Нийт 55 улсаас 12500 гаруй иргэн МОНГОЛДОО ИРЭХ хүсэлт гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг болон Бүгд найрамдах Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр өчигдөр өглөө 249 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал, тэднийг тээвэрлэсэн Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр өглөө 06.05 цагт Улаанбаатар хотод газардсан юм. Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулж байна. Энэхүү саналыг Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард анх тавьж байсан юм.

Тэгвэл энэ удаагийн нислэгээр ирсэн 249 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцсан байна. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийг бага хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн Р.Оюунбилэг нар оролцлоо.


Р.ОЮУНБИЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 249 ИРГЭНИЙГ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛААР АВЧИРЛАА

 

Хэвлэлийн бага хурлын эхэнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн Р.Оюунбилэг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ удаагийн нислэгээр манай байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар 185 иргэн эх орондоо иргэн ирсэн байна. Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын эх орондоо иргэн ирж суурьшихад нь туслах тэтгэлэгт хөтөлбөр гэж байдаг. Энэ бол манай байгууллагын дэлхийн бүх салбарт хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид 2011 онд Монголд өөрийн салбараа байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл 2496 иргэнд тэтгэлэг өгч ажиллаж байна. Манай байгууллагын санхүүжилтээр эх орондоо иргэж ирсэн нийт иргэдийн тоо 6200 давсан. Харин энэ 185 иргэн тэтгэлэгт хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болж, эх орондоо иргэж ирж байгаа юм. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бид коронавирусний улмаас гадаад оронд гацаад байсан 27 иргэнийг эх оронд нь буцааж авчраад байсан. Харин энэ удаад Чех улсаас эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг манай байгууллагын тэнд байгаа салбараас гаргасан. Улмаар Чех улсад байгаа манай улсын Элчин сайдын яамтай зөвшилцөөд, хамгийн түрүүнд эх орондоо буцах шаардлагатай хүмүүсийг сонгосон байгаа. Нэг иргэнд гаргаж буй зардал нь 7.3 сая төгрөг болсон. Тасалбарын мөнгө, тусгаарлалтад байх хугацааны хоол, байрны зардал ч багтсан. Тусгаарлалтаас гараад эх орондоо суурьшихтай холбоотой мөнгөн бус тусламжуудыг манай байгууллагаас бас авна. Харин 185 хүнээр үржүүлээд үзэхээр бид 1.3 тэрбум төгрөгийг энэ нислэгийг зохион байгуулахад зарцуулж байгаа юм. Энэ их мөнгөний 75 хувийг Европын холбоо гаргасан. 25 хувийг нь Чехийн Засгийн газар гаргаж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газарт манай байгууллагаас туслах ёстой үндсэн үүргийнхээ дагуу хийсэн ажил" гэв.

Л.МӨНХТҮШИГ: ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БНХАУ-ААС 169 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРНЭ
 


Хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын Онцгой комисоос энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн. Үлдсэн нь ОХУ-ын иргэд байгаа юм. Учир нь, тэд бүгд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, тэдний ар гэр болон сургуулийн багш, ажилчид юм. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Монгол-Оросын хамтарсан Орос III сургууль, 14 зэрэг сургуулийн багш, ажилчид түлхүү орж ирсэн. Орос багш нарт Монголд ирэхээсээ өмнө коронавирусний шинжилгээ өгсөн байх хатуу шаардлага тавьсан. Энэ дагуур ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтраад энэ ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Харин БНХАУ-аас буцах хүсэлтэй илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 18-ны өдөр татан авахаар төлөвлөж байна" гэх мэдээллийг өглөө.

НАЙМДУГААР САРД 4000 ИРГЭНЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХ ТООЦОО ГАРЧЭЭ
 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос энэ наймдугаар сард 14 удаагийн нислэг үйлдэж, дөрвөн мянга гаруй иргэнээ эх оронд нь авч ирэхээр төлөвлөжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сард бид 14 удаагийн нислэг хийхээр урьдчилсан төлөвлөгөө гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар агаарын болон авто замаар 17211 иргэнийг эх оронд авчирсан. Энэ сард агаарын болон авто замаар дөрвөн мянга орчим иргэнээ эх оронд нь авчирна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан. Өнгөрсөн хугацаанд Солонгосоос 2929, Америк тивээс 960, Австралиас 500, Европ тивээс 1250, Зүүн Өмнөд Азиас 500 гаруй иргэнээ авчирсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 12500 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд бид гадаадын 50 улсаас 17 мянган иргэнээ татаад авчихсан байна. Улсын Онцгой комиссоос гаргасан таван шалгуур болоод бусад асуудалтайгаар буцах хүсэлт гаргасан хүмүүсийн 70 орчим хувь нь ирсэн. Мөн богино хугацааны визтэй, хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэдийн тоо нэлээд багассан.

Буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсэн нь Солонгосоос ирэх хүсэлтэй иргэд огцом өссөнтэй холбоотой. Долоодугаар сарын эхээр 2400 орчим иргэн Сөүл дэх Монголын Элчин сайдын яаманд хандаад байсан. Өнөөдрийн байдлаар энэ тоо дөврөн мянга давчихсан байна" гэж ярилаа. Дашрамд дуулгахад, Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Top