Монгол Улс 21 аймаг, 330 сумтай, сум бүр засаг захиргаа, баг хорооны бүтэцтэй. Бас төсөв хөрөнгөтэй. Дарга даамалтай. Цөөн хүн амтай Монгол Улсыг 330 хэсэгт хувааж, хүн ардыг цөөн цөөнөөр нь засаглах ямар ч хэрэггүй гэх шүүмжлэл эртнээсээ л ил далд явж ирсэн. Өнгөрөгч зууны 1921 оноос бүрэн улс болон оршин тогтнох, хил хязгаараа тогтоохоос эхлээд чамгүй их ажлын үед Монгол Улсыг 330 хэсэгт хуваахаас өөр арга байгаагүй гэдгийг ч дурддаг. Учир нь хил хязгаараа бэхжүүлэх, манах үүднээс ийнхүү өргөн уудам нутагт цөөн ч гэсэн хүн амаа 330 суманд хуваан, тархан суурьшуулахаас өөр арга байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг гэж үздэг.
Тэр цагт техник технологийн хөгжил дэвшил гэж байсангүй. Тэр ч бүү хэл тэрэг техник ч байгаагүй. Энэ асуудал бол социализмын 70 жилийн үед ч тэр, энэ нийгмийн 30 жилд ч ил далд маргаан дагуулсаар ирсэн ч шийдвэр гаргах түвшинд маргаан үүсгэж байсан удаагүй. Тэр ч бүү хэл тойргоос сонгогдсон гишүүд ч хөндөж байгаагүй нь ихээхэн сонирхолтой. Харин ч эсрэгээрээ шийдвэр гаргах түвшинд хэлэлцсэн дагуу сүүлийн гучаад жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийг гурван сумтайгаар өрх тусгаарлан байгуулж, Хэнтий аймгийн Дархан сумын тавдугаар багийг Бор-Өндөр сум болгон байгуулав. Говьсүмбэр аймаг бол хуучнаар Дорноговь аймгийн Сүмбэрийн Сангийн аж ахуй гэж байсан ч ийнхүү аймгийн статустай болж, тусгай төсөв хөрөнгөтэйгөөр өрх тусгаарласан хэрэг.
Харин Увс аймгаас УИХ-д сонгогдож орж ирсэн шинэхэн гишүүн О.Цогтгэрэл энэ тухай асуудал хөндсөн нь маргаан дагуулж эхэллээ. Түүний хэлснээс харвал жижиг сумдыг нэгтгэвэл шинээр ажлын байр бий болж, өрх гэрийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Мөнхүү нөхөн үржихүйн бодлого зөв оновчтой, эрүүл мэнд, боловсролын хүртээмж тэгш болно гэсэн санааг хэлжээ. Бас л тунгаах зүйл. Тунгаагаад зогсохгүй тулгамдсан асуудал. Зөв зүйтэйгээс гадна зоригтой дуугарчээ.
Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт зуугаад жилийн өмнөх шиг хил хязгаараа манана гээд хүн ардаа тарамдуулаад байх шаардлага алга. Хил хязгаар нутгаа хиймэл дагуулаас эхлээд чухам ямар ч технологиор хянаж болохоор цаг үед амьдарч байна. Нөгөө талд Хил хамгаалах газар, хилийн цэрэг гэж томоохон бүтэц бүхий байгууллага Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист үйл ажиллагаа явуулдаг. Хил эзэнгүйдэх гэсэн ойлголт бол өнгөрсөн зуунд алга болсон байх учиртай. Улам л боловсронгуй болж байгааг бид сонсож л сууна. Өнөөдөр 1000 хүрэхгүй, 1000 гаруйхан хүн амтай сумд олон бий. Тэгэхээр 1000 орчим хүн амтай 3-5 сумыг нэгтгээд байвал хүн амын тоо 4000-5000 орчим болно. Төсөв нэгдэнэ. Ядахад л тусгай хангамж бүхий Засаг дарга сэтэртнүүд цөөрнө. Хамгийн наад зах нь 1000 хүн амтай суманд бизнес хийх гэж үйлээ үзэж байхаар 5000 хүн амын дунд бүтээгдэхүүнээ борлуулвал ямар байх вэ. Зах зээл тэлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ, энэ хэрээр ажлын байр нэмэгдэнэ.
Зах зайдуу хүн ам цөөтэй суманд боловсон хүчин ч ховор гэдгийг нуух юун. Бага ангийн багш гадаад хэлний хичээл зааж байна, нэг багш хоёр хичээл заахаас эхлээд асуудал бий. Өнөөх боловсролын тэгш хүртээмж алдагдсан. Эрүүл мэндийн салбарт гэхэд тэгш хүртээмж алга. 1000 хүрэхгүй хүн амтай суманд хоолны газар ажиллуулаад яах юм. Хэдэн хүн үйлчлүүлж хэдэн төгрөгийн ашиг олж, ямар ажлын байр бий болох билээ. Энд талх, нарийн боовны цех ажиллуулаад алдагдал хүлээнэ үү гэхээс ашиг харахын хэрэггүй. Нийслэлд дунджаар 10.000 хүн амтай хороо багийн статустай л ажилладаг. 300 гаруй мянган хүн амтай дүүрэг сумын статустай байж л байна. 300 гаруй мянган хүн амтай дүүрэгт зургаан хүний бүрэлдэхүүнтэй Боловсролын хэлтэс ажилладаг гээд дурдаад байвал бидний тогтолцоонд олон гажуудал бий.
Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хөндсөн энэ асуудал яах аргагүй эргэж ярих асуудал мөн. 20-30 мянган хүн амтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдын хүн амын амьжиргааны түвшин, 1000 хүрэхгүй хүн амтай Завхан аймгийн Асгат, Дорнод аймгийн Гурванзагал сумдын хүн амын амьжиргааны түвшинг харьцуулах аргагүй ч жишээлэн аваад үзэхэд л ялгаа нь хангалттай харагдана. Мөн нэг хөндөх асуудал нь нөхөн үржихүйн асуудал мөн. Алс хязгаар аймгийн сумдад энэ асуудал хурцаар тавигдах учиртай. Цус ойртох, ураг доройтох нөхцөл бол нэгэнт бүрдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Арга ч үгүй. Бид энэ тогтолцоогоор хаалттай нийгэмд 70 жил, нээлттэй нийгэмд 30 жил гээд 100 орчим жил амьдарсан байна шүү дээ. Төсөв хөрөнгө хэмнэх нэгтгэх тухай асуудал бол хоёрдугаар зүйл, дараагийн асуудал. Гагцхүү энэ нөхөн үржихүйн асуудлыг нэн тэргүүнд анхаарах учиртай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, үндэстэн орших, эс орших тухай асуудал учраас хаа хаанаа тунгаах учиртай юм. Энд сумд нэгтгэх тухай энгийн юм шиг асуудал хөндөж тавьсан харагдаж болох ч цаад агуулгаараа бол Монгол Улс орших эс орших тухай асуудал гэдгийг ойлгох цаг нь болжээ.
Дээр дурдсан асуудлыг социализмын үед бол ил гаргах арга байгаагүй ч далд ярьж л байсан. Харин сүүлийн 30 жилд энэ тухай яагаад хөндөж болсонгүй вэ. Энэ нь өнөөх л иргэдээ гарын дор байлгах, тэдний талд байх гэсэн үе үеийн гишүүдийн өчүүхэн атгаг санаа байв. Мэдээжийн хэрэг Дорнод аймгаас сонгогдсон гишүүд Гурванзагал, Баян-Овоо гэх мэт сумдыг татан буулгаж, өөр сумдтай нэгтгэнэ гэхээр тус сумын иргэдийн чамгүй хэсэг дургүйцнэ. Ерөөсөө нүүдэлчдийн цусанд байх нэг аюул бол энэ. Монголчууд бид аймгаараа хуваагдана, аймаг дотроо сумаараа, сум дотор багаараа, баг дотроо уул усаараа хуваагдаж чаддаг гайхамшигтай шинж чанартай улс. Энэ гайхамшигт чанарыг сөрж боссон ямар ч УИХ-ын гишүүнийг дэмжихгүй. Өөрөөр хэлбэл санал авахгүй гэдгээ мэдсэн гишүүд энэ тухай үг унагахгүй зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө явж ирсэн нь өнөөдрийн байдалд хүргэсэн. Сонгогчдыг тархай бутархай, жалга довны үзэлтэй нь барьж байх сонирхол ч энд байгааг нуух юун. Түүнээс тэд эдийн засаг, хил хязгаар, эрүүл мэнд, боловсрол, нөхөн үржихүй гээд бүхий л талаасаа эерэг тусгалтай гэдгийг мэдэж л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гурван нөхөр зүтгүүлж байгаад Хэнтий аймагт нэгэн сум нэмэн байгуулж байх жишээтэй.
Тэгэхээр Увс аймгаас сонгогдсон О.Цогтгэрэлийн хувьд зөв байр суурь илэрхийлжээ. Тэр цаашид энэ асуудлаа хүчтэй тавьж, бусад гишүүдэд нөлөөлөх хэрэгтэй. Магадгүй Увс аймгийн Малчин, Наранбулаг, Зүүнхангай, Зүүнговь сумдыг нэгтгэнэ гээд явахаар иргэдийн дэмжлэг авахгүй гэдгээ мэдэж байгаа ч үүнийг хөндөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ л үүнийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт хийх болно. Тиймээс энэ ажлыг эртхэн эхлүүлэх нь чухал.
Нэгэн жишээ татъя. Баянхонгор аймгийн Жинст, Баянговь, Богд, Өлзийт гээд нийт зургаан суманд тус бүр 3.5-6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс 2018-2019 онд суулгасан байдаг. Дундажаар бодоход 30 орчим тэрбум төгрөг суулгаж өгчээ. Гэтэл энэ хөрөнгийг 1000 гаруй хүн амтай сумын төвд 240 хүний суудалтай хоёр давхар Соёлын төв, 2000 орчим хүн амтай суманд хоёр давхар Засаг даргын тамгын газрын барилга гэх мэт зүйлд зарцуулж байна. Энэ нь зүй ёсны хэрэг хэдий ч 30 тэрбум төгрөгөөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нэг сайн эмнэлэг, боловсон хүчин татан авчраад амьдрах таатай орчныг бүрдүүлж болно. Зах зайдуу амьдардаг малчид маань мөнгө төгрөгөө бараад өндөр технологи бүхий эмнэлэгт үзүүлэхээр аймаг, хотын төв рүү явах шаардлага алга.
Тэгвэл улсын жишиг технологи бүхий сургууль, цэцэрлэг барьж болно. Иргэд хүүхдүүдээ анхан болон дунд шатны гайгүй боловсрол эзэмшүүлэх гэж төв суурин газар хоёр, гурав хуваагдан амьдрах шаардлага байхгүй. Хэдэн сумдын малын түүхий эд боловсруулах дундаж үйлдвэр ч барьж болно. Малчдын гар дээрх түүхий эдийг эцсийн байдлаар боловсруулаад зах зээлд гаргадаг технологи бий болж, малчдын амьжиргаанд маш том өөрчлөлт бий болно. Хамгийн наад зах нь ченжийн гараар дамжихгүй. Энэ хэрээр бүхий л салбарт ажлын байр нэмэгдэхээс эхлээд олон давуу тал бий. Улмаар эрүүл мэнд, боловсролын тэгш байдал бий болж, орон нутагт суурьших иргэдийн тоо ч нэмэгдэнэ. Нутагтаа хангалуун амьдарч байхад хэн хаашаа амин зуулга хайж явах билээ.
Гэтэл одоогийн байдлаар энэ мөнгийг нэтгэсэн байдлаар суулгах боломжгүй. Орон нутагт нэгтгэсэн байдлаар хөрөнгө оруулалт хийж томоохон бүтээн байгуулалтад зарцуулах тухай саналтгүй. Эрх зүйн орчин алга тэнд 1000 хүнтэй ч сумын статустай албан ёсны засаг захиргааны нэгж байгаа учраас мөнгө хэрэгтэй. Хамгийн том аюул нь тойргоос сонгогдсон гишүүд бүх сумдад ижил тэгш төсвийн хуваарилалт хийж харагдахгүй бол болохгүй. Нэгийг нь дэмжсэн харагдаж, нөгөөг нь дэмжээгүй мэт харагдана. Хэрвээ дээрх зургаан сумаа байг гэхэд 3-4 сумаа нэгтгэсэн бол нийгэм эдийн засгийн асар их үр өгөөж харагдаж байна. Энэ том асуудлыг барьж авахад чамгүй бэрхшээл тулгарна. Шийдвэр гаргах түвшнээс эхлээд эгэл иргэдийн дунд дуулиан болно. Эхнээсээ ч байр сууриа илэрхийлсэн гишүүнийг хэмлээд эхэлсэн нь цахим орчноос харагдана. Үүнээс гадна эрх зүйн орчин, газар нутгийн хуваарилалт, суурин гацаанаас эхлээд олон ажил бий. Энэ бүгдээс тойрч зугтаах уу, зориглон орох уу гэдэг асуудал биднийг ирээдүйд тосон уулзах нь гарцаагүй. Тэгэхээр энд УИХ-ын гишүүдээ та нарт бүрэн эрх чинь хэрэгтэй юу, бүтэн улс тань хэрэгтэй юу гэж асуумаар байна. Бидэнд бол та нарын бүрэн эрх өчүүхэн ч хамаа алга. Бүтэн улс маань хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 10 )
зөв санаа. дэмжинэ\n
Захын сумдыг нэгтгэнэ гэдэг хязгаар нутгийг эзгүйрүүлж дайсанд тавьж ѳгч байгаа хэрэг шүү. Хүн суурьшиж байж азар нутаг манай байдаг жамтай. Тэд бол жинхэнэ хилчид юм.
Sumdiig negtge zuv. Zaluu huniig zasag darga, orlogchoor tomil.
Маш зов санаа яаралтай хэрэгжуулэх хэрэгтэй
ЗӨВ САНАЛ БАЙНА, СУМДЫГ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГСЭН ЦАГТ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ АЖ БАЙДАЛ ДЭЭШЛЭНЭ.
Huduunii arhichinguuduu
Нэгэтгэх нь маш зөв төсөв хэмнэгдэж ажилын ачаалал нэмэгдэж хариуцлага өндөрсөх болно хурган дарга цөөрөх элэгдрож нар будай болно
zov zov. Mash zov sanal! Suuri zarchim ugaasaa ali deerees todorhoi baisan shu de. Negj hariyalald hamaarah irgediin too iluu baih tusam ulsiin buh ajil hyalbarshina, hurdtai bolno. Unendee malchid orhuud maani ter ayaraa jiliin 4 ulirald sumiin tov deer suurin baidaggui. Tegeheer horsh 2 sumiig yadaj negtgehed unendee maliin belcheer hol hodolgoon, aj amidrald yamar ch sorog oorchlolt garahgui.
Зөв зөв ямар үнэн үг вэ
Монгол уулсыг 3н бүс болгоод сонгууль явуулбал зөв! Засаг захиргаа, төсөвт хэмнэлттэй!?