Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комис /ХЭҮК/, Монголын сайтын холбоо /МоСаХ/ өнөөдөр /2020.08.26/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талуудыг төлөөлж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, МоСаХ-ны Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг нар санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах юм байна. Мөн ирэх онд тохиох Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн аян өрнүүлэх аж.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хүний эрхийг хамгаалах хууль тогтоомж, хүний эрхийн зөрчлүүд, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож байгаа энэ бүх үйл ажиллагааг сурталчилан танилцуулах, сэтгүүлч нараар дамжуулан олон нийтийн дунд хүний эрхийн мэдлэг ойлголт, хүний эрхийн зөрчлийг илрүүлэн гаргаж ирэх асуудал дээр сэтгүүл зүйн байгууллага, ялангуяа сайтуудын нэгдсэн холбоотой хамтарч ажиллах шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд үндсэндээ дөрвөн ажлыг хийхээр төлөвлөсөн. Хамгийн гол ажлуудын нэг нь цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдэд хүний эрхтэй холбоотой, ялангуяа сүүлийн үед дэлхий нийтэд гарч ирсэн хүний эрхэд суурилсан хандлага ойлголтын талаарх мэдээлэлтэй холбоотой асуудлууд түлхүү өгөгдөнө. Үүнд сэтгүүлчдийг чадавхижуулах асуудал гол нь орж ирж байгаа. Ялангуяа мэдээ, мэдээлэл бэлдэж байгаа тохиолдолд хүний эрхийн үүднээс нийгэмд яаж гаргаж, таниулах ёстой вэ, өөрсдөө үүн дээр ямар мэдрэмжтэй, сэтгүүл зүйн чиг баримжааг баримталж ажиллах ёстой вэ гэсэн ажлууд үүнд орсон байгаа. Чадавхижсан сэтгүүлч бол хүний эрхийн талаарх бүх л асуудал дээр сурвалжилга хийж, хөндөн гаргаж байгаа сэдэв нь хүний эрх, үүрэг, хариуцлагыг давхар гаргаж ирэх чадвартай болоход хамтран ажиллах гол зорилго оршиж байна.
Бид өнөөдөр дөрвөн хананы дунд хүний эрх ярих биш, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хаана амьдарч байна тэнд хүний эрх ярих ёстой. Яригдаж байгаа хүний эрх, гаргаж тавьж байгаа асуудлууд өнөөдөр төр засгийн бодлогын түвшинд хүний эрхийн мэдрэмжтэйгээр бэлтгэгдсэн сэтгүүлчээр дамжиж очих ёстой гэдэг зорилгыг агуулж байна.” гэв.
Харин МоСаХ-ны Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг "Мэдээллүүд цахимаар явдаг болсон өнөө үед голлох даац, үүргийг хүлээж байгаа 80 гаруй мэдээллийн сайтыг нэгтгэсэн байгууллагын хувьд цахим мэдээллийн сайтын сэтгүүлчдэдээ хүний эрхийн асуудлаар дагнан бичдэг, хүний эрхийн сэдвийг хөндөхдөө юуг хөндөж болох вэ, ямар мэдээллийг ямар цензуртай явуулах вэ гэдэг ойлголтыг өгөх сургалтууд зохион байгуулна.
Хоёрдугаарт бид нийгмийн өмнө мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх үндсэн үүрэгтэй. Монголынхоо Хүний эрхий үндэсний комиссоос хийгдэж байгаа ажлуудыг олон нийтэд цэгцтэй, дараалалтайгаар, хүний эрхийг зөрчихгүй байх ойлголтыг өгөх зорилгоор бид энэхүү санамж бичгийг зурж байна.
Дээрээс нь хүний эрх гэдэг сэтгүүл зүйн маш том хөндөж бичих сэдвийн нэг. Өнөөдөр хаана л бол хаана хүний эрх зөрчигдөж байна. Тухайн иргэд маань хүний эрх зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг бараг мэдэхгүй байна. Тэгэхээр иргэн таны эрх хаана зөрчигдөж байна вэ гэдгийг бид өөрсдөө үзэгний үзүүрээр мэдээллээрээ хүргэх ёстой юм. Энэ санамж бичгийг байгуулснаар хүний эрхийг хөндөж бичсэн монгол сэтгүүлчдийн нийтлэл дэлхий дахинд хүрэх боломж нээгдэж байгаа гэж ойлгож байна.” гэв.
Мэдээллийн дараа МоСаХ-ын Ерөнхийлөгч Л.Оюунтунгалагаас цөөн асуултад хариулт авлаа.
- Оноос өмнө ХЭҮК-той хамтран сэтгүүлчдийг мэргэшүүлэх ямар сургалтууд төлөвлөсөн байгаа вэ?
- Бид оны өмнө гурван сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Сургалт сэтгүүлчид хүний эрхийн асуудалд хэрхэн хандаж, бичих вэ гэсэн чиглэлээр явагдана. Одоогоор сургалтын нарийвчилсан сэдвүүд хараахан гараагүй байна.
- Сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт ямар хугацаанд явагдах вэ. Зөвхөн сайт гэхгүй бүх сэтгүүлчдэд нээлттэй юу?
- Бид гурван жилийн хугацаатай санамж бичиг байгуулсан учраас сургалт ганцхан жил яваад дуусахгүй. Энэ сургалтад хамрагдахыг хүссэн бүх сэтгүүлчдэд нээлттэй. Аль болох олон сэтгүүлч хамрагдаасай гэж хүсэж байна. Сургалтуудыг Улаанбаатарт нэг удаа зохион байгуулаад өнгөрөх биш, ХЭҮК-той хамтраад орон нутгуудаар явж сурвалжилга хийх, сэтгүүлчдийг гадаадад, сурвалжилга хийх гэх мэт олон үүд хаалга нээгдэж байгаа.
- Хүний эрхийн талаар бичиж, нийтлэхдээ сэтгүүлчдийн гаргаж байгаа нийтлэг алдаа юу байна вэ?
- Манайхны нийтлэг гаргадаг алдаа гэмт хэргийн мэдээг бичихдээ хэрэг үйлдэгдсэн газрын хаяг, холбогдогч хүмүүсийн нэр, нас, хүйс зэргийг тодорхой биччихдэг. Энэ нь эргээд тухайн хүмүүст дарамт болдог. Нөгөөтэйгүүр үйлдэгдсэн гэмт хэргийг деталчилж бичдэг. Энэ бол маш том алдаа. Хэргийг ингэж бичснээрээ гэмт хэрэгтнүүдийн буруу зуршилд сэдэл өгдөг. Энэ мэтчилэн тодорхой алдаануудыг гаргахгүйгээр олон улсад мэдээ мэдээллийг түгээхдээ ямар аргаа явуулдаг вэ, манай улсад ийм алдаанаас болоод ямар хохирол үүсдэг вэ гэх мэт тодорхой кэйсүүдээр жишээ авч сургалтаа явуулна.
- Сэтүүлчдийг мэргэшүүлснээр нийгэмд хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ?
- Нийгэмд эерэг нөлөөлөл нэлээн гарна гэж бодож байна. Өнөөдөр ихэнх хүн ухаалаг утсаар дамжуулан мэдээлэл авч байна. Манай бүх мэдээллийн сайтуудын мэдээллийг үүгээр дамжуулан уншиж байгаа. Тиймээс хүний эрхийн конвенц дээр хийгдэж байгаа тэр олон заалтууд, хүний эрх, эрэгтэй, эмэгтэйчүүдийн асуудал, хүүхдийн эрх, жендерийн талаар гарч байгаа шийдвэрүүд, өөрийг нь хамгаалах хууль тогтоомжийг мэдэхгүйгээр өнгөрчихөөд байдаг. Тиймээс бид олон нийтэд дамжуулах үүргээ маш сайн биелүүлэх хэрэгтэй. Магадгүй танай сайтад нийтлэгдсэн мэдээллийг олж уншаад өөрийгөө хүчирхийллээс хамгаалж болно шүү дээ.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
- Баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )