НХЯЯ-наас сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэтгэвэр, даатгалын шинэчлэл юу болж байна вэ, тэтгэвэр нэмэгдэх үү, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажил юу болж байна вэ, ажилгүйдэл буурч байна уу, үгүй юу, олон хүухэд төрүүлж өсгөсөн эхийн одонг дагаж олгох урамшуулал, уурхайчдад нөхөн төлбөр олгох, эсэх, БНСУ-д болон гадаадад ажиллах хүчин илгээх, ахмад дайчдын байр орон сууц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хороолол зэрэг асуудлаар тодорхой мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Гадаадын зарим улс оронд шимтгэл төлсөн монгол иргэдийн тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэх боломжтой.
НХХЯ-ны сайд Т.Ганди энэ сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийж, "Монгол Улс, Бүгд найрамдах Унгар улсын хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр"-т гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгож байх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд Унгарт 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн монгол иргэдийн тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэхээр болж байгаагаар ихээхэн ач холбогдолтой болжээ. Одоогийн байдлаар Унгар Улсад Монголын 2000 гаруй иргэд сурч ажилдадаг. Уг хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэдийн зөвхөн одоо ажиллаж шимтгэл төлж байгаа хугацаанаас гадна өмнө ажиллаж байсан хугацааг ч тэтгэвэр тогтооход оруулан тооцох болсноороо Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан манай олон мянган иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болж байгаа ажээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНУУ-ын Үндэсний эх үүсвэрийн сайд Миклош Ретхейм, Үндэсний эдийн засгийн яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн сайд Цомба Шандор нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Талууд цаашдаа хедөлмөр эрхлэлтийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна.
Мөн НХХ-ын сайдТ.Ганди Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 100 дугаар чуулганд үг хэлжээ.
Швейцарийн Женев хотноо болж буй Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 100 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн "Монгол дахь хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөгжлийн чиг хандлага" асуудлаар үг хэлжээ. Тус чуулганы үеэр зохион байгуулсан өндөр хэмжээний хэлэлцүүлэгт хөгжиж буй болон эдийн засгийн хувьд тэргүүлэгч орнуудын төрийн тэргүүн нар оролцож, нийгмийн шударга ёс, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлаар санал бодлоо солилцсон байна. Финландын ерөнхийлөгч Тарьяа Халонен, Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно, ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин, ХБНГУ-ын канцпер Ангела Меркель нар уригдан оролцож үг хэлсэн байна. Тэрбээр ОУХБ-ын ерөнхий захирал Хуан Сомавиатай уулзжээ.
Тэтгэвэр боддог аргачлалыг өөрчилнө
Тэтгэвэр,даатгалын шинэчлэлийн талаар НХХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээний газрын дарга Ш.Отгонхундага мэдээлэл хийв.Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр авагчдын дунд "тэтгэврийн зөрүү" хэмээх ойлголт бий болсоор нэлээд олон жилийн нүүр үзсэн. Энэ нь тэтгэвэр бодох цалин хөлсний индексжүүлэлттэй холбоотой үүсдэг. Засгийн газраас тэтгэвэр хоорондын зөрүүг ойртуулах чиглэлээр тэтгэврийн хэмжээг 2001 оноос хойш 26 удаа нэмэх шийдвэр гарсан.
Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсийг өсгөх итгэлцүүрийг 1997 оноос хойш нийтдээ 5 удаа шинэчлэн тогтоож, тэтгэврийн зөрүүг ойртуулах, арилгах арга хэмжээ авч байсан. Нийгмийн даатгалын сангаас нийт 302,3 мянган хүний тэтгэвэрт жилд 360,0 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Нийт тэтгэвэр авагчдын 181,4 мянга буюу 60 орчим хувь нь доод хэмжээний тэтгэвэр авдаг байна.
-Тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага тэтгэвэр тогтоолгон авч байгаа нь ямар учиртай юм бэ хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр 2000 оноос өмнөх цалингийн үнэлэмж одоогийнхоос бага болсон, шинээр тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн 70 орчим хувь нь 1995 оноос өмнөх цалинд үндэслэж байгаагаас тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох болсон, тэтгэврийн өсөлт нь цалин хөлсний өсөлтийг гүйцэхгүй байгаа, тэтгэвэр тогтоох цалингийн суурь ялгаатай тохиолдолд тэтгэврийг хувиар буюу тоогоор нэмэгдүүлэх нь тэтгэврийн зөрүүг улам нэмэгдүүлж байгаа юм гэлээ. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэвэр тэтгэмжийг 3 дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор "тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр"-ийг шинэчлэх санал оруулж ирэхийг Засгийн газраас тус яаманд үүрэг болгожээ. Үүний дагуу тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 1990-2010 оны хэрэглээний үнийн индекс, даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалингийн өсөлт зэрэг үзүүлэлтүүдийн нөлөөг тусган холбогдох тооцоо судалгаа хийж, итгэлцүүрийг өөрчлөх хэд хэдэн хувилбаруудыг боловсруулаад байгаа аж. Итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор нийт иргэдийн тэтгэврийг авч байсан цалинтай нь уялдаатайгаар, харьцангуй шударга аргачлалаар нэмэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ. Тэтгэврийн зөрүү гэдэг асуудал байхгүй болж нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү арилах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )