Өвгөн АНЧНЫ ХУУЧ ЯРИА

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

ОРШИЛ ҮГ

Миний бие 2013 оны аравдугаар сард өвчний учир нэгдүгээр эмнэлэгт нэг бузгай өвгөнтэй хэд хонов. Өвгөн хэдийгээр цус харваж тал нүүр нь татсан ч ухаан санаа саруул үзсэн харснаа ярих нь бузгай хүн байлаа. Нэр нь Түндэвийн Адъяа гэнэ. Би, анхандаа гаднаас нь хараад төв газар удаан жил амьдарч, төр засгийн алба хашиж явсан хуучин цагийн улаан коммунист л байна даа гэж бодож байлаа. Эхнэр нь гэж өөрөөс нь олон дүү байрын залуухан хүүхэн өдөр болгон унд хоол зөөж, өвгөний үгээр хөдөлнө. Халамжтай гэж жигтэйхэн. Нэр нь Алтанхүү гэх аж. Хэвтсэн даруйд нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар их эмч Г.Нямхүү, төрийн шагналт хүний гавьяат эмч Д.Нямсүрэн нарын нөхөд нь эргэн ирж биеийн байдлыг асуун,  ихээхэн элэгсэг дотно хандаж “бага амьтан” биш гэдгийг нь тодотгоод өгөв. Гавьяат эмч Д.Нямсүрэн бүр “Би өөрөө гардаж эмчилнэ” гэх сонсогдлоо. Ийм л маягаар  Адъяа гуай бид хоёрын палатны амьдрал эхлэв. Өвгөн уг нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул аж. Бид хоёр нэг аймгийн хүмүүс гэдгээ мэдсэнээс хойш хэн хэнээ ойлгож яриа хөөрөө өрнөөд явчихлаа. Т.Адъяа гуай маань хуучин тогтолцооны үед Гадаад худалдааны яаманд ан агнуур хариуцсан мэргэжилтнээр олон жил ажилласан ангийн мэргэжилтэн, нэртэй анчин хүн байв. Гадаадын жуулчдыг ан хийлцэх, гэрээ байгуулах, үнэ ханшийг тогтоох, ангийн отог байгуулах, агналтад хяналт тавих, дэлхийн анчидтай холбоо тогтоох, монгол ан агнуураа сурталчлах гээд олон ажлыг гардан гүйцэтгэж байжээ. Тэгэхдээ  албаны шаардлагаар бүх ажил хэргээ англи хэлээр хөтлөн явуулдаг цөөхөн орчуулагч мэргэжилтний нэг байсан аж. Түүний явсан газар, үзсэн зүйл гэж тоймгүй. Ярьсан хөөрсөн болгон нь амьд домог. Товчоор хэлэхэд монголын бахархал. Ийнхүү нэрт анчин, агнуур зүйч Түндэвийн Адъяа гуайгаас сонссоноо илүү  чимэг хачиргүй дор сийрүүлэв.

 

Монголд ан ав сайтай нутаг олон

Монгол маань ховор ан амьтдаар баялаг орон. Харин зүй бусаар алан хядаж байгаагаас болон цаг агаар, өвс ургамлын гарц зэргээс болоод ховордож байна. Би анчин хүний хувьд дээд газраас өгсөн даалгавар шийдвэрийг биелүүлэх гэж Монгол орноороо их тэнэсэн. Хуучин тогтолцооны үед чинь валютын орлогын нэлээд хувийг ан агнуураар олдог байсан юм. Жилд дээрээс тодорхой төлөвлөгөө даалгавар өгнө. Түүнийг биелүүлэхийн тулд хаана ямар ан амьтан, хэдий тооны байна гэдгийг сайтар судлах хэрэг гардаг байлаа. Ирвэс, янгир, аргаль, буга, баавгай зэрэг анг шүү дээ. Тэр дагуугаа гадаадын анчин, жуулчидтай гэрээ хийнэ. Тэд чинь хатуу болзол тавина. Хамгийн гол нь агнах ан нь чухал. Монгол орон ан амьтнаар баялаг байсан болохоор санаа зовдоггүй байсан. Гэхдээ ангийнхаа төрөл зүйл, өсөлт тоо толгойг бодно шүү дээ. Гадаадын баян анчид чинь дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, буга л агнах гэж хүснэ л дээ. Өмнөговийн Хүрмэн, Баяндалай, Сэврэй, Номгон, Ховдын Буянт, Мөст, Алтай, Дундговийн Өлзийт, Увсын Сагил, Дорноговийн Хатанбулаг, Сулинхээр зэрэг сумдын нутагт дээрх ан амьтад элбэг байлаа. Харин буга, баавгай зэрлэг гахай зэрэг том ангийн хувьд Хэнтийн Норовлин, Биндэр, Дадал, Цэнхэрмандал, Төв аймгийн Мөнгөнморьт, Булганы Бүрэнхангай, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр зэрэг сумдын нутагт элбэг байсан. Цаана нь Архангай, Хөвсгөл, Өвөрхангай гээд антай нутаг олон л доо.

 

ДЭЛХИЙН ТОМ АНЧИДТАЙ ТАНИЛЦАЖ ЯВЛАА

Би ажил төрлийнхээ онцлог болон хувь чанараараа дэлхийн том анчидтай танилцаж, заримтай нь их ойр дотно харьцаатай байлаа. Хамгийн том нь гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан өвгөн Буш,  Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, Ираны шах нар шив дээ. Дэлхийн анчдын холбооны дээд шагнал “Дэлхийн ангийн ертөнцийн амьд домогтон” цолыг өвгөн Буш бид хоёр хүртэж байлаа. Энэ шагналыг авсан хүн дэлхийд цөөхөн шүү. Мөн өвгөн Буш бид хоёр Дэлхийн ангийн холбооны хүндэт гишүүн болж их ойр дотно байсан. Би дэлхийн сайн анчин нөхдийн тус дэмээр АНУ, Канад, Бразил, Шинэ Зеланд, Швейцар, Тажикстан гээд олон оронд ан хийж явлаа. Дэлхийн том анчид баян гэж жигтэйхэн, хувийн онгоцоороо анд явна шүү дээ. Хэд хэдэн нөхөр маань намайг онгоцоороо ан хийлгэж байсан. Шинэ Зеландад би онгоцоор явж ямаан гөрөөс гэгчийг агнаж байлаа. Янгираас өөр төрлийн гөрөөс байдаг юм. Мөн Памирын нуруунд Марко Поло хэмээх цагаан тэх агнаж байсан. Тэгэхэд би Америк, Австралийн хоёр  нөхөртэйгээ гурвуул явсан юм. Памирын нуруунд газар хөдөлж нуралт үүсэн зам боогдоод нэг малчнынд гурав хонож билээ. Ямааны сүү, бин хоёроор харамгүй дайлж байсан сан. Гадаадын анчид чинь бие сайтай, зориг тэвчээртэй, буу эзэмшихдээ онцгой хүмүүс байдаг юм. Нэг л онилсон бол ангаа унагана шүү дээ. Надад сайн анчидтай нөхөрлөж явсны дурсгал болсон бэлгийн 10 буу бий. Дэлхийн л ангийн шилдэг гэгддэг буунууд. Улс төрийн товчооны гишүүн сайд Майдар гуайд дурсгалын 16 буу байсан. Одоо үр хүүхдэд нь өвлөгдөн хадгалагдаж байдаг байх. Анчин хүнд буу гэдэг гайхамшигтай сайхан дурсгал болдог юм.

 

Сайд нар ан их хийдэг байсан

Хуучин тогтолцооны үед дур сонирхлоосоо гадна эрх мэдлээ ашиглан сайд нар анд их явдаг байсан. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу би сайд нартай олон удаа анд явж байлаа. Тухайлбал Д.Майдар, Гомбожав, Телейхан, Ц.Дүгэрсүрэн, Лувсан, Д.Моломжамц, Авхиа нартай хэд хэдэн удаа анд авсан. Д.Майдар, генерал Б.Дорж, Авхиа нар сайн бууддаг байсныг санаж байна. Нэлээд сүүлд Авхиа генерал бид хоёр Бат хаан ууланд ан хийж ганц нэг гахай унагаж, ганзага мялааж байлаа. Сайд нар заримдаа онцгой хүнд даалгавар өгнө. Надад итгэж байсны илэрхийлэл байсан байх даа. Тэр үед гадаадын төрийн тэргүүнүүд ирэхэд ховор ангийн үс бэлэглэх сонирхол их байсан юм. Югославын Ерөнхийлөгч Борис Титог айлчлахад өмнө нь чимээгүй байснаа гэнэт гурав хамгийн дотор ирвэс агнаж ирэх даалгавар өгч билээ. Тэр үед би залуухан ч байж дээ. Өмнөговь руу яаравчлан давхиж Гурван сайханаас нэг сайхан ирвэс агнаж ирж уул даалгаврыг биелүүлж байж билээ. Ирвэсийг чинь агнах нь байтугай олж харахад ч бэрх ан. Муу буудвал амиа ч алдаж мэдэх хэрэг шүү. Баавгай бол түүнээс хэцүү ан.

 

ХУУЧИН ТОГТОЛЦООНЫ ҮЕД САЙН АНЧИН ХОВОР БАЙСАН

Монголд ан агнаж амьдралаа залгуулж байсан уламжлал үгүй болж, социализмын үед нэртэй анчин цөөрсөн. Анчин цөөрөхөөр чинь ан амьтанг харж хандаж, хайрлаж хамгаалдаг хүн цөөрдөг юм. Анчин хүн чинь анг агнахын зэрэгцээ байнга хайрлаж хамгаалж байршилт, сэлгэлтийг нь ажиж, ямар гамшиг нүүрлээд байгааг нь мэдэж байдаг юм. Социализмын үед тош сахисан тарвага зурамны анчин л олон болсон. Буу зэвсэг нь калибрь  карбин зэргээс хэтэрдэггүй байлаа. Арай том буутай нь нь чоно агнаж байсан байх. Харин Хэнтий хавьд гайгүй анчид байсан шүү. Би Мөнгөнморьтод Оляшка гэдэг тун бузгай анчинтай танилцаж байлаа. Сүүлийн үед нэрд гараад байгаа Хурцгэрэл нарын хүмүүс бол дэргэд нь туршлага дутна. Харин Хурцгэрэл ан амьтдыг хамгаалах талаар сүрхий сайн ажиллаж байгаа. Төв аймгийн Жаргалантын Ногоон нуруугаар анд явахад Сахалт Майор гэдэг анчны тухай их ярьдаг байсан. Тэр нь торгуулийн 505 дугаар ангиас оргосон хошууч цолтой хүн байсан юм билээ. Онцгой мэргэн бууддаг, сайн анчин байсан юм билээ. Ан агнана гэдэг буу бариад харсан болгоноо агнаад явахын нэр биш. Тун үгүйдээ ямар нэг анг хараад л нас хүйс, ороо, байр байдлыг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй байдаг. Энэ чинь хоромхон зуур болдог хэрэг. Тийм учраас анчин хүнд хором бүхэн үнэтэй. Харж чадвал ангаа алдана. Бас амиа ч алдаж мэднэ.

 

Зураг дурсамж л бүхнийг шингээн үлддэг

Миний ангийн ертөнцийн босгыг алхаж орсноос хойших 50 орчим жилийн үүх түүхийг гэрчлэх зураг хөрөг, альбом их бий. Болбол тэдгээрийгээ ашиглаад нэг ном боочих санаатай. Би чадахгүй байсан ч ач хүү минь амжуулах байх. Би харвалт өгснөөсөө хойш ач хүүгээрээ тэргээ бариулан анд бишгүй явсан. Үүний хүчинд ач хүү минь Монголынхоо үзэсгэлэнт уул ус, байгальтай танилцаж, анчны амьдралын  нарийн ширийнийг ч мэдэж авч байгаа. Мөн хөдөлмөрийн баатар хүний их эмч Г.Нямхүүгийн хүү их эмч залуу бий. Тэр залуу анд хорхойтой, буу гайгүй эзэмшдэг юм. Түүнийг би дагуулж явж, цөөнгүй ан хийсэн. Гэхдээ зохих зөвшөөрөл авч ганц нэг гахай унагахаас биш бусад ховор анг агнах ямар ч боломж байхгүй. Төрийн хууль хяналтаас гадна байгаль дэлхий зүй тогтоолоороо хэн хүн дураараа ан хийхийг хязгаарлаж байна. Нэн ховордож байгаа аргаль, янгир, ирвэс, баавгай зэрэг рүү буу шагайх арга ч алга. Нэртэй анчид үүнийг сайн ойлгож байгаа. Анчин хүн л ан амьтдыг дээд зэргээр хайрладаг юм гэж би өмнө хэлсэн. Ан ав бол ерөнхийдөө дуусгавар болж байгаа үйл хэрэг гэж болно. Хулгайн анчдын хувьд бол өөр хэрэг байх. Өвгөн миний энэ мэтийн дурсамж яриа нь дуурайлал болох зүйл биш түүх л болж үлдэх баримт юм даа.

Н.Даваадаш

/Соёлын гавьяат зүтгэлтэн/

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jeb(98.204.176.20) 2020 оны 07 сарын 24

Angiin tuhai yariuldaggui.olyashka gej sain anchin bsan

0  |  0
J(69.253.43.151) 2020 оны 07 сарын 23

Ingeel shaagaad ekheldegiin buurnii emch tarkhind tsus kharvsan khuniig gardaj emchilne gej khelsen ch gekh shig tsaash unshikhaa boliloo

0  |  1
Сэтгэгдэл үлдээгч(202.179.27.59) 2021 оны 06 сарын 06

Сайхан ан амьтанг алдаг муу өвгөн байна. Ер нь амьтан алах нь юу нь бахархууштай байгаан бэ. Албан ажил нь байсан байж болно. Тэгэхэд зөнөчихөөд залуу хүмүүст буу бариулаад ан хийхийг заагаад сууж байхаасаа ичдэггүй юм уу. Амьтаны амь хороосны үйлийн үр ирнэ дээ. Бахархах биш бүр жигшмээр зүйл уншчихлаа.

0  |  3
Зочин(66.181.161.1) 2020 оны 07 сарын 23

Сайн анчин гэж ангаа хараад биш ангийнхаа үлдээсэн мөрийг уншиж чаддаг хүнийг хэлдэг байх аа. Мөр гэдэг чинь ганцхан мөр биш. Баас, шээс, үс, хэвтэр, гүйдлийг бүхэлд нь хэлнэ. Нэрийг нь хэлээд яахав. Манайд нэг анчин, өвгөн биш ахимагдуу эр юмсан, ширэнгэний аль нэг зах, зураа, жалга хунхаар нэг удаа хөндлөн гарч үзээд энд тэдэн гахай, гөрөөс, буга явжээ гэж хэлдэг байсан. Хамгийн гол нь тэвчээртэй дагасан хүмүүс нөгөө нэрлэсэн антай бараг нэг бүрчлэн таардаг байсан. Тэр бол улсын хэмжээний анч хүн биш. Орон нутгийн л анчин. Бараг л зах зээлийн хүнд үед амьдралгын шаардлагаар буу үүрсэн хүн.

1  |  0
Зочин(66.181.161.1) 2020 оны 07 сарын 23

Өөрийг нь өвгөн байна гээд эхнэрийг нь хүүхэн байна гэхээр доромжилсон болчихгүй юү?

0  |  1
mundag(125.94.203.220) 2020 оны 07 сарын 23

saihan niitlel bainaa, bayrlala! Ovoo gehdee zarim nutgiin sain sain anchdiin neriig durdval ih goyo boloh baih. Namnan guai ene ter geed lut lut humuus baisan yum shi bna le. bi bagadaa nomiig ni unshij baisan, bas olon ulsiin olon shagnaltai.

0  |  1
сундуй(66.181.189.232) 2020 оны 07 сарын 23

хуучин тогтолцооны уед сайн анчин ховор байсныг Т А гуай нотложээ сонин юм байна эсвэл бичсэн хун ташаарсан уу

0  |  1
Top