Монгол эмийн ургамлын фитохимийн судалгааны хөгжил, үр дүн, тэдгээрийг ашиглан инновацийн бүтээгдэхүүн гаргаж байгаа талаар ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн, Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Солонготой ярилцлаа.
-Юуны өмнө эмийн ургамлын химийн судалгааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан танд баяр хүргэе. Манай орны хувьд эмийн ургамлын судалгаа ямар түвшинд явж байгаа вэ. Эндээс яриагаа эхлүүлье?
-Баярлалаа. Судалгаанаас үзвэл дэлхий дээр дээд ургамлын 350-400 мянга орчим зүйл ургадаг гэсэн мэдээлэл байдаг. Гэвч одоогоор нийт ургамлын зөвхөн 15 хувь нь л судлагдаад байна. Энэ чиглэлийн судалгаа манай оронд хөгжөөд бараг хагас зуун жилийн нүүрийг үзэх гэж байна. Манай эрдэмтдийн хувьд өнгөрсөн хугацаанд 130 гаруй эмийн ургамлын фитохимийн судалгаа хийж, 2000 гаруй бодисыг цэврээр ялган тэдгээрийн бүтэц байгууламжийг орчин үеийн физик, химийн аргуудаар судлан таньж тодорхойлсон. Онцлон хэлбэл эдгээрийн 200 гаруй нь урьд өмнө байгалиас ялгагдаж байгаагүй шинэ бодис байсан. Тэдгээрийн молекулын бүтэц байгууламжийг анхлан тогтоож, мөн зарим биологийн идэвхийг судалснаар дэлхийн байгалийн нэгдлийн химийн судалгаанд дорвитой хувь нэмэр оруулж чадсан гэж үздэг. Мөн түүнчлэн урьд өмнө судлагдсан ургамлын судалгааг дахин явуулж түүний шинэ бодис, биологийн идэвхийг илрүүлж байна. Хэдийгээр урьд өмнө судлагдсан ургамал байлаа ч ургах орчин, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургамалд хоёрдогч метоболитуудын нийлэгжих явц, тэдгээрийн бүрэлдэхүүн найрлага янз бүр байдаг тул байгалийн нэгдлийн химичдийн хувьд ургамлын судалгаа нь ямагт шинэлэг байдаг. Байгалийн нэгдлийн химийн судалгаанд орчин үеийн өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмж, арга технологи ашиглагдах болсноор судалгааны үр дүн сайжирсан.
-Маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг болсон байна. Энэ бол уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ургамлын судалгаанд хөгжил дэвшил гарч байгааг илэрхийлж байна. Цаашдаа эмийн ургамал судлаачдын судалгааны хэтийн зорилго хэрхэн тодорхойлогдож байна вэ?
-Дорнын анагаах ухаанд эмийн ургамлыг эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэж ирснийг бид бүгдээрээ мэднэ. Сүүлийн үед байгалийн гаралтай эмийн түүхий эд дэлхий даяар олны анхаарлыг улам ихээр татах болсон. Энэ нь уламжлалт анагаах ухаан дээр суурилж орчин үеийн багаж хэрэгсэл, техник технологийг ашиглан биологийн идэвхт бүтээгдэхүүний нарийвчилсан судалгааг явуулж байгаатай салшгүй холбоотой. Цаашлаад зөвхөн фитохими төдийгүй эм зүй, биотехнологи, биологи, фармакологи, клиникийн судалгаа гэх мэт салбар дундын хамтын ажиллагааны дүнд гарган авсан шинэ бүтээгдэхүүн маань сая нэг анагаах ухааны практикт нэвтрэх боломжтой болдог.
Монгол орны субэндемик ургамал болох Монгол мөнх харганыг мөнх ногооноороо хоцорч үлдсэн хамгийн эртний ургамал гэж үздэг. Түүний фитохимийн судалгааг манай Байгалийн нэгдлийн химийн лабораторид анхлан хийсэн. Өөрөөр хэлбэл дэлхийд анх удаа судалсан гэж хэлж болно. Уг ургамал нь манай эрдэмтдийн 1994 онд Төрийн соёрхол хүртсэн бүтээл болох малын амьдын жин нэмэгдүүлэгч “Тарга” бэлдмэлийн үндсэн түүхий эд гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Харин одоо Хятад судлаачид уг ургамлын фитохимийн судалгааг хийхийн хамт түүний хэт хүйтэн, хуурай эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тэсвэрлэж үлдсэн чадварыг нь генийн түвшинд судалж эхэлсэн. Энэ нь тухайн ургамлын судалгаа улам нарийсч байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр бидний судалгааны эцсийн зорилго бол мэдээж хэрэг өөрсдийн судалгааны үр дүнд тодорхой үйлчлэл бүхий эмийг бий болгон анагаах ухааны практикт нэвтрүүлэх явдал. Дэлхий дахинаа эм судлал маш өргөн цар хүрээтэй, хурдтай хөгжиж байна. Бидний бүрэн дүүрэн амьдрал, амжилт нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул эмийн тусламжтайгаар эрүүл мэндийг сайжруулах үйлчилгээ онцгой чухал байдаг. Орчин үеийн эмийн өргөн хэрэглээ нь дэлхийн хүн амын дундаж наслалтыг хэдийнээ нэмэгдүүлсэн бөгөөд цаашид ч нэмэгдэнэ гэж үзэж болно. Тэгэхээр орчин үеийн эм үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, эмийн эмчилгээний аргуудыг тасралтгүй сайжруулах шаардлагатай байгаа юм.
-Орчин үеийн эм судлал, эм үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ технологиудын талаар мэдээлэл өгнө үү?
-Эм бүтээх, илрүүлэх олон шинэ технологи эмийн салбарт нэвтэрснээр эмийн цоо шинэ ангиуд үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Ялангуяа органик синтезийн аргуудыг боловсруулснаар эм–жижиг молекулын эрин үе эхэлсэн байдаг. Энэ нь зөвхөн ургамлын түүхий эдийг ашиглах биш, шаардлагатай нэгдлийг синтезийн аргаар гарган авах боломж юм. Мөн биотехнологийн аргууд нэлээд ашиглагдах болсноор биологийн бүтээгдэхүүнүүд өргөн далайцтайгаар эмчилгээний салбарт нэвтэрч эхэлсэн. Эс, генийн инженерчлэлийн технологийн чиглэлээр хийсэн судалгаанууд нь өнөөгийн эмийн хамгийн тэргүүлэх чиглэл болох дэвшилтэт эмчилгээг (advanced therapy) бас бий болгож байна. Бас нэг тэмдэглэх ёстой зүйл бол судлаачид эмийн үйлдвэрлэлд нанотехнологийг ашиглах талаар олон ажил хийгдэх болсон явдал.
-Танай хүрээлэнгээс гаргаж буй инновацийн бүтээгдэхүүнүүд олон нийтэд танил болоод эхэлсэн байгаа. Зарим нэгэн бүтээгдэхүүнүүдийнхээ талаар танилцуулаач?
-Тиймээ, сүүлийн жилүүдэд манай эрдэмтдийн олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгүүд инновацийн бүтээгдэхүүн болон гарч байгаа нь бидэнд сайхан боломж бий болгосон. Манай хүрээлэнгээс, ялангуяа манай лабораториос хэд хэдэн инновацийн бүтээгдэхүүн гарсан байдаг. Тухайлбал “Ахилло”, “Дентамон”, “Салимон”, “Ортудент”, “Гепамон” гэх мэт бэлдмэлүүд анагаах ухааны практикт, “Тарга”, “Амин тун” мал аж ахуйн практикт нэвтэрсэн байх жишээтэй. Одоо ч мөн хэд хэдэн ажлыг инноваци болгохоор ажиллаж байна. Жишээ нь хомхойн эсрэг идэвхтэй “Талимон” тосон түрхлэгийг гаргаж аваад байна. Цөс өвс гэж олон түмэнд танигдсан Энгийн буржгар ургамлын гол үйлчлэгч бодис болох талимонин алкалоид нь байгалиас анх удаа олдсон. Энэ нь “Байгалийн шинэ нэгдэл” бөгөөд түүний бүтэц байгууламжийг тогтоож талимонин гэж нэрлэсэн. Талимонин алкалоидыг томуугийн А хүрээний H7N7 вирусийн эсрэг өргөн хэрэглэж байгаа рибавиринтэй харьцуулж туршихад рибавиринээс 6 дахин илүү, H7N1 вирусийн эсрэг 1.5 дахин идэвхтэй байна гэдгийг туршилтаар тогтоосон. Мөн талимонин алкалоид нь хомхой буюу херпес вирусийн эсрэг хэрхэн идэвхтэй байдгийг Болгарын эрдэмтэдтэй хамтарч судалсан бөгөөд түүнийг Нобелийн шагналт ацикловир эмтэй харьцуулж туршихад 100 дахин бага дозоор дүйцэхүйц үр дүнтэй байна гэдгийг клиникийн урьдчилсан судалгаагаар илрүүлээд байна. Ацикловир эмэнд дарагдахгүй болсон 2 төрлийн мутант вирусд талимониныг туршихад өндөр үр дүнтэй байсан. Энгийн буржгарын гол зонхилох алкалоид болох талимонин нь херпес симплекс вирүсийн эсрэг өндөр идэвхтэй болохыг оюуны өмчийн патентаар баталгаажуулахын хамт судалгааны үр дүнг олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн.
-Энгийн буржгар гэдэг энэ ургамал чинь их анхаарал татахуйц, судалгааны объект болж таарах нь. Ургамлын нөөц, тархалт нь хэр байдаг юм бол?
-Манай орны Хангайн бүсийн нутгуудад элбэг тархсан, нөөцийн хувьд хангалттай гэж хэлж болно. Гэхдээ мэдээж нарийвчилсан судалгааны үр дүнгүүд гарсны дараа үйлдвэрлэлд ашиглах тохиолдолд нөөцийг гамнах үүднээс тарималжуулах үйл явц явагдана. Ямар ч эмийн ургамлын нөөцийг хадгалах, хамгаалахын тулд тухайн ургамлыг тарималжуулж гарган авах нь нэн тустай байдаг. Талимонин алкалоид нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй, хавдраас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих идэвхтэй гэдгийг манай судлаачид Солонгос ба Болгарын эрдэмтэдтэй хамтран туршилтаар тогтоосон. Цаашид ашиглах өөр шинэ боломжууд гарах найдвар төрүүлж байгаа. Ер нь ургамлын сан хөмрөгт ямар гайхамшигтай нууцууд оршдог вэ гэдгийг бид таашгүй. Энгийн буржгар ургамлаас манай эрдэмтэд 25 цэвэр алкалоидыг ялгаж бүтэц байгууламжийг нь тогтоогоод байна. Эдгээрээс 14 нь байгальд урьд өмнө нь ялгагдаж байгаагүй шинэ нэгдлүүд байсан. Эдгээр үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж баталгуулсан байдаг. Энэ ургамлыг хүн ардын дунд гэдэс гүйлгэх, цөс өвдөхөд хэрэглэдэг гэгддэгч тийм ч түгээмэл хэрэглэгддэг ургамал биш. Гэвч ийм олон биологийн идэвхтэй гарсан нь орчин үеийн нарийвчилсан судалгаа гэдэг ямар чухал болохыг харуулж байгаа юм. Бид цаашид Энгийн буржгар-ын хоруу чанарыг тодорхойлох, холбогдох технологийн заавар, фармакопейн өгүүллийг боловсруулах, дараагийн шатны клиникийн туршилтыг хийлгэх зэрэг олон ажлуудыг зохих салбарын судлаачидтай хамтран гүйцэтгэж байна.
-Ургамлыг хүмүүс бие биенээсээ ам дамжин сайн гэж сонсоод хэрэглэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ. Заавал судалгаа хийхийн ач холбогдол нь юунд оршдог бол?
-Эмийн ургамал нь хэтрүүлэн хэрэглэх юм уу эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь аюултай бөгөөд өвчнийг эмчлэх бус шинэ өвчнийг нэмэгдүүлэх боломжтой. Ийм учраас л дэлхий даяар эмийн ургамлын судалгааг олон талаас нь маш нарийн судалж байж анагаах ухааны практикт хэрэглэх зөвшөөрөл гаргадаг. Уламжлалт анагаах ухаанд олон зуун жилээр хэрэглэгдэж ирсэн ургамлуудыг ч ялгаагүй судалж эмт чанарыг нь шинжлэх ухааны аргаар баталгаажуулах шаардлага гардаг.
Эрдэмтэд идэвхтэй бодисын бүтэц байгууламжийг тогтоосны дараа биологийн идэвхийг in vitro нөхцөлд туршаад тодорхой өвчнийг эмчлэх үр дүнтэй эмийн түүхий эд болох магадлалтайг илрүүлнэ. Энэ нь организм дахь янз бүрийн биохимийн урвалын үйл явцад хамгийн сайн нөлөөлж, тэдгээрийг зөв чиглэлд өөрчлөх бүтээгдэхүүн болох ёстой.
Орчин үеийн XXI зууны эм нь нухацтай сонгон шалгаруулалтанд орж нотолгоонд суурилсан эмийн бүх зарчимд нийцдэг байх ёстой. Эцэст нь тэмдэглэхэд ямар ч сайн үр дүнтэй эм байлаа ч өвдөж эм хэрэглэснээс өвдөхгүй байхын тулд зөв, эрүүл амьдралыг сонгох нь үр дүнтэй шүү гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )