилгаа нь хурцадмал байдал өсөхөд нөлөөлж байгаа гэнэ. Мэргэжилтнүүд түүнчлэн улс төрийн элитийн зарим төлөөлөл эсэргүүцлийн жагсаалыг өдөөж өгч, түүнээсээ ашиг олохоор хичээж байгаа аж.
Бүх зүйлийн эхлэл
Жоржиа мужийн Атланта хотод эсэргүүцлийн жагсаалын шинэ давлагаа эхлэх болсон нь өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө 27 настай африк гаралтай америк залуу Рэйшард Брукс эмнэлэгт очоод нас барснаас үүдэлтэй. Тэрээр цагдаа нарт баривчлагдах үеэрээ шархадсаныг дээр дурдсан билээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Брукс түргэн хоолны нэгэн рестораны гадаа машиндаа унтаж байжээ. Түүний автомашин бусад хүмүүст саад болж байсан учир цагдаад хандсан байна. Өнгөт арьст залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Цагдаа нар түүнийг баривчлах гэхэд тэр эсэргүүцэл үзүүлж, нэгэн цагдаагийн цахилгаан бороохойг булааж аван, зугтахаар завдсан байна. Энэ үеэр нэгэн цагдаа гал нээсэн нь гэрчийн гар утсаараа хийсэн бичлэгээс харагдана. Мөн ажиглалтын камерын бичлэгээс болсон үйл явдал тодорхой харагдаж байгаа аж.
Атланта хотын дарга Кейша Лэнс Боттомс өнгөрсөн бямба гарагт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр хууль сахиулах байгууллагын ажилтны үйлдлийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Үүнийг зэвсэг хэрэглэх үндэслэл гэж үзэхгүй байна. Цагдааг яаралтай ажлаас нь халах хэрэгтэй” гэжээ. Мөн тэр өдөр хотын цагдаагийн газрын төлөөлөгч Карлос Кампос “CNN”-д ярихдаа Атлантагийн цагдаагийн газар Рэйшард Брукс рүү гал нээсэн ажилтныг халсан гэсэн байна. Болсон явдалд холбоотой бас нэгэн цагдаад захиргааны арга хэмжээ авчээ. Үүнээс гадна дээрх явдлын дараа Атлантагийн цагдаагийн газрын дарга Эрик Шилдс “Хууль сахиулахынхан болон ард иргэдийн хоорондын итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэх цаг болжээ” гэж мэдэгдээд огцорсон байна. Тэрбээр “Би энэ хотод, цагдаагийн газарт гүн гүнзгий бөгөөд хувиршгүй хайртай болохоор цагдаагийн даргын албан тушаалаас огцрох хүсэлтэй байна. Атланта хотын цагдаагийн газар болон хотын дарга Боттомсыг бүрэн дэмжих болно. Хотын даргад итгэж байна. Манай хот урагшаа явж, хууль сахиулахынхан болон ард иргэдийн хоорондын итгэлцлийг нэмэх цаг иржээ” гэжээ.
Жоржиа мужийн Мөрдөх товчоо болсон явдлыг мөрдөж эхэлсэн талаараа мэдэгдсэн билээ.
Гэхдээ орон нутгийн удирдлагуудын авсан арга хэмжээ идэвхтнүүдэд хангалттай бус санагджээ. Бямба гарагийн орой 100 гаруй хүн Атланта дахь хурдны замуудын нэгийг хааж, африк гаралтай америк залуугийн буудуулсан газрын ойролцоох кафег шатаасан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Жагсагчид зэвсэг ашигласан алба хаагчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг уриалжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд автомашинаа болон нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Жагсаал эхэлсэн цэг
Атланта хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаалын шинэ давлагаа нь африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарт баривчлагдах үеэрээ амиа алдсаны улмаас үргэлжилж буй жагсаал, үймээн самууны хүрээнд эхэлсэн юм. Жорж Флойдыг баривчилсан цагдаа түүний хүзүүн дээр өвдөглөн сууж, амьсгалыг нь боон, өнгөт арьст эр амьсгалж чадахгүй байгаагаа хэлсээр байхад цагдаа өвдөглөж суусан хэвээрээ байгаа бичлэг цахимд тавигдсаны дараа АНУ даяар, тэр ч бүү хэл олон улс даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг давлагаа өрнөж эхэлсэн билээ. Жорж Флойдыг баривчлах ажиллагаанд оролцсон дөрвөн цагдаагийн албан хаагч бүгд халагдсан байна. Түүнийг баривчлахдаа хүч хэрэглэсэн цагдааг аллага үйлдсэн гэж буруутгаж байгаа юм. Гэсэн ч ингэлээ гээд жагсаал зогссонгүй. Улс даяар жагсагчид эрх баригчдаас хууль сахиулах байгууллагуудыг илүү хариуцлагатай болгохыг шаардаж байна.
Нью-Орлеандад өнгөрсөн бямба гарагт арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцэгчид боолын наймаачин Жон Макдоногийн хөшөөг унаган гол руу хаяжээ. Энэ тухай “Fox News”-ийн орон нутгийн салбар агентлаг мэдээлсэн байна. Хөшөөний хэсгүүдийг ачиж аваачсан ачааны машины жолооч нарыг баривчилжээ. Эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг хулгай дээрэм, үймээн самуун, шатаалт дагалдаж эхэлсний дараа АНУ-д цагдаагийн хяналтыг чангатгах, хууль сахиулах байгууллагуудыг шинэчлэх шаардлагатай байгаа тухай ярьж эхэлсэн. Энэ сарын 8-нд хэд хэдэн конгрессын гишүүн АНУ-ын цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төслийг танилцуулсан юм. Уг хуулийн төслийн дэлгэрэнгүйг Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси хэвлэлийн бага хурлынхаа үеэр танилцуулсан билээ. Улстөрчийн үзэж байгаагаар энэхүү баримт бичигт цагдаагийн байгууллагын хүчирхийллийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль сахиулах байгууллагуудад тавих хяналтыг чангатгах зэрэг оржээ. Пелосигийн тайлбарласны дагуу цагдаа нарт бүтцийн том өөрчлөлт хийх аж. Хууль сахиулахын алба хаагчдад автомашин, дүрэмт хувцастайгаа, видео камертай байх шаардлагатай бөгөөд аюулгүй байдлын албаныхан хар тамхитай холбоотой хэрэгт урьдчилан мэдэгдэлгүйгээр нэгжлэг явуулахыг болон боох арга хэрэглэхийг хориглохоор тусгажээ.
Үүгээр зогсохгүй зарим муж улсад цагдаа нарыг халж, оронд нь өөр бүтэц бий болгохыг санал болгосон байна. Тэр дундаа Миннеаполис хотын зөвлөл тогтоол гаргаж, олон нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ загвар боловсруулах аж. Мөн Сиэттл хотод идэвхтнүүд “цагдаагүй” бүс зохион байгуулжээ.
Нөхцөл байдал улам дордоно
Оросын шинжлэх ухааны академийн АНУ болон Канадын хүрээлэнгийн цэрэг-улс төрийн судалгааны төвийн дарга Владимир Батюк “RT” агентлагт ярихдаа АНУ-д жагсаал зогсохгүй байгаа нь цагдаагийн хүчирхийлэл болон арьс өнгөний үзэл тус улсад нийгмийн том асуудал болсныг харуулж байна гэжээ. Тэрбээр “Гэхдээ ийм олныг хамарсан жагсаалууд болон жагсагчдын түрэмгий байдлын шалтгаан нь АНУ дахь нийгэм, эдийн засгийн гүн хямралтай холбоотой. Коронавирусний улмаас нийгэм, эдийн засгийн байдал илүү доройтсонтой холбоотой юм” гэсэн байна.
Батюкийн дүгнэж байгаагаар АНУ-д ийм нөхцөл байдал аль эрт үүсжээ. Гэвч энэ жил хүмүүс удирдлагууд нь коронавирусний улмаас үүссэн эдийн засгийн уналтаас бүрэн гарах чадваргүй байгааг харснаар нөхцөл байдал хурцадсан байна. Цар тахлын улмаас АНУ-ын эрүүлийг хамгаалах системд том асуудал тулгарсныг хүмүүс мэдэж байгаа гэж шинжээч онцолжээ. Эдгээр нь бөөгнөрөн тэсрэхэд хүргэсэн бөгөөд өнгөт арьст Жорж Флойдын үхэл давс нэмсэн нь тодорхой. Жагсаалд өнгөт арьст иргэдээс гадна цагаан америкчууд болон бусад үндэстэн оролцож буй. Энэ нь дунд давхаргынхны хувьд америк мөрөөдөл талаар болж байгааг харуулж байна хэмээн шинжээч дүгнэжээ.
Түүнчлэн зарим шинжээчийн бичсэнээр Жорж Флойдтой холбоотой түүх америкчуудын оюун санаанд амьд хэвээр байна. Энэ нь эсэргүүцлийг улам өдөөнө. АНУ-д төвөгтэй асуудал үүссэнтэй холбоотойгоор эсэргүүцэгчид бууж өгөхгүй байгаа аж. Энэ нь цар тахал, хорио цээрийн арга хэмжээ, АНУ-ын иргэдийн коронавирусний өвчлөл, нэмэгдэж байгаа нас баралт зэрэг юм. Энэ бүхэн нь ажилгүйдэл нэмэгдэж, хүн амын худалдан авах чадвар буурахад хүргэж байна гэж шинжээчид тайлбарлажээ. Судлаачид АНУ-д нөхцөл байдал цаг хугацааны явцад улам дордоно гэж таамаглаж байна.
Ард иргэд, хууль сахиулах байгууллагынхны хоорондын зөрчил хамгийн багадаа энэ намар болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дуустал үргэлжлэх болно. Мөн эсэргүүцлийн жагсаалыг Доналд Трампын өрсөлдөгчид улс төрийн зорилгоор идэвхтэй ашиглана.
Сэтгэгдэл ( 0 )