Шинэ парламент ТАВАН ЧИГЛЭЛД АЖЛЫН ХЭСЭГ гаргахаа мэдэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент өнөөдөр /2020.06.30/ анхны хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томиллоо. Ингэхдээ гишүүдийн 100 хувийн саналаар томилсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Найм дахь парламентын үйл ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ард түмний итгэл, хүчийг Монгол Улсын сайн сайхны төлөө гэдгийг ухамсарлаж, хүчээ нэгтгэж зүтгэх ёстой. Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ ухрах, иргэдийн итгэлийг хугалах эрх байхгүй. Монгол Улсын сэргээн мандуулах эрхэм үүрэг гишүүд та бидэнд оногдож байна. Шинээр байгуулагдсан УИХ нэн яаралтай ажилдаа орж байна" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Нэгдүгээрт, хуулийн реформ хийх ажлаа үргэлжлүүлнэ. Эхний ээлжид 31 хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, эдийн засгаа эрсдлээс хамгаалах өсөлтийн суурийг бүрдүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орно. Гуравдугаарт, эдийн засгийг солонгоруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг дэмжих шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгоно. Тавдугаарт, нийгэмд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг тууштай үргэлжүүлнэ. Энэ таван чиглэлд Ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно" гэж ярилаа.  

-УИХ-ААС ДАРААХ ТАВАН ЧИГЛЭЛД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА-

1. Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.    

2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.

3. Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.

4. Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин-2(64.119.27.144) 2020 оны 06 сарын 30

Ээдээ бүх шатанд сахилга хариуцлагыг сайжруулах , ёс зүйг сахиулах нь чухал шүү. Энэ ажил хийгдэж байгаа боловч ор нэрийн төдий бна. Арга хэмжээ авлаа л гэдэг, дутагдал нь бахь байдгаараа шүү. Энд зориуд дунд шатныхан буюу ”хурган дарга нар”-т хамаатай.

1  |  0
Top