УОК-ын Шуурхай штаб өнөөдөр /2020.07.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Олон улсад гацсан иргэд тэр улсынхаа онгоцоор эх орондоо ирж болохгүй юу?
-Польш, Унгар, Чех, Малайз Тайван гэх мэт газраас тухайн улсын онгоцоор нутаг буцах хүсэлт ирдэг. Зарим нь онгоц түрээслээд ирэх санал тавьдаг. Нэгдүгээрт, манай УОК-ын шийдвэрээр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн онгоц нисгэж байгаа. Үүний цаана ямар асуудал байдаг вэ гэхээр тухайн улсаас ирэх хүсэлтэй онгоцны үнийн саналыг бид хүлээж аваад дотоодын компани буюу МИАТ-ийн үнийн саналтай харьцуулж үзэхэд МИАТ-ийнх хямд байдаг юм. Энэ бол бодит үнэн. Хоёрдугаарт, МИАТ-ийн онгоц ниссэнээр Монгол Улсад мөрдөж байгаа тусгаарлах горим, журмыг хэрэгжүүлэхэд хялбар болно. Ингэснээр халдвар тархах эрсдэл буурна. Тайванд 170 орчим иргэн бий. Өнөөдрийн Сөүлийн нислэгээр ирж байгаа ихэнх иргэд Тайванаас ирж байгаа.
-Тийзний үнэ шүүмжлэл дагуулсаар байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тийзний үнэ тогтмол буурч байгаа. Энэ удаагийн АНУ руу нисч байгаа тийзний үнэ 400 орчим мянган төгрөгөөр хямд, Сөүл рүү нислэг 200-300 мянган төгрөгөөр буурсан. Буцах хүсэлтэй иргэдийн 60-70 хувь нь МИАТ-ын билеттэй тул зөрүүгээ төлөөд наашаа ирэх байдлаар зохицуулж байгаа.
-Суулт зохион байгуулж байгаа асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Суулт зарласан асуудал гарч байгаа. Өөрсдийн санаа бодлоо төр засагтаа уламжлах хүний эрхээ эдлэх нь нээлттэй. Гэхдээ тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай. Солонгос улсад байгаа монгол иргэдийн хувьд цагдаагийн байгууллагаас нь зөвшөөрөл аваад цуглаан хийдэг хүмүүс бий. Харин онгоцны буудал дээр битгий цуглаан зохион байгуулаач ээ. Нисэх зөвшөөрөл өгөхгүй болчихвол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Иргэдийн бухимдлыг ойлгож байна. Жагсаал цуглаанаа хууль тогтоомжийнх нь хүрээнд зохион байгуулаач ээ. Иргэдээ шат дараатай татаж авна.
-БНХАУ-руу явах хүсэлтэй нэлээд олон иргэн байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Хичээл сургууль эхлэх дөхөж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ. БНХАУ-д 12 мянга орчим оюутан байдгаас ихэнх нь ирсэн. Хятадын дотоодын их дээд сургууль эхлэх хугацаа, гадаад улсаас оюутан нэвтрүүлэх хугацаатай уялдаж шийдэгдэнэ гэж бодож байна. Ер нь бол албан ёсны шийдвэр ирээгүй байна. Хятад иргэдтэй гэр бүл болсон, амьдрал нь тэнд байдаг олон иргэн бидэнд хандаж байгаа. Бид энэ асуудлыг “Ногоон гарц”-ын хүрээнд шийдэхээр ярилцаж байгаа. Гэхдээ одоогоор бол БНХАУ Элчин сайдын яамаараа дамжуулаад хилээрээ нэвтрүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ яриа хэлэлцээрийг тогтмол үргэлжлүүлнэ.
Үүнээс гадна Монгол Улсад амьдрал нь байдаг гадаадын иргэдийн асуудал бий. Тэр хүмүүсийг аль болох шат дараатай авчрахыг зорьж байгаа. Гэхдээ нэг онгоцонд 20,30 гадаадын иргэн суулгаад явна гэдэг асуудал биш. “Энэ гадаадын иргэн яагаад ирчхэв” гэдэг шүүмжлэл битгий гаргаач ээ. Хүн гэдэг утгаар нь ойлгож, хүнд цаг үеийг хамт туулах асуудал байна.
Сэтгэгдэл ( 3 )
Монгол улсад амьдрал нь байдаг гадаад иргэд бол хүн. Гадаадад амьдрал нь байлаг монгол хүн болохоор хүн биш юм уу. Энд тэлнийг уяж байхаар тэндээ үүсгэсэн ажил амьдралаа залгуулаад амьдраг л дээ. Яах гээд ингээд уячаад гаргахгүй байгаад байдгийн. Манайх дотроо халдваргүй юм чинь хэлцээр тохироо хийж болно шдээ. Сэтгэл гаргаж хөөцөлдөхгүй л байна
Gadaadaas irgedee shuurhai avch baigaa ch tusgaarlah bairnii hureltseegee bas tootsoh heregtei
Монгол улсад 129 оор гэрчилгээжсэн 4 агаарын тээвэрлэгч байдаг. Изинис Хүннү Аэромонгол бүгд адихан ард иргэдээ татан авах нислэг үйлдэх боломжтой эдгээр компаниудаас хэзээ ямар санал аваад МИАТ хамгийн хямд байсан тухай нээлттэй танилцуулна уу. Арай арай.....