Яруу найрагч Ж.Баяржаргал: Эр хүний уруул улаан, нойтон байна гэдэг бол дурлал дунд умбаж явна гэсэн үг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

       

Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл болж, өвөрмөц содон шүлгийн өнгө аясаараа олны хүндлэлийг хүлээсэн Болор цомын эзэн,  яруу найрагч, сэтгүүлч Ж.Баяржаргалтай бага нас, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

-       Ярилцлагаа таны бага нас нутаг усны талаар эхлэх үү?

-       Нутаг ус Төв аймгийн Сэргэлэн сум. Миний бага нас бусдаас онцгой юм байхгүй. Хөдөөгийн тал нутгийн малчны хүүхдийн  бага нас яаж  өнгөрдөг хонины бэлчээр дээр барилдаад  хурга ишгээ хариулаа л. Сургууль руугаа ээж ааваараа морьтой тосуулаад, морьтой хүргүүлдэг байсан. Зун, өвлийн амралтыг тэсч ядан хүлээдэг. Ээж аав дээрээ очиж, өрөмтэй шар тос идэхээр яарч байгаа амьтад юм даа. Зундаа бол сургуулиас өгсөн зуны даалгаврыг сүрхий биелүүлнэ. Өвөл бол сургуулиас машин гаргаж ойролцоо айлуудын ойролцоо цасан дээр баримжаагаар хүүхдүүдээ буулгаад явдаг байсан.  Нэг сонин юм нь гуравдугаар ангид байхад “Пионерийн үнэн” сонин дээр Сансрын нисгэгч гэдэг шүлэг маань хэвлэгдэж  байлаа. Бичиг үсэг сурахаасаа өмнө гэрийн хаяанд даалуучид жа тоглоно.  Тав хээрийн булуу гээд гуншин байдаг. Хүмүүс гүү барих өдөр,найр, унага тамгалах өдрөөр хүмүүс ерөөл хэлдэг тэр их гоё санагддаг байсан болохоор яруу найрагт шунан  дурлахад нөлөөлсөн  болов уу гэж би боддог. 

-       Анхны шүлгээ хэзээнээс эхлэж бичиж эхэлсэн бэ?

-       Сургуульд ороогүй байхдаа  мөр холбоод үглээд явдаг байсан.  

-       Бага байхад буруу зүйл хийчихээд аав ээждээ аашлуулах үе бишгүй байдаг. Таны хувьд сэтгэлд тань хамгийн тод үлдсэн дэггүйтэл?

-       Байлгүй яахав. Аавыг урд хөндийгөөс адуу хөөгөөд ирье, хадны нөмөрт сууж байгаарай гэхэд нь би аягүй удаан хүлээсэн юм шиг санагдаад  аав ирэхгүй болохоор нь уйлаад морио хөтөлж яваад номхон морь байсан болохоор хадан дээрээс мордоод харьж байсан юм. Тэгээд аавд чоно нохойн хоол болвол яана, төөрвөл яана гээд их загнуулж байсан. Тэр үед чоно элбэгтэй эвгүй байсан. Ээжид бол аашлуулах зүйл их байлгүй яахав. Адаглаад шувууны өндөг хагалж хаяад битгий хагал гэж байхад нь зөрж хагалсаар байгаад тэр өдөртөө хөлөө хоёр гурав хагалж байсан. Шувууны хараал гэж байдаг юм байна гэж их айдаг. 

-       Оюутан ахуй цагийнхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-       Бидэнд гоё дурсамж байсан. Ялангуяа намрын ажил. Гитарын утсан дээр цэврүүтсэн гарын минь алга эдгэрэх нь оюутны намар байж гээд нэгэн найрагчийн шүлэг байдаг. Залуу байхад унтана гэдгийг, ядарна гэдгийг мэддэггүй хөгжил цэнгэл, хайр дурлалын  дунд л байлаа. Намрын ажил дээр хааяа өлсөнө. Тэгэхээр зарим нэг нь сэтгээд нэг нөхөр гахай алдаг хүн болоод би найдвартай алдаг надад адуу шургуулж байгаа юм шиг ойрхон л гаргаад өгчих гэхээр гаргахгүй юу гэтэл манай хүн  наймын тонгоргоороо дүрсэн чинь тэр чигээрээ зоогдоод тоорой эзэндээрээ оччихдог. Эзэн нь цусаар нь мөрдөж ирээд бид нар бөөн төлбөрт унаж байсан.  

 

-       Таны “Эрсийн уруул ягаарах цаг” гэдэг номны нэр их өвөрмөц санагддаг?

-       Нөгөө утгаар. Эрчүүдийн хайрлан дурлах, янагших гэсэн утгатай юм л даа. Эр хүний уруул улаан нойтон байна гэдэг бол дурлал дунд умбаж явна гэсэн үг. Дурлаж яваа насанд бол хүний уруул үргэлж өнгөлөг үзэсгэлэнтэй байдаг юм шиг байгаа юм л даа.  

-       Яруу найраг ертөнцийг аварна гэсэн үг байдаг. Та энэ талаар юу гэж бодож явдаг вэ, санал нийлдэг үү?

-       Одоо солиотой улсууд их болчихсон ш дээ. Бүгдээрээ солиорцгоож л байдаг юм. Манайхан нэг хэсэг гоо сайхан ертөнцийг аварна гэж туульширч давхисан. Миссийн тэмцээний уриа болчихсон байсан.  Гоо сайхан гэдгийг би сайхан хүүхэн гэдэг утгаар нь хэлээгүй болов уу гэж бодож байна. Гоо сайхан гэдэг бол өөрөө сайхныг шүтэх үзэл бурхан, од, нар, сар, цэцэгсийн гэгээ хүрээлэн буй орчныг шүтэх үзэл гэж бодож байна.  

-       Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-       Энэ их том ойн жил ном гаргахгүй бол алдас болох байх. “Асура тэнгэрийн доор” нэртэй яруу найраг бодролын ном гаргана. Мөн Богд вант Монгол улсын эх оронч баатар жанжид Богд хаант улсын гучин хэдэн баатрын тухай хөрөг бүхий том ном энэ ойн жил шилжинэ. Мөн Дундговийн харьяат Дорнын их яруу найрагч Ринчиндоржийн Бадам гэж том яруу найрагч байсан. Тэрний “Үйлийн дөрвөн цаг” гэдэг ном манай яруу найргийн  болзоот үеийн “Мөнх тэнгэрийн дэглэлт” хэмээх цувралаар гаргах гэж байгаа.  Социалист нийгмийн үед дарагдсан ч юмуу, эсвэл номоо гаргаж чадаагүй хорвоогоос эрт хальсан тийм шилдэг яруу найрагчдын номыг   цувралаар гаргаж байгаа. Мөн мөнхийн үсэгт “Марал тотголсон дорно” гэдэг дууны яруу найргийн ном шилжүүлэх санаатай байна. 

-        Та  хүүхэд байхдаа  ямар яруу найрагч шиг болохыг мөрөөддөг байсан, хэний шүлгийг их уншдаг байсан бэ?

-       Хүүхэд байхдаа Нацагдоржоос илүү Сүрэнжавын шүлгийг их уншдаг байж. Яагаад уншдаг байсан бэ гэхээр манай нутгийн яруу найрагч ,мөн  миний  эргэн тойрон байгаа уул, ус, цэцэг навчны тухай  бичсэн болохоор тэр нь сэтгэлд их дотно  байсан. Бас Дулмаа эгчийн шүлгийг их уншиж өссөн дөө.  Бүр сүүлд бол Сүүлэнхүүд тохиолдсон явдал, Сүүлэнхүү номын оронд, Үлмэдэх нарны оронд, Гармаа гуайн хүүхдийн зохиол зэргийг их уншдаг байсан.  

-       Яруу найргийг та өөрийнхөө үгээр томьёолж хэлбэл?

-       Яруу найргийг янз бүрээр хэлж болно. Сэтгэлийн  толь юм, зүрхний эрчим хүч юм, сүнс сүлдний гал юм. Орчлон ертөнцтэй адилхан далд мэдрэхүйн зөн совин юм. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө томьёолдог. Яруу найргийн хөдлөшгүй томьёолол байхгүй. Яагаад гэвэл амьдрал өөрөө баян, тэр утгаараа яруу найраг өөрөө баян учраас хүн төрөлхтөн туйлийн төгс яруу найргийг хүн төрөлхтөн хэн хэдэн онд  бичиж үлдээсэн, хэнийх нь ямар өнгөтэй хэлэхэд хэцүү. Яруу найраг бол угаасаа харьцангуй ойлголт.Муу шүлэгч тодорхой цаг хугацааны дараа гайхамшигтай сонгодог яруу найрагч болж болно.

-      Таны уран бүтээл дундаас  бусдаасаа арай л илүү болсон доо гэж үнэлсэн бүтээл тань ямар бүтээл вэ?

-       Хүн энэ хүүхэд сайн, энэ хүүхдээ хаячихая, энийг авъя гэдэггүй. Түүнтэй адилхан би бүхий уран бүтээлээ сайн гэж бодсон учраас ном гаргасан.

-       Одоо үеийн болон, танай үеийн яруу найрагчдын ялгаа, нэгнээсээ ялгарах онцлог талыг дурдвал?

-       Бие биеээсээ ялгарах онцлог тал гэж мэдэхгүй. Яруу найргийн ухамсар мэдрэхүйн хөгжил дэвшил түүгээрээ яруу найраг тухайн цаг үеийн яруу найраг түүхэн хувь уран бүтээлчдийн сэрэмж мэдрэхүй хоёрын шүтэлцээгээс онцлог гэдэг юм тодорхойлогдоно.

-       Залуу яруу найрагчид реалист чиглэлээр бичих нь ховор болж, бусад урсгалаар бичих болсон. Энэ талаар таны бодол?

-       Хүн төрөлхтөн реалист буюу бодит байдал бодит ахуйгаас татгалзаад өөрөөр хэлбэл оюун санааны яруу найраг руу орж байна нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байна гэсэн үг.  

-         Миний асууж амжаагүй  танд хэлэхийг хүссэн зүйл байвал манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-       Манай нэг анд хэлж байсан юм. Яруу найраг бол жирийн хүнд хүрэхийн аргагүй ариун дээд нандин зүйл юм гэж. Өнөөдөр яруу найраг  хэцүү болчихож. Мэдэхгүй, сэтгэлгүй, зүрхгүй  мэдрэмжгүй сэтгэлгээгүй хүмүүс шүлэг бичиж байна. Эсвэл тэтгэвэрт гарсан хойноо хобби болгож шүлэг бичиж байгаа нь буцаад яруу найргийн нэр хүндийг унагаж байгаа юм. Үүнд сэтгэд эмзэглэхгүй байх аргагүй. Яруу найраг бол итгэл үнэмшил, амьдрал утга учрыг зориулж, зүрх, тархи, уушиг шатахыг тэсвэрлэж гарахыг шаарддаг аюултай зүйл. Яруу найрагт бид нар сэтгэлгүй хандаж байна.  Түүний уршгаар утга зохиолын хамгийн амархан төрөл яруу найраг гэж хүмүүс ойлгоод байна. Шүлгийн ном их гарч байна. Гарвал гарч л байг. Гэхдээ наад номыг чинь гаргадаг цаасыг өчнөөн ой мод  огтолж хийж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүнд уншуулах гэж гаргаж байна гэдгээ мэдрэх хэрэгтэй. Залуу яруу найрагчид бол үгийн баялагийг эзэмших хэрэгтэй. Өөрийгөө монгол яруу найрагч, алтай, хангай, хэнтийн, говь хээр талын их  шүлэгч гэдгээ мартаж болохгүй.

-       Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Урлагийн тэнгэр ивээх болтугай.

-       Баярлалаа.

Д.Мөнхзул

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yogi(182.160.5.156) 2023 оны 10 сарын 13

ene huntei yaj holbdghuu ja batjargal gdg huntei face book bii bolwuu

1  |  0
Top