Гарчигнаас нам гэдгийг нь бүгдээрээ гадарласан байлгүй дээ. Орон нутгийн сонгууль дөхөж, улс төрд хөдөлгөөн орсон энэ өдрүүдэд хачин, сонин явдал өчнөөн болж байна. Гэхдээ үүн дундаас хамгийн хачирхалтай нь Хөдөлмөрийн үндэсний намын шийдэл. Тэд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудалтай танхимын сонгуульд 27 хүн сойжээ. Ингэхдээ хоёр сар гаруйн өмнө болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон хүмүүсээсээ цөөнгүйг нь илгээсэн байх юм. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Тэгэхээр сонгуульд өрсөлдөж байгааг нь шоолох, шордох гээд байгаа юм биш. Харин ХҮН гэдэг чинь энэ хэдэн хүн юм уу гэсэн сэтгэгдэл л төрөөд байгаа болохоор сануулж байгаа хэрэг. Мөн ийм олон “шороотой бөх”-ийг дахиад гаргаж буй нь сонирхолтой санагдаад байгаа юм. Магадгүй, УИХ-ын сонгуульд “Зөв хүн, электорат” хөдөлгөөнөөс энэ хүмүүс нэр дэвшиж, улмаар ялагдаж байсан нь НИТХ-ын сонгуулийн өмнөх бэлтгэл, танигдах арга нь байсан ч байж мэднэ.
Тодруулбал, ХҮН-аас НИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болсон ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, химийн инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр Ж.Золжаргал байна. Энэ хүн Зөв хүн, электорат эвслээс УИХ-ын 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшиж байлаа. Мөн Баянгол дүүрэгт ХҮН-аас нэр дэвшиж байгаа нийтлэлч, ШУТИС-ийн бакалавр, инженер Д.Түмэн-Өлзий байна. Ялгаагүй тус дүүрэгт өнгөрсөн сонгуулиар Зөв хүн, электорат хөдөлгөөнөөс нэр дэвшээд манаргаж байсан юм. Түүнчлэн ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Боннын их сургуулийн магистр, хуульч Д.Үүрцайх гэгч УИХ-ын сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодсон Баянгол дүүрэгтээ “НИТХ-ын төлөөлөгчөөр сонгож өгөөч” гээд дахиад очихоор болжээ.
Баянзүрх дүүрэгт ч ялгаагүй. НИТХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт эдийн засагч Г.Хаш-Эрдэнэ ХҮН-аас өрсөлдөхөөр зарласан. Тэрбээр, хоёр сар гаруйн өмнө энэ дүүрэгтээ Зөв хүн, электорат эвслээс нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Түүнтэй хамт тус дүүрэгт НИТХ-д нэр дэвшигч журмын нөхөр П.Наранбаяр нь ч УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт саяхан нэр дэвшиж явсан юм. Энэ дүүрэгт ХҮН-аас НИТХ-д нэр дэвшихээр нэр нь явж байгаа Б.Амараа ч ялгаагүй өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар есдүгээр тойрогт нэр дэвшээд явж байсан санагдаж байна. НИТХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт энэ дүүрэгт ХҮН-аас Б.Мөнхсоёл нэр дэвшинэ. Тайландын Азийн технологийн институцид олон улсын бизнесийн чиглэлээр магистр, Францын Европын менежментийн сургуульд олон улсын санхүүгийн магистр хамгаалсан энэ эмэгтэй мөн л тус дүүрэгт УИХ-ын сонгуулиар “Зөв хүн, электорат” эвслээс нэр дэвшиж л явлаа. НИТХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт ХҮН-ын дарга Б.Найдалаа нэр дэвшихээ илэрхийлжээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж унаад гурван сар ч болоогүй л байна. Санаж байгаагаасаа дурдахад энэ хэд байна.
“Зөв хүн, электорат” эвсэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад нэг гишүүнтэй болсон нь Т.Доржханд. Үлдсэн журмын нөхөд нь НИТХ-ын сонгуульд азаа үзэхээр шийджээ. Ямар нэгэн албан тушаалд очих гээд улайраад байгаа нь албан тушаалд дуртай, дарга болох сонирхолтой гэсэн ганц өнцгөөр харахад хэцүү зүйл. Залуу, боловсролтой хүмүүс сонгуульд оролцож, ялалт байгуулж, шийдэл гаргаж улс орондоо хөгжил авчрах юмсан гэж байгаа байж болно. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллага, нутгийн удирдлагын байгууллага хоёр бол үйл ажиллагааны хувьд ч, хэлэлцэж шийдвэрлэдэг асуудлын тухайд ч эмч, цагдаа хоёр шиг ялгаатай юм шүү дээ. Яг алинд нь орж ажиллахаар зорьж байгаагаас их юм харагдана. Тийм болохоор энэ хэсэг хүнд тогтсон тодорхой зорилго байна уу гэдэг нь бүрхэг байгаа юм. Дээр нь ингэж гулсаж нэр дэвшиж байгаагаас харахад хүний нөөцийн хувьд ядмаг санагдаад байна. ХҮН хүнгүйдээ ингээд байна уу эсвэл УИХ-ын сонгуулиар танигдсан хүмүүсээрээ НИТХ-д суудал авч чадна гэж тооцов уу.
Сэтгэгдэл ( 0 )