Есдүгээр сарын 1-н ер бусын өдөр.
Энэ өдөр хөгжилдөн хөөрөлдөх охид, хөвгүүд, ангийн найзууд, аав, ээжийнхээ гараас хөтөлсөн шинэхэн сурагчид цөм л нэгэн зүгийг зорино. Урт удаан зуны амралтын дараа эрдэмтэн багш нарынхаа мэдлэгээс суралцахаар эрдмийн их өргөө сургуулиа зорин ирэх энэ л өдрийн сайхныг юутай ч зүйрлэшгүй. Өчигдөр 10.00 цагийн үед гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 23 дугаар сургуулийг зорин очиход гаднаа эл хуль. Сургуулийн ойролцоох замын хажууд, сургуулийн хашаан дотор “эргүүл” гэсэн бичигтэй өнгөлөг хувцасласан аав, ээжүүд сурагчдын аюулгүй байдал, цар тахлын дэглэмд зохицуулалт хийхээр таран зогсжээ. Цар тахлын дэглэмтэй хэмээгээд сургууль дотогш эцэг, эхчүүд, сэтгүүлчдийг оруулахгүй байгаа гэсэн тайлбарыг сургуулийн захиргаанаас хэллээ. Сурагчид гарч ирэхийг хүлээнгээ цаг шахам болоход “Онцын өөрчлөлтгүй, хичээлийн шинэ жил болж байна уу гэлтэй. Нээлт ч байхгүй” хэмээн миний бодохтой зэрэгцэн “3г” анги гэсэн самбар барьсан багш ангийн сурагчдаа нэг эгнээгээр жагсаасаар сургуулиас гарч ирлээ. “3г” ангиас эхлэн хэд хэдэн ангийн хүүхдүүд цувран гарч, сургуулийн өмнөх том дэлгэц дээр багш, захирлын урьдаас бэлтгэсэн хичээлийн шинэ жилийн нээлт цахим хэлбэрээр гарч байлаа. Эцэг, эхчүүдийг сургуулиас зайтай байлгах ёстой учраас Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд шинээр нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдээ 11.00 цагийн үед багш нар нь хүлээн авч байна.
Сургуулийн захиргаанаас ялангуяа “1.5-2 метрийн хооронд зай барих” гэсэн цар тахлын дэглэмийг мөрдүүлэхээр багаараа л гарч ирж ажиллаж харагдана. Багш нар, сурагчид, эцэг эхчүүд сургуулийн хашааны гадна талбай, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд нэмэгдэн нэмэгдсээр. “Манай хүүхэд нэгийн аль бүлэгт нь орохоор байна вэ” гэсэн эцэг, эхчүүдийн дуу, “Зайгаа бариарай” гэсэн шаардангуй хоолой, хөөрөлдөн баясах хүүхдүүдийн цангинасан инээд цагийн өмнөх эл хуль орчныг ор мөргүй мартуулахаар дуу шуугиантай юм. Нэгдүгээр ангийн шинэхэн сурагчдыг хүлээн авахаар зогсох 23 дугаар сургуулийн багш Э.Саранчимэгтэй хэсэг хором ярилцлаа. Тэрбээр “Манай сургуулийн нэгдүгээр анги зургаан бүлэгтэй. Нэгдүгээр ангид дунджаар 20 хүүхэдтэйгээр хоёр дэд бүлэг болж хуваагдаж хичээл орж байна. 11.00 цагаас эхний дэд бүлэг ороод 12.15 цагт завсарлаж, хоёр дахь дэд бүлэг 12.30 цагаас ороод 14.00 цагт тарж байна. Энэ бол зөвхөн есдүгээр сарын 1-ний өдрийн хичээлийн зохион байгуулалт. Онцгой байдлын үед бага цагаар, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдүүлж, цөөхөн сурагчдыг нэг ангид хамруулж хичээл оруулах нь хамгийн зөв зохицуулалт гэж бодож байна. Багш нарын хувьд ч хүүхдүүдтэйгээ харьцахад амар. Эрүүл мэнд, сэтгэл хөдлөл зэргийг нь тулж харьцаж ажиллаж болохоор байна. Дотогшоо ороход хоорондын зайгаа барьж, халуун хэмжиж, халдваргүйжүүлэлт хийгээд, хүүхэд тус бүр өөрийн хуваарьт ширээндээ сууна. Ширээ солихгүй. Гарах, орох хаалга тусдаа маршрутын дагуу явагдаж байна” хэмээн ярилаа.
Ө.Билгүүтэй "23 дугаар сургуулийн I ангийн сурагч, зургаан настай"
-Цэцэрлэгээ төгссөн. Нэгдүгээр ангид орж байна. Сургуульд орох гоё байна. Би зураг зурах дуртай. Англи хэл мэддэг. Ангийнхнаа одоохондоо танихгүй байна.
М.Маралхан "23 дугаар сургуулийн I ангийн сурагч, зургаан настай"
-Би сургуульд тоо, үсэг сурна. Тооны, үсгийн дэвтрээ аваад цүнхэндээ хийчихсэн. Найзуудтай болж байна. Багш таалагдаж байгаа. Ээж маань сургуульд хүргэж өгсөн. Би онц сурна гэж бодож байгаа.
Энэ хичээлийн жил сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ 1.4 сая гаруй суралцагч хичээлдээ орж байна. Хичээл гурван өдөр танхимд, хоёр өдөр теле хэлбэрээр явагдаж, багш, сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, гараа ариутгах, зай барих, ариутгал, халдваргүйжүүлэлт гэсэн дэглэмүүдээ сайтар мөрдөх аж. Шинэхэн сурагчдаас гадна шинээр төгсөж ирсэн багш нар ч тухайн сургуулийнхаа чимэг нь болж байна. 23 дугаар дугаар сургуульд бүрэн дунд боловсролыг эзэмшээд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хятад хэлний багш, орчуулагчийн ангид хүсэл сонирхлоо даган элсэж, энэ хавар их сургуулиа төгссөн залуу багш М.Нандин-Эрдэнээс хичээлийн шинэ жилийн эхний өдөр нь яаж эхэлж байгааг сонирхлоо. 23 дугаар сургуулийн хятад хэлний багш М.Нандин-Эрдэнэ “ЕБС-д сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар дэвтэр засах, гэрийн даалгавар шалгах зэргээр бага ангийн багш нартаа тусалдаг. Бас хятад хэлэнд онцгой дуртай хүүхэд байсан учраас багш мэргэжилтэйгээ хослуулаад ингээд ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр шинээр нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдүүдтэйгээ адил маш ихээр сэтгэл догдолж байна. Хичээл 40 минутаараа ороод асуудалгүй явж байна. Эцэг, эхчүүдийг сургууль руу оруулахгүй. Хүүхдүүдийг бүсчилж хувааж оруулж байгаа. Аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр гурав, дөрөвдүгээр давхрын ангид гэхэд баруун жигүүрээр орох гэх мэт байдлаар зохицуулалт хийсэн” гэлээ. Өчигдөр болсон бас нэг үйл явдал нь хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 10 дугаар цэцэрлэг, яслийн цогцолборын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Тэрбээр багш, сурагчидтай уулзах үеэрээ “Өнөөдөр есдүгээр сарын нэгэн төдийгүй эх хэлний өдөр. Дүү нар минь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, түүх, соёлын баталгаа болсон төрөлх монгол хэл, бичгээ сайн сураарай. Монгол бичгээрээ заавал уншдаг, бичдэг болоорой” гэдгийг эрхэмлэн захижээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд зарлиг буулгаж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэх уламжлалтай болсныг үүгээр дахин сануулъя.
Өнгөрсөн жилийн зарим хичээлийн хөтөлбөрийг энэ сардаа давтаж заана
Нийслэлийн төвийн сургуулиар орсны дараа гэр хороололд байрлах 37 дугаар сургуулийн хичээлийн шинэ жил хэрхэн явагдаж байгааг сонирхлоо. Энэ талаар тус сургуулийн захирал З.Тунгалаг “Хичээлийн шинэ жилийн нээлт болоогүй. Дэд бүлгүүдэд хуваагдаж хичээл орж байгаа. Ангиудын хуваарилалт сургуулийн самбарууд дээр болон ангийн эцэг, эхчүүдийн группээр нээлттэй тавигдсан. Хичээл долоо хоногт 19 цаг орох ёстойгоос танхимын болон танхимын бус сургалтаар хичээл орно. Өглөө 08.00 цагаас эхний хичээл ороод үдийн 30-40 минутын завсарлагаанаар үйлчлэгч нар цэвэрлэгээ, ариутгал хийгээд дараагийн ангиудаа хүлээж авах байдлаар хичээллэж байна. Дунд болон ахлах ангийн хичээл 13.00 цагаас эхэлж байгаа. Эрүүл мэнд, технологи, дуу хөгжмийн багш нар хичээлгүй байгаа учраас хариуцлагатай жижүүр хийж, сургуулийн давхар бүрийг хариуцаж, ангийн багш нарт тусалж ажиллаж байна” хэмээлээ. Энэ хичээлийн шинэ жилийн онцлог нь цар тахлын дэглэмтэй холбоотойгоор сурагчид танхимын сургалтаар, теле хичээл үзэх байдлаар гэсэн хоёр төрлөөр ээлжлэн хичээллэх юм. Ялангуяа есдүгээр сард өмнөх хичээлийн жилийн хоцрогдсон хичээлээ нөхөж давтах байдлаар сургалт явагдах онцлогтойг багш нар хэлж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиуд үдийн цай болон үдийн хоол хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сургуулийн автобус зарим сургуульд хараахан явж эхлээгүй байгааг эцэг, эхчүүд хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )