Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан 50 дугаар сургуулийн Сургалтын менежер Э.Гантуяатай ярилцлаа.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг амарч цахимаар хичээл орсон. Танай сургуулийн тухайд өнгөрсөн хичээлийн жил ямар байв?
-Өнгөрсөн хичээлийн жилийн гуравдугаар улирлын эхний нэг долоо хоног хичээлээд түүнээс хойш ковид-19 гэж аюултай тахал өвчин гарсны улмаас улс даяар сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн. Цахимд шилжсэнээр багш нар маань анги болгон дээрээ фээсбүүк хуудас нээгээд түүн дээрээ хичээлээ тайлбартайгаар оруулаад явсан. Мөн энэ хуудсаараа дамжуулан хүүхдүүдийнхээ хамрагдалт, идэвхи, хэдэн сурагч хөдөө байгаа, хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан нь юу байна зэргийг судлаад, түүнд нь тохирсон арга хэмжээнүүдийг аваад явсан. Ингэж ажилласны үр дүнд хүүхдүүд маань багш нартайгаа маш сайн харилцаж, цахим хичээлээс ойлгоогүй зүйлээ лавлаж байсан. Анги удирдсан багш нараас гадна мэргэжлийн хичээлийн багш нар маань ч гэсэн хүүхэд бүртэйгээ холбогдож, сурагчдадаа бүрэн хамруулах тал дээр анхаарал хандуулж ажилласан. Сургуулийн хэмжээнд манайх 2019-2020 оны хичээлийн жилд 60 бүлгийн 2387 хүүхэд төгссөн. Сургуулийн зүгээс Улсын онцгой комиссийн гаргасан заавар, зөвлөмжийг тухай бүрт нь эцэг эхчүүд, сурагчдад хүргэж, цахим орчинд байршуулж ажилласан учраас хүүхдүүд маань хамгаалал, ариутгалын дэглэмээ идэвхитэй баримталсан.
-Төгсөх ангийнхан шалгалтад бэлтгэх сургалтадаа хамрагдсан байх тийм үү?
Хавар ахлах сургуулиа төгсөх 12-р ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан үзээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор хүүхдүүддээ түр хугацааны танхимын сургалт явуулсан. Ингэхдээ цаанаас гаргаж байгаа тодорхой заавар, зөвлөмжийг нь баримтлаад нэг ангид арван хүүхдийг 1-1,5 метрийн зайтай суулгаж, давтлага сургалтаа явуулсан. Ингээд манай хүүхдүүд 12 дугаар ангиа амжилттай төгсөж, элсэлтийн шалгалтаа сайн өгсөн. Их, дээд сургуулийн хувиар аваагүй хүүхэд гараагүй.
-Сурагчдынхаа хаврын дүнг хэрхэн дүгнэсэн бэ?
-Энэ жилийн хувьд бүтэн хоёр улирал хичээл ороод хагас жилийн дүн гарчихсан байсан. Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн бид А/491 тушаалын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулж баталсан учраас үүнийгээ мөрдөж ажилласан. Энэ тушаалын дагуу хагас жилээр нэг дүн, жилийн эцсээр нэг дүн гарах учиртай. Тиймээс хүүхдүүдийнхээ хагас жилийнх нь дүнг харгалзаж үзээрэй гэсэн чиглэл ирсэн. Хагас жилийн дүн дээрээ тулгуурлаад теле хичээлдээ сайн оролцож, багш нартайгаа сайн харилцаж хичээлийн хоцрогдол, тааруу дүнгээ зассан. Мэдээж бүгд зуун хувь теле хичээлд хамрагдсан гэхэд учир дутагдалтай. Гэхдээ хүүхдүүд маань теле хичээлдээ маш сайн хамрагдаж, оролцсон. Тийм учраас онцгой байдлын нөхцөл байдалд бид нар аль болох хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарсан. Идэвхитэй, хариуцлагатай байсан хүүхдүүд маань өөрсдийн дүнг дээшлүүлэх боломжоор ч хангаж өгсөн. Хичээлийн жил дуусч, сургалтын үйл ажиллагаа хаагдаж хүүхдүүдийнхээ дүнг танилцуулахад нэг ч эцэг эх, хүүхдээс гомдол ирээгүй.
-Теле хичээлд танай сургуулиас багш нар хамрагдсан уу?
-Манай сургуулийн Мэдээлэл технологийн багш н.Туяасайхан оролцож, улс даяар долоодугаар ангийн хүүхдүүдэд теле хичээл заасан. Ер нь нийслэл, хөдөө орон нутгаас дандаа шилдэг багш нарыг хамруулсан юм билээ. Энэ олон сайн багш нарын нэгээр манай сургуулийн багш сонгогдож, хүүхдүүдэд хичээл заасан нь манай сургуулийн сургалтын чанар чансааны үзүүлэлт гэж бодож байгаа.
-Эцэг, эхчүүд 1, 6 дугаар ангийн хүүхдүүд хичээлийн хоцрогдол их гарах нь гэж ярьж байсан?
-Эцэг, эхчүүд маань энэ тал дээр жаахан айдастай байсан нь мэдээж. Гэхдээ бид нар энэ хичээлийн жилдээ бэлдээд явж байна. Нэг ангийг ангийнх нь хүүхдүүдийн тооноос хамаараад 25 хүртэлх хүүхдээр хуваагаад дэд бүлэг бий болгож хичээл орно. Энэ жилийн хувьд манай сургуульд 61 үндсэн бүлэг байгаа ч гэсэн онцгой нөхцөл байдлын улмаас 122 бүлэг болгож хичээллүүлнэ гэсэн үг. Нэг, зургаадугаар ангийн хүүхдүүд маань хичээлээсээ хоцорсон байх вий гэсэн айдас багш бидэнд ч байгаа. Гэхдээ есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын нэг хүртэл ямар ч шинэ хичээл оролгүйгээр дандаа бататгах буюу давтлага хичээл орно. Тийм учраас багш нарынхаа ачааллыг тэнцвэржүүлж ажиллах, онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллах зэргийг тусгасан А/17 тоот тушаалыг хэрэгжүүлж ажиллахаар бэлдэж байна. Энэ тушаалыг баримтлан хичээлийн хөтөлбөрөө боловсруулаад дагаж мөрдөөд ирэхээр нэг багш харьцангуй бага буюу 20-25 хүүхэдтэй харьцах боломжтой болж байгаа юм. Хүүхдүүд маань ч багштайгаа харилцан ойлголцож, дутуугаа нөхөх, сэргээх боломжтой. Энэ хичээлийн жилд ямар ч багш хүүхдүүдтэй чи сайн, чи муу гэж ялгаж харьцахгүй байх ёстой.
-Долоо хоногийн гурван өдөр, хоёр цагаар хичээллэнэ гэсэн яриа байгаа?
-Сайдын А/17 тоот тушаал гэж дээр ярьсан. Энэ тушаалын дагуу бүгдийг нь тодорхой заагаад үүрэгжүүлээд өгчихсөн юм. Энэ тушаалаа үндэслээд үзэхээр нэг хүүхэд 3-4 цагаар гурван өдөр сургууль дээр хичээлд сууна. Нэг ёсондоо танхимын сургалтад сууна гэсэн үг. Тэгэхээр сургууль үүн дээр зохицуулалт хийгээд аль болох хүүхдүүдээ зөрүүлж гаргах, анги танхимынхаа хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Манай сургуулийн хувьд бүр зураглал гаргасан. Үүнийгээ сургуулийнхаа ханан дээр бусдад ойлгомжтойгоор байршуулах юм. Энэ зураглал дээрээ хаагуур орох, гарах, аль ангид хичээллэх гээд бүгдийг тусгасан. Анги танхимынхаа хүрэлцээ, дэд бүлгүүдийнхээ тооноос хамаараад зохицуулалт хийгдэнэ. Дээр хэлсэн тушаалаар хамгийн сүүлийн цаг 18:30-д тарсан байх ёстой. Дунд, ахлах ангийн хүүхдүүд нэг өдөрт багадаа гурван цаг, ихдээ дөрвөн цаг л хичээлд сууна.
Манай сургууль 6-12-р ангийн хүүхдүүд маань даваа, лхагва, баасан гарагуудад сургуульдаа хичээлд суухаар зохицуулалт хийчихээд байж байна. Харин мягмар, пүрэв гарагт нь бага ангийн хүүхдүүд хичээллэнэ. Харин бага ангийн хүүхдүүдийн дутсан нэг өдрийн даваа гараг руу шилжүүлсэн. Яагаад гэхээр хүүхдүүд маань бүтэн хоёр өдөр амарчихсан байх учраас харьцангуй ачаалал даах боломжтой гэж үзэж байгаа. Бусад өдрүүдэд нь давхцал үүсэхгүйгээр өдөр тарах боломжтой болж байгаа юм.
-Нэг ангийг 2-3 дэд бүлэгт хуваачихаар багш нарт ирэх ачаалал хэр нэмэгдэх вэ?
-Ер нь ачаалал нэг их нэмэгдэхгүй. Яагаад гэхээр багшийн ажлын норм цаг нь долоо хоногт 40 цаг, ерөнхий хичээлийн цаг нь 19 цаг байдаг юм. Цаанаас ирсэн заавар зөвлөмжийн дагуу хичээлийн төлөвлөгөөгөө гаргахад нэг багшид хамгийн ихдээ 19 цаг л оногдож байгаа. Дээрээс нь бид аль болох ачааллыг нь тэнцвэржүүлэх бодлого барьж байна. Зарим багш нар нь хэт их ачаалал аваад, зарим нь бараг амралтын байдалтай байх юм байна гэсэн буруу ойлголт бас яваад байх шиг байна лээ. Гэвч тийм биш. Багш нар маань бүгд л өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай. Ялангуяа онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа энэ үед дор бүрнээ л хариуцлагатай ажиллахаар хичээж байна.
-Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг сургуульд хэрхэн хамруулж байгаа вэ?
-Нийслэлийн боловсролын газраас хамран суралцах тойргийнхоо хүүхдүүдийг хамруулах чиглэл өгсөн. Дээрээс нь цахимаар бүртгэлжүүлж байгаа учраас хаанахын харьяатай, аль сургуульд суралцах гэдэг нь бүгд ил тод харагдаж байгаа. Тийм учраас одоогоор хүндрэл бага гарч байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бaярлалаа
Бaярлалаа