АНУ-ын хар арьст иргэн Форж Флойдын амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Миннеаполис хотод эхэллээ гэж “FoxNews” мэдээлжээ.
Цагдаагийн алба хаагч асан Дерек Шовинийг Жорж Флойдын амь насанд хүрсэн гэж буруутгаж байгаа билээ. 2020 оны тавдугаар сард энэ хэрэг нийгэмд шуугиан тарьж, Нэгдсэн Улсын мужуудад цагдаа хүчнийхний хүчирхийлэл, хар арьстнуудыг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал цуглаан өрнөсөн билээ.
Шүүх хурлыг даргалагч шүүгч үг хэлсний дараа яллагч талын төлөөлөгч, прокурор Жерри Блэкуэлл үг хэллээ. Тэрбээр Шовин буруутай болохыг нотолно гэж мэдэгдэв. “Флойд дөрвөн минутын турш амьсгалж чадахгүй байна гэж 27 удаа хэлсэн” гэж Блэкуэлл онцолсон байна.
Шовины өмгөөлөгч Эрик Нельсон амиа алдсан Флойд мансууруулах бодис хэрэглэсэн байсан, саатуулах үед хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн гэж сануулсан байна. “Амьсгал боогдсоноос болж үхэлд хүрснийг нотлох баримт байхгүй. Лабораторийн шинжилгээгээр түүний цусанд мансууруулах бодис илэрсэн” гэж өмгөөлөгч онцолжээ.
Шүүх хурал хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэж хэвлэлүүд бичжээ.
2020 оны тавдугаар сард Жорж Флойд цагдаа нарт саатуулагдаж буй дүрс бичлэг цацагдсаны дараа АНУ-ын мужуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, үймэн дэгдсэн билээ. Дүрс бичлэгт цагдаа нар Флойдыг газар хэвтүүлж, гарыг нь гавлан хүзүүн дээр нь өвдөглөж буй нь гардаг. Флойд амьсгалж чадахгүй байна гэж хэд хэдэн удаа хэлсний дараа ухаан алддаг. Флойдыг эмнэлэгт хүргэсэн ба тэрбээр сэхээн амьдруулах тасагт нас баржээ.
Хэрэг гарсны дараа хотын цагдаагийн газрын удирдлагууд Флойдыг баривчлахад оролцсон дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Тэдний нэг нь Дерек Шовин юм.
Сэтгэгдэл ( 1 )
teneg amitan.yaliig n sain uguh boltugai