Шинэ загварын “iPhone” утас хугацаанаасаа хожим худалдаанд гарна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

АНУ-ын “Apple” компани “iPhone” ухаалаг утасны шинэ загваруудыг төлөвлөгдсөн хугацаанаас хэдэн долоо хоногийн дараа худалдаанд гаргах болсон тухай мэдээлжээ.

Тус компанийн санхүүгийн захирал Лука Маэстри энэ талаар компанийн хөрөнгө оруулагчидтай цахим хурал хийх үеэр мэдэгджээ. Өнгөрсөн онд “iPhone” утасны шинэ загварууд есдүгээр сарын сүүлээр худалдаанд гарч байсан бол энэ жил товыг хэдэн долоо хоногоор хойшлуулах болсон байна. Уламжлал ёсоор “Apple” компанийн ухаалаг утасны шинэ загваруудыг есдүгээр сарын дундуур танилцуулж, тухайн сарын сүүлээр худалдаанд гаргадаг билээ.

Үүнээс өмнө “The Wall Street Journal” сонин тус компани энэ зуны эхээр шинэ загварын ухаалаг утасны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч коронавирусний цар тахалтай холбогдуулан нэг сараар хойшлуулсан тухай мэдээлж байсан юм. Энэ жил тус компани 12-р үеийн ухаалаг утасны дөрвөн шинэ загварыг гаргахаар төлөвлөжээ. Шинэ загварууд 5G технологийг дэмжих бөгөөд OLED дэлгэцтэй байх юм. Энэ жил “iPhone 12”, “iPhone 12 Plus”, “iPhone 12 Pro” болон “iPhone 12 Pro Max” нэртэй шинэ загвар гарах хүлээлттэй байгаа юм.

Калифорни мужийн Купертино хотод төвтэй тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.67 их наяд ам.долларт хүрдэг байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top