Японы одон орон судлаачид сансрын “Кагуйя” аппаратын авсан сарны гадаргуун гэрэл зураг дээр 800 сая жилийн өмнө манай гараг, дагуулын хамтаар солирын цуврал цохилтод өртсөн болохыг илтгэх шинж тэмдгүүдийг илрүүлжээ. Энэ “бөмбөгдөлт”-ийн нийт жин нь үлэг гүрвэлүүдийг устгасан солироос 30-60 дахин их байжээ гэж Осакагийн их сургууль мэдээлжээ. Японы эрдэмтэд сарны харьцангуй шинэ 10-20 км голчтой 59 тогоог судалсан байна. Эдгээрээс найм нь нэгэн зэрэг бий болсон нь 800 сая жилийн өмнөх үйл явдал гэнэ. Гараг судлаачид Дэлхий болон нарны аймгийн бусад гараг солирын бөмбөгдөлтөд байнга өртдөг байжээ. Ойролцоогоор 4.1 тэрбум жилий өмнө эхэлж 400 сая үргэлжилсэн эрин үед өнөөдөр шинжлэх ухаанд мэдэгдээд буй Дэлхий, Ангараг, Буд болон саран дээрх томоохон тогоонууд бий болжээ. Дараа дараагийн үед солирын дайралт бараг тэгт хүрсэн бөгөөд сүүлийн гурван тэрбум жил Дэлхий цөөн тооны солиртой мөргөлдсөн байдаг байна. Эдгээрийн ул мөрийг геологич, палеонтологичид өнөөг хүртэл судалж байгаа ба Дэлхийн гадаргуу тектоник хөдөлгөөн, хөрсний эвдрэлээс үүдэн байнга өөрчлөгдөж байдаг тул туйлын хүндрэлтэй аж.
Осакагийн их сургуулийн профессор Кентаро Терада тэргүүтэй эрдэмтдийн баг Дэлхий солиртой мөргөлдсөн түүхийг судлахын тулд сарны гадаргууг нарийвчлан судалжээ. Сарны гадаргуу дээр балар эрт үеийн тогооны ул мөрийг баллах усны урсгал, салхи байдаггүй бөгөөд Дэлхийн дагуул бүрэлдсэн эхний нэг тэрбум жилд сарны хэвлий бүрэн царцсан байна. Дэлхийгээс харьцангуй ойр зайд байрладаг тул сар Дэлхийн адил солиртой мөргөлдөж байсан гэж үзэн эрдэмтэд сарны дундаж хэмжээтэй буюу 10-20 км голчтой тогоонуудыг судалж эхэлжээ. Ийм тогоонууд 10-13 км голчтой солир унахад бий болдог байна. Одон орны хэмжээсээр харьцангуй сүүлд бий болсон 59 тогоог илрүүлж чаджээ. Эдгээрээс Лоуэлл, Коперник и Саха зэрэг найман тогоо нэгэн зэрэг буюу ойролцоогоор 800-700 сая жилийн өмнө үүсжээ. Өөрөөр хэлбэл Дэлхий дээр хоёр дахь мөстлөгийн үе эхлэх цаг үе бөгөөд үүний төгсгөлөөр манай гараг дээр олон эст амьдрал үүссэн байна. Дэлхий, сар хоёрын хэмжээний ялгааг тооцож үзвэл нийт 44 их наяд тонн биетийн асар олон тооны хэлтэрхий манай гараг дээр унасан гэсэн үг юм. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, солирын хэлтэрхийнүүд мөсийг хайлуулж, мөстлөгийн хоёр дахь үе төгсөх шалтгааны нэг болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
8 САЯ БИШ ЭЭ 8 654 789 ЖИЛ 10 САР 5 ӨДРИЙН ӨМНӨ