“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 22

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч бууран эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшсан байна. Үүний улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн нөхцөлүүд үүссэн нь төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.

Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тохиолдлуудыг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан аль нэг тохиолдол бий болсон бол төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээний санал, шаардлагатай гэж үзвэл, түүнтэй холбогдуулан тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулга, тооцоо, үндэслэлийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болсныг Сангийн сайд танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар асуулт асууж, Сангийн сайд болон Улсын Их Хурлын Тамгын газраас хариулт, тайлбар мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Т.Доржханд, Н.Алтанхуяг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны саналаар Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Б.Жавхлан, Ч.Ундрам, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 2020 оны 32 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолд банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодлогын хэрэгслийг ашиглаж, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамааруулахгүй байх, харилцах дансанд хүү тооцохгүй байх зэрэг богино хугацааны арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Гэвч коронавируст халдварын цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхой бус байгаагаас цаашид нийгэм, эдийн засагт учирч болох эрсдэлийг бүрэн тооцох боломжгүй, үүсээд байгаа сөрөг нөлөөлөл арилах цаг хугацаа тодорхойгүй хэвээр байгаа энэ үед дунд болон урт хугацаанд зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэлийг тодорхой болгож, санхүүгийн зуучлалыг хэвээр хадгалах, санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг зардлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Г.Амартүвшин асуулт асууж, хариулт авсан.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 27 нь 64.3 хувийн саналаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top