А.Надмид: Хөл хорио сунжирвал нөхцөл байдал улам хүндэрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас улс орнууд хорио цээр тогтоож, гадаадад олон мянган иргэд гацсан билээ. Япон улсад хөл хорионд дөрвөн сар болж байгаа монгол иргэн А.Надмидаас цаг үе, нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрбээр тус улсад хоёр долоо хоногийн хугацаатай ажлаар явж байгаад хөлд хорионд оржээ.


 

-Коронавируснээс шалтгаалан хөл хорионд гацсан гадаад дахь монгол иргэд хүнд нөхцөлд байгаагаа цахимаар илэрхийлцгээж байна. Өөрийн тань амьдарч байгаа Япон улсын Нийслэл Токио хотод нөхцөл байдал ямар байна вэ?

-Япон улс бусад оронтой харьцуулбал халдвар тархалтыг улаан шугам хэтрүүлэлгvй дэг журмыг яс баримтлан, халдварын тоог багасгах бүхий л арга хэмжээгээ авч чармайн ажиллаж байгаа. Би Монголд ээлжийнхээ амралтыг аваад Япон улсад хувийн ажлаар хоёрдугаар сард хоёр долоо хоногийн хугацаатайгаар ирсэн. Яг энэ үед Япон улс даяар халдвар тархалтын аюултай вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэн хамгаалах талаар анхааруулга хийж, олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байхыг сануулж эхэлсэн. Мөн Токио 2020 дэлхийн олимпыг зохион байгуулах эсэх дээр Япон улсын Засгийн газар ДЭМБ, Олон улсын байгууллагууд онлайнаар хуралдан зөвшилдөж байсан.

Телевизүүдээр өдөр бүр орон нутаг, дэлхий даяар өрнөж буй мэдээг шуурхай цацаж мэдээлж байсан. Гуравдугаар сард халдварын тоо эрс нэмэгдэж өдөр бүр халдвар авсан хүний тоо зуу, зуугаараа өсөж байв. Хүн бүр айдастай, хүнсээ цуглуулах үедээ л гардаг бөгөөд хүмүүс хоорондын зайгаа баримталж үйлчлүүлж байлаа. Япончууд чанд дэг жаягтай ард түмэн учраас бусад орны иргэд шиг дэлгүүрт хоол хүнсээ булаацалдаад, үймээн шуугиан дэгдээсэн зүйл гараагүй. Одоогийн байдлаар Япон улсад халдварын нийт тохиолдол 18 мянга гарсан бөгөөд Токио хотод халдварын тоо таван мянга хүрсэн. Халдварын тоо өмнөх саруудаас эрс буурсан ч анхаарал болгоомжоо алдалгүй байх нь хамгийн чухал байна.

-Япон улс олон сая хүн амтай. Коронавирусээс хэрхэн сэргийлж, тархалтыг тогтоон барьж чадсан бэ?

-Япон улсын Засгийн газраас цар тахлыг бууруулах бодлого төлөвлөж улс даяар хорио цээрийн гурван алхам хийх шийдвэрт хүрсэн. Алхам нэг нь халдварын бүс болох Токио хот болон эргэн тойрны аймгуудад хориг тавигдаж, 2020 дэлхийн том олимпыг хойшлуулсан. Уламжлалт баяр наадам, олон нийтийн арга хэмжээ, их дэлгүүр, аялал жуулчлалын салбар зэрэгт хөл хорио тогтоосон. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр аль болох зорчихгүй байх, нийтийн тээврээр зорчих үед хүмүүсийг нэг метрийн зайтай суух дүрэмтэй. Нийтийн тээврийн сурталчилгааны урсдаг самбарт тухайн өдрийн халдварын тоог зарлаж, вирусний халдвар аюултай, хурдацтай байгаа тул иргэн бүрийг анхаарал болгоомжтой, гар ариутгал, амны хаалт тогтмол хэрэглэж байх мессэж хаа сайгүй наан мэдэгдэж байв. Ихэнх албан байгууллагуудын ажилчид гэрээсээ ажлаа хийж, цэцэрлэг сургуулиудыг түр хугацаагаар хаан, онлайнаар хичээлээ явуулж байв. Энэхүү хорио цээрийн онцгой байдал тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэн халдварын тоог бага багаар багасгаж чадсан. Удаан хугацааны хөл хорионы улмаас олон сая хүнд эдийн засгийн хүндрэл учирсан учраас Засгийн газар нийтийн арга хэмжээг нээх хоёрдугаар алхам руу орох бэлтгэлд орсон. Алхам хоёр нь зургаадугаар сарын 1-ний өдөр гэхэд кино театр, үзвэр үйл­чилгээ, номын сан, цэцэрлэг сур­гууль хэвийн ном журамдаа орсон.

Алхам гурав нь зургаадугаар сарын 12-нд тоглоомын газар, клуб, караоке, интернэт кафе, бар, караоке зэрэг залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хаалгаа нээгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн.

Эдгээр гурван алхам нь бүр дүрэм, журмын дагуу ажиллаж гар ариутгах цацлага, халуун хэмжигчээр шалгаж оруулах, хүн бүр амны хаалт зүүх, хүмүүc хоорондын зайг барих, зэрэг ариун цэврийг чанд сахиж, анхаарал болгоомжоо алдалгүй байх зэргээр амьдрал үргэлжилж байна даа. Зарим газрууд үйлчлүүлэгчдээс товч анкет авах, ихэнх үйлчилгээ үзүүлж буй газрууд үйлчлүүлэгчээ апликэшн татан бүртгүүлэх, аль эсвэл ресторан, дэлгүүрийнхээ Line QR кодыг уншуулан дотогш орж үйлчлүүлэх боломжтой гэд­гийг зөвлөж, бүртгүүлсэн тохиол­долд орж үйлчлүүлэх боломж олгож байв. Халдвартай хүн тухайн газраар үйлчлүүлсэн гэсэн мэдээлэл ирэхэд тэр өдөр үйлчлүүлсэн хүмүүс рүү яаралтай мэдэгдэх зэргээр цар тахлыг цаг алдахгүй тогтоон барих зорил­готой бодлого юм. Маш ухаалаг арга хэмжээ гэж бодож байна.

-Тус улсын Засгийн газраас хүн бүрд мөнгөн тусламж олгож байгаа. Энэхүү тусламж нь монгол иргэдэд хэр хүртээмжтэй байна вэ?

-Япон улс үнэхээр ард иргэдийнхээ төлөө, хүн бүрийн эрх үүргийг чухалчилж үздэг нь энэ аюулт цар тахлаар илүү тод мэдрэгдсэн. Ард иргэдэд үүсэж болох хохирол, болзошгvй эрсдлийг хэрхэн шийдэх бодлого зэргийг судалгаатай, баримттай, схемтэйгээр нийтэд тайлагнаж байсан. Айл бүрд даавуун амны хаалт тараан өгч байна. Япон улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан иргэний харъяалал хамааралгүй, оршин суух визтэй хүн бүрд 100 мянган иен буюу монгол мөнгөөр 2.6 сая төгрөг олгон шилжүүлэх бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь тун өгөөжтэй. Оршин суух визтэй гадаадын иргэдийг ч хамруулан олгож байгаа нь баярлууштай юм. Энэ нь богино хугацааны аялалын визтэй иргэдэд бол хамаарахгvй.

-Ажил хийх боломж хэр байна вэ, хоол хүнсээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Япон улсад гацсан, эх орон руугаа буцаж чадахгүй богино хугацааны визтэй монгол иргэдийн хувьд хууль бусаар хөдөлмөр эрхлэх боломжгүй. Япон улс нь Өмнөд Солонгос улстай адилхан хөдөлмөр эрхлэх боломжгүй. Европын улс орнууд ази царайтай хүн бүрийг гадуурхах, адлах, дөлөх үзэгдэл гарч байгаа мэдээ сонссон, харсан. Ази оронд ч коронавирусний халдварын улмаас эдийн засгийн хямралд орон, байгууллага ажилчдаа цомхотгож байна. Ялангуяа ажилгүй болсон гадаад иргэд их бий. Орлогогүй орон гэрийнхээ байрны төлбөр, тог, цахилгаан, усны төлбөрийн нэхэмжлэл хуудсанд дарагдан хоол ундаа яая даа гэж байгаа монгол иргэд олон байна. Таньдаг айлаа бараадан амьдарч байгаа хүмүүс маш олон байна. Эх орон руугаа харих өдөр хоногийг тоолон иргэд чинь туйлдаа хүрлээ.

-Япон улс дахь элчин сайдын яам гацсан иргэдэд ямар нэгэн тусламж үзүүлж байгаа талаар?

-Япон дахь Элчин сайдын яам, Япон дахь сайн дурын нэгдсэн холбоо NPO, хувийн компани бизнес эрхлэгчдийн зүгээс, Токио хотоос холгүй байрших Сайтама мужид нэг өдрийн 39 мянган төгрөгөөр байрлуулна гэсэн мэдээ уншсан л даа . Гэвч гацаанд орсон ажлын визгүй, оршин суух визгүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй монгол иргэдийн хувьд нэг өдрийн 39 мянган төгрөг төлөөд амьдарна гэдэг бол маш хүнд. Би япон улсад 6 жил амьдарч байсан хүний хувьд сайн мэднэ. Элчин сайдын яамдаас бодит туслалцаа дэмжлэг хүсэж байна.  Эх орондоо амьдрах, буцаж очих үндсэн эрхийг хязгаарласны улмаас олон мянган иргэд эдийн засгийн хувьд, сэтгэл зүйн хувьд хохирч байгаа. Бодит жишээ дурьдвал, эмчилгээний зорилгоор ирээд харьж чадахгүй байснаар эмчилгээ нь сунгагдаж, төлбөр зардлаа 100 хувь төлөх үүрэг үүссэн ч төлж чадахгүй эмнэлгээс хөөгдөж буй иргэд, нас барсан гэр бүлийн гишүүнийхээ чандарыг авч явж чадахгүй иргэн, жирэмсэн орлогогүй, ганцаараа амьдарч буй бүсгүйчүүд байна. Архаг хууч өвчин нь сэдэрч, даралт нь ихсэж, багасдаг  өндөр настангууд гээд нэн шаардлагатай иргэд олон байна. Тиймээс иргэдийнхээ төлөө дорвитой ажил эхлүүлж, олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх хэрэгтэй гэж бодож байна.

-Та буцах буцах хүсэлтээ хэзээ өгсөн бэ?

-Гуравдугаар сарын сүүлээр Монгол руугаа буцах хүсэлт , дагалдах бичиг баримтуудаа өгсөн. Энд гацсан хүмүүcтэй нэгдэж Япон дахь Элчин сайдын яамаар дамжуулан, Улсын онцгой комисст хүргүүлсэн. Гадаадад гацсан монгол иргэд, Японоос буцах хүcэлтэй байгаа иргэдийн групп байдаг. Тэнд хаана, юу болж өрнөж байгааг болон Монгол дахь Засгийн газрын шийдвэрийн талаар өдөр, цаг, минут тутамд мэдээллээ солилцож байна. Биднээс хүнд нөхцөлд байгаа монголчуудаа харахаар өр өмрөөд хэцүү байдаг. 2020 оны эхээр ийм хүнд байдалд орно гэдгийг хэн ч төсөөлөөгүй шүү дээ. Гадаадад байгаа бүх монгол иргэд аялж зугаалаад хувийн жаргалаа хөөж яваагүй. Зорьсон ажлаа амжилттай бүтээх юмсан, тухайн улсаас суралцах ёстой зүйлээ сурч аваад эх орондоо хурдан очиж, хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодол өвөртөлж явдаг. Ар гэрийнхээ санааг нь зовоочих вий гэсэндээ хэзээ ч зовлонгоо тоочдоггүй юм.

-Хүсэлтээ өгөөд гурван сар болж байгаа юм байна. Эхний ээлжинд өндөр настай, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүдийг явуулж байгаа. Япон улсад гацсан монголчууд бие биедээ хэр ойр байж, тусалж дэмжиж байна даа?

-Хамгийн сүүлийн бүртгэлээр 1700 гаруй хүн буцах хүсэлтээ өгснөөс зургаадугаар сарын 11нд улсын тусгай үүргийн онгоцоор 250 гаруй хүн нутаг буцлаа. Тэгэхээр цаана нь тооцооллоор 1500 аад иргэд үлдсэн. Япон улсаас Монгол руу буцсан иргэдээс коронавирусний халдвар илрээгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Зөвхөн Япон улс гэлтгүй дэлхийн өнцөг буланд гацсан монголчууд эх орондоо халдвар тээж очихгүйн тулд гадуур гарахаа хязгаарлаж, эсэн мэнд гэр бүл дээрээ очих юм сан гэж дор бүрнээ хичээж байгаа хариуцлагатай ухамсартай хүмүүс. Хөл хорио удаан үргэлжилбэл мөнгөгүй болно, айлд байгаа хүмүүс нь ч байж суух газаргүй болох магадлал өндөр байна. Тиймээс эрсдэл дагуулсан алхам хийхгүйн тулд тэвчиж, тэсэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энд байгаа монголчууд цахимаар холбогдож бие биеэ хэр байгааг, хаана байгааг тандана уу гэхээс нэг нэгэндээ туслахаар хэмжээнд тийм хангалуун амьдраад байгаа юм байхгүй.

Бид эрхээ эдлэх эрхтэй. Хууль тогтоомж дээр хаалт хийж байгаа нь бухимдал төрүүлж байна. Бид дөрвөн сар хүний нутагт эх орондоо буцах цагийг чимээгүй хүлээсээр өдийг хүрлээ. Гомдоллож суухад цаг хайран учраас үгээрээ ч, үйлдлээрээ тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх бидэнд бий учраас энэ сарын 18 нд улс улсад суугаа элчин сайдын яаманд монголчууд чимээгүй цуглаан хийж, шаардлага хүргүүлсэн байгаа. Улс, улсад суурин байгаа элчин сайдын яам, Улсын онцгой комиссын шийдвэр шударга, хурдан шуурхай арга хэмжээ авна гэдэгт итгэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 10 сарын 23

Mongold xol xoriogoo shat daraalalttaigaar sullaj tavix tsag ni bolson.

3  |  0
Top