Чартер нислэгээр ирж буй иргэдийн мэдээллийг ОЛОН НИЙТЭД ил болгохыг шаардав

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

“Хилийн чанад дахь монголчууд”-ын холбооны удирдах зөвлөлийн гишүүд цар тахлын улмаас гадаадад гацсан монголчуудын талаар мэдээлэл хийж, иргэдээ яаралтай татан авахыг шаардлаа.

Тус холбооны гишүүн Б.Мөнхдөл "Эх орондоо буцах өргөдлөө өгөөд олон сар болж байгаа иргэдийн ахуй амьдрал хүндэрч, хүнс тэжээлийн хомсдолд орж, эрүүл мэнд муудаж эхэлсэн. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй гэр бүл, оюутнууд гээд яаралтай буцах шаардлагатай байгаа иргэдийн тоо 10 мянга гаруй болоод байна. Олон улсын нислэг хаагдсанаас шалтгаалж ажилгүй, орлогогүй, цаашлаад орон гэргүй болсон хүмүүс гудамжинд гарч амь насаа ч алдах аюул тулгараад байна" гэв. Мөн тэрбээр "Гадаадад байгаа иргэдээс хэд нь коронавирус тусаж, хэд нь амиа алдаж байгааг мэдэх боломжгүй байна. Польшид нэг оюутан амиа хорлосон бол Япон улсад мөн тийм шалтгаанаар нас барсан байж болзошгүй хэрэг гарсан. Гадаадад элчингийн үүдэнд жирэмсэн эмэгтэйчүүд хэд хонож байгаа талаар ч цахим сүлжээгээр тарсан байна" гэлээ.

Гадаадад гэр бүл нь байгаа нэгэн иргэн “Миний эхнэр хүүхэд Их Британи улсад байгаа. Улсын онцгой комисс болон элчинд 10 гаруй удаа өргөдөл өгөөд таван сар болж байна. Дөрөвхөн настай хүүхэд минь ээжтэйгээ дэн буудлаар сар гаруй амьдарч байгаа. Хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Хэрэв өвөл болох юм бол ажилгүй, орон гэргүй болсон иргэдийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Иргэдээ татан авах ажиллагаагаа түргэвчлээч. Дандаа хээл хахууль өгсөн дарга ноёдын хүүхэд, гэр бүл чартераар ирж байгаа нь нууц биш. Өвчин тахлаар бизнес хийж болохгүй. Дэлхийн олимп хүртэл хойшлоод байхад наадмаа ганц удаа хойшлуулаад гурван тэрбум төгрөгөөр нь хүмүүсээ авчирч, амь насыг аварч болдоггүй юм уу” гэж халаглав.

“Хилийн чанад дахь монголчууд”-ын зөвлөлөөс дараах таван шаардлагыг Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа бөгөөд нэн даруй хэрэгжүүлэхийг хүслээ.

Нэгдүгээрт, хилийн чанадад яаралтай тусламж хэрэгтэй байгаа ард иргэддээ санхүүгийн бодит тусламж үзүүлэх, халамж тэтгэврийн асуудлыг тусгахыг шаарджээ.

Хоёрдугаарт, гадаадад Монгол Улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын үүрэг хариуцлагыг өндөрсгөж, үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох, тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн мэдээллийг олон нийтэд ил зарлахыг оруулсан байна.

Гуравдугаарт, гэр бүлээрээ тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдийн байрны зардлыг гэр бүлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан үзэж эрүүл мэндийн даатгалаас бүрэн эсвэл тодорхой хувиар хөнгөлөх асуудлыг тусгажээ.

Дөрөвдүгээрт, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам болон хилийн чанад дахь иргэдийн холбоодтой нягт уялдаатай ажиллаж, тодорхой мэдээллээр хангах, хамгаалах, хамтарсан ажлын хэсэг байгуулах,

Тавдугаарт, МИАТ ХК-аас нислэгийн графикийг тодорхой болгож, 14 хоногийн өмнө иргэдэд мэдээлэх, мөн гадаадын нислэгийн компаниудын онгоцыг ашиглах боломжийг судлах зэрэг хүсэлтийг тавьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.23.219) 2020 оны 07 сарын 10

гадагшаа гарсан 10000 хүний төлөө 3 сая хүний эрх ашиг хохирох болж байна уу та нар явахдаа монгол шиг хэрэггүй орон байхгүй гээд яюадаг биз дээ

0  |  1
Top