БАЙР ӨГНӨ, ЗЭЭЛ ТЭГЛЭНЭ ГЭЖ ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЛЭХ ШААРДЛАГАГҮЙ.
ИЙМ ТӨРЛИЙН АМЛАЛТЫГ БИД ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгуулийн хууль, тойрог, мандатын хуваарилалтад ХҮН ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Сонгуулийн хууль, тэр тусмаа сонгуулийн тойргийг яаж хуваах нь монголчуудын өмнө тулгамдаад байгаа хулгай, авлигатай тэмцэх бодлого, улс орны бугшсан асуудлыг шийдэх хамгийн том суурь хүчин зүйл болох учиртай. Сонгуулийн тойргийг хуваахдаа хамгийн тэргүүнд авч үзэх ёстой зүйл бол сонгогчдын жигд хуваарилалт. Нэг мандатад оногдож байгаа сонгогчдын тоо ойролцоо байх ёстой. Харамсалтай нь Улаанбаатар хотод улс орны эдийн засгийн 80 хувь нь үйлдвэрлэгдэж, хүн амын тал нь амьдарч байгаа тойргийнхоо мандатын тоог хаслаа. Үүнийг эрх баригчид өөрсдийнхөө сонгогдох магадлалаа нэмэгдүүлэхийн тулд тойргоор тоглоом хийсэн үйлдэл гэж харж байна. Зарим сонгогч илүү эрхтэй, зарим нь дутуу эрхтэй байж болохгүй. Үндсэн хуульд зааснаар ижил тэгш сонгох эрхтэй байх учиртай.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, тойрог, мандатын хуваарилалтад улс төрийн намуудын саналыг тусгаж хууль санаачлагчид хэлсэн. Танай намын байр суурийг сонссон уу?
-Сонгуулийн тогтолцоо холимог байх, тойргийг жигд зөв, оновчтой, шударга хуваарилах асуудлыг бид байнга тавьж ирсэн. Харамсалтай нь Монгол Улсын ирээдүйд ямар тогтолцоо, ямар сонгуулийн тойрог хэрэгтэй вэ гэж бодохоос илүүтэй 2020 оны сонгуульд яавал бид сонгогдох вэ, яавал манай нам ялах вэ гэсэн бодлыг эн тэргүүнд тавьсан гэж хэлэх байна.
Үүний үр дүнд Монгол Улсын хувь заяа хохирно. 3.3 сая хүн хохирно. Бидний саналыг хүлээж авахгүй байгаа шалтгаан нь инээдтэй. Зөв, буруудаа биш зөвхөн өөрсдийнхөө сонгогдох эрхийг эрхэмд тавьснаас болсон. Манай намаас гадна улс төрийн намууд, судлаачид тойрог, мандатын асуудлыг хөндөж ирсэн. Гэхдээ аль ч саналыг нь авч хэлэлцээгүй.
-Юутай ч 2020 оны УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” батлагдсан. Та бүхэн ирэх сонгуулийг үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-“Тоглоомын дүрэм” ямар байхаас үл хамаараад эцсийн шийдвэрийг сонгогчид гаргана. Энгийнээр хэлбэл, иргэд сонговол сонгогдоно, сонгохгүй бол сонгогдохгүй. Түүнээс биш тойргоор нь, тогтолцоогоор нь дамжуулж ялалт байгуулах нөлөө бага. Тэгэхээр иргэд асуудлыг ойлгоод, ирээдүйг хараад, үр хүүхдээ бодоод мөнгөнд авталгүй, ятгалгад өртөлгүй өөрийнхөө төлөө саналаа өгөх юм бол зөв сонгууль болно. Монголчууд цаг өөр болж байгааг мэдэрч байгаа байх. Тиймээс ирэх сонгуулиар Монголын улс төрд өөрчлөлт гарна гэж үзэж байгаа.
-ХҮН ямар тактикаар сонгуульд оролцох вэ?
-Монгол Улсад тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд монголчууд нам, нас, хүйсээрээ талцах учиргүй юм. Улсынхаа асуудлыг шийдэхийн тулд том эрх ашиг, алсын хараан дээрээ нэгдээд, аль болох хамтарч байж асуудлыг шийднэ. Тэгэхээр одоохондоо ярихад эрт байгаа боловч олон үзэл санаа, зорилго, үнэт зүйл нэгтэй улс төрийн хүчин, нийгмийн идэвхтэй холбоо, иргэдтэй хамтран ажиллах, нэгдэх зарчмыг баримтална. Өнөөдөр Монгол Улсад нийгмийн баялгийн хуваарилалт гажиж, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэн, цөөхөн бүлэг этгээдүүд эрх мэдэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл үүсэж, Монгол орон маань монгол хүн эрх тэгш, амар амгалан амьдрах боломжгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцэл өрнөх боллоо. Улмаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл зэрэг төр, нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж, харь гүрний гар хөл бологчид, “авлигын сүлжээний эзэд”-ийн хууль ёсны дарангуйлагч болох шуналын золиос болж байна. Иймд тусгаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, хэсэг бүлгийн бус нийтийн сайн сайхны төлөө хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн түүхэн үүрэг болоод байна. Энэ үүргийг ХҮН биелүүлж чадна.
-Танай намыг Монголын социал демократ нам /МСДН/-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг мэдэх юм байна. Яагаад энэ намыг сонгосон бэ?
-МСДН-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь дөнгөж эхлэл. Энэ нам хүнээ дээдэлсэн, хүнийг төвд үзсэн зүүн төвийн үзэл санааг баримталдаг. Тиймээс бид үзэл баримтлал нэгтэй намууд. Дээрээс нь МСДН-ын түүх болон дэмжигчдийн байдлыг харгалзсан. Бид зарчим, алсын хараагаараа нэгдсэн гэсэн үг. Тэгж байж урагш явна. Алсын хараагаа бодохгүй, ойрын эрх ашиг дээр нэгдэх юм бол энэ нь хамтрал бус хуйвалдаан болно. “Алсын хараа үндэсний эрх ашиг дээр нэгдэх юм бол зөвшилцөл. Ойрын сонирхол, хувийн эрх ашиг дээр тохирох юм бол хуйвалдаан” гэсэн тодорхойлолт байдаг. Тэгэхээр бид алсын хараа үзэл санаа дээрээ нэгдээд хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.
-Гэхдээ намууд ойрын асуудал буюу санхүү, боловсон хүчнийхээ боломжийг нэмэгдүүлэх олон арга хэрэглэж байна. ХҮН үүнд хэрхэн хандаж байна вэ?
-Зарчим гэж үүнийг л хэлээд байгаа юм. Сонгуульд өрсөлдөхийн тулд чин үнэнээсээ өөрийгөө болон хэн нэгнийг сонгуулахын төлөө биш улс орны асуудлыг шийдэхэд улс төр хийгээд нэрээ дэвшүүлэх, түүний төлөө тэмцэх, хамтрах итгэл үнэмшил байвал бидэнтэй нэгдэж болно. Харин ойрын эрх ашгийн үүднээс зөвхөн сонгогдохын төлөө мөнгө хаяад гарч ирнэ гэж байгаа бол бидэнтэй нэгдэх боломжгүй.
-МАХН-аас иргэдийг байртай болгох амлалт өгч байх шиг байна. Үүнтэй адил ХҮН ирэх сонгуулиар ямар “хөзөр” дэлгэх вэ?
-Монгол Улсын өнөөгийн авлигын системээс салгах, нийгмийг туйлдуулж байгаа бугшсан асуудлуудыг шийдэх хөгжлийн стратеги бидэнд байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд заавал худлаа ярих албагүй. Байр өгнө, зээл тэглэнэ гэж иргэдийг хууран мэхлэх шаардлагагүй. Ийм төрлийн амлалтыг бид эрс эсэргүүцэж байгаа. Улс төрийн намууд 30 жил амлалт өглөө. Юу ч шийдсэнгүй. Баахан амлалт, түүнд хууртсан иргэдтэй л явж ирлээ. Үүнийг халахын тулд ХҮН ажиллаж байна.
-Монгол Улс тулгамдсан асуудлуудаасаа яаж салах вэ?
-Бүх анхаарлаа хүн рүүгээ чиглүүлэх учиртай. Зам, гүүр, байшин барилгад бус эцсийн дүндээ хүүхдэд, багшид, эмчид, иргэнд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, хөгжих бололцоог олгох ёстой. Гоё байшинд цалингүй төрийн албан хаагч ажиллаж байгаа нь авлига бий болох нөхцөл үүсгээд байгаа юм. Энгийн мэт боловч зарчмын томоохон өөрчлөлтийг ХҮН хийх болно.
-Орон нутгийн сонгуульд жижиг намуудын эрх ашиг хэрхэн тусгагдсан гэж үзэж байна вэ?
-Үндсэн зарчим нь монголчууд намчирхахгүй болмоор байна. 30 жил намчирхлаа. Ардчилал гэдгийг намчирхах гээд андуурчихсан. Үнэндээ ардчилал гэдэг нь олон ургалч үзлээр бие биеэ хүлээн зөвшөөрч, саналаа нэгтгэхийг хэлдэг болохоос талцаж байгаад хоорондоо муу, сайнаа үзэлцэхийг хэлдэггүй. Тэгэхээр орон нутгийн сонгуульд намчирхахыг болиулмаар байна. Зөвхөн орон нутгийн сонгууль бус УИХ-ын сонгуульд ч хэт намчирхах байдлыг халах хэрэгтэй. Мэдээж орон нутгийн сонгууль чухал. ХҮН анхааралтай ажиглаж байна. Олон нэр дэвшигчийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-ХҮН байгуулагдаад хоёр ч сонгуультай золголоо. Өнөөдөр ямар хамт олон болж төлөвшөөд байна вэ?
-ХҮН Монгол Улсад үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд нийгмийн захиалгаар байгуулагдсан улс төрийн хүчин. Бид үнэхээр нийгмийн захиалга, иргэдийн итгэлийг даагаад явахын тулд ямар нэгэн хуйвалдаанд орох ёсгүй. Эсвэл намуудын хийж байгаа одоогийн соёлыг өөрчлөх ёстой. Мөнгөнд дулдуйдсан, хэнийг ч хамаагүй албан тушаалд томилдог “наймаа”-г болиулах ёстой. ХҮН яг энэ зарчмаа бариад явсан. Өнгөрсөн хугацаанд бидэнд төрөл бүрийн бэрхшээл тулгарч байсан. Намыг маань булааж авах оролдлогууд гарсан. Худалдахыг завдсан. Харин бид зарчимдаа тууштай, үнэнч байснаараа ялж чадсан. Цаашдаа ч бид үнэт зүйлээ хамгаалаад улс төрийн зөв соёлыг Монголд төлөвшүүлж ажиллах зорилт тавиад байна. Тэгэхээр бидэнд тодорхой туршлага байна. Улс төрийн довтолгоог давж гарсан эр зориг байна. Мэдлэгтэй, боловсролтой дэмжигчид байна. Цаашдаа Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах үр хөврөлийн орчинг бид бүрдүүлээд явж байна.
-ХҮН-д гаднын хамтын ажиллагаатай эсвэл үлгэрлэн дуурайдаг нам бий юу?
-Үлгэр дуурайл болохуйц намууд гадаадад байна л даа. Гэхдээ бид гадаадаас туршлага судлаад, тэднийг даган дуурайхыг хүсдэггүй. Бид монголчууд. Тиймээс Монгол Улсын төрт ёсны 2000 жилийн түүхийг авч үзээд юун дээр алдсан, юуг сайн хийсэн бэ гэдгийг нь судалсан. Монгол Улсынхаа өнөөгийн асуудлыг шийдэхийн тулд хэн нэгнээс хуулах бус монголчууд өөрсдөө яаж гарч чадах вэ гэдэг шийдлийг боловсруулаад үүний төлөө тэмцэж нам байгуулсан хүмүүс. Тэгэхээр ХҮН-д бусад намд байхгүй монголчуудад тохирсон хөгжлийн төлөвлөгөө байгаа. Бид монголчууд. 2000 жилийн төр ёсны түүхтэй. Түүхэндээ сайн, муу бүхнийг давж гарсан үндэстэн. Бусдаас сурах биш өөрөө өөрсдөө арга замаа олоод Монгол Улсын хөгжлийн шинэ загварыг бүтээх ёстой. Үүнийг монголчууд чадна. Чадна гэдгийг харуулахын тулд бусдыг сэрээж, манлайлахын тулд ХҮН байгуулагдсан.
-Нууц биш бол хөгжлийн төлөвлөгөөнөөсөө танилцуулахгүй юу?
-Ерөөсөө амархан. Монгол Улс цөөхөн хүн амтай. Гэхдээ маш их баялагтай, хүсэл тэмүүлэлтэй ард түмэн. Энэ хүсэл тэмүүллийг нь боомилж, хүслийг нь хангаж чадахгүй байгаа болохоор иргэд бухимдаад байгаа юм. Түүнээс гурилгүйдээ, будаагүйдээ бухимдаад байгаа юм биш. Монгол Улс гурван зүйлийг хамгийн чухал. Нэгдүгээрт, хүний хөгжил. Монгол Улс иргэдээ хөгжүүлэхэд хамаг хүчээ хаямаар байна. Байшин барилга биш. Монгол хүн мэдлэг боловсролтой, эрүүл байхад бүх анхаарлаа хандуулъя. Хоёрдугаарт, технологи. Гуравхан сая хүн 300 сая хүний дайтай бүтээлч байхын тулд технологийг ашиглах ёстой. Үнэндээ бидний гурван сая хүн хөрш улсынхаа нэг хотын хүн амаас ч цөөхүүлээ байна. Технологиор дамжиж л гурван тэрбум хүний дайтай бүтээлч байж чадна. Ингэж байж дэлхийн Монгол болж гарч ирнэ. Гуравдугаарт, байгаль экологи. Монгол угаасаа нүүдэлчин улс. Уур амьсгалын дулаарал бүх дэлхийг түгшээж байгаа энэ үед яаж байгаль орчинтойгоо ойр бөгөөд баян хөгжингүй улс болох боломжтойг харуулах учиртай. Ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч гээд байгальд ээлтэй шинэ технологиудыг хөгжүүлээд цөөхөн хүн амтай улс дэлхийд цойлох хөгжлийн загварыг хэрэгжүүлэх боломжтой.
-Монгол Улсын үе үеийн Засгийн газраас Та бүхэнтэй ижил хөтөлбөрийг үйл ажиллагаанд тусгадаг гэж бодож байна.
-Санаа нь зөв. Монголд ийм санаа зөндөө байгаа. Технологийг хөгжүүлэх, байгаль экологийг хамгаалах, хүнээ дээдлэх гэж ярьдаг. Харин хэрэгжүүлсэн ажил алга. Зөвхөн ярих түвшинд байна. Үүнийг хийхийн тулд үндэсний зөвшилцөл хэрэгтэй. Төрийн гурван өндөрлөг, улс төрийн намууд, Монгол Улсын иргэн бүр гол зарчим дээрээ нэгдсэн байх ёстой. Үндэстнээрээ нэгдэж чадаагүй нөхцөлд хэн нэгэн даргын шоу болоод дуусна. Ингэж бид 30 жил явсан. Тийм болохоор үндсэн зарчим дээрээ нэгдсэн улс төрийн хүчнүүдтэй ХҮН санамж бичиг байгуулж байгаа юм. Үнэхээр бүх намууд, бүх мэргэжилтнүүд Монгол Улс энэ технологийг хөгжүүлэх ёстой юм байна, байгаль экологид ээлтэй хөгжлийн бодлого хэрэгтэй юм байна гэж нэгдэж чадвал жинхэнэ хөгжил ирнэ. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр хийгээд байгаа бүх ажлын төлөвлөгөөгөө нэгтгэсэн зузаан цаасыг хөгжлийн бодлого гэж хэлдэггүй юм.
-Нийгмийг нэгдсэн зарчимд уриалахын тулд ХҮН юу хийсэн бэ?
-Аль ч улсын түүхийг аваад үзсэн анхнаасаа зөв байж улсыг зөв удирдана уу гэхээс буруу байж байгаад дараа нь зөв болдоггүй. Удирдагчид нь юуг эрхэмлэдэг, юунд дуртай байна иргэд нь яг тийм болно. Хэрэв манай дарга нар морь уядаг, чамин хувцасладаг, ганган машин унадаг, авлига авдаг, хулгай хийдэг бол иргэд бүгд тийм болохыг хүснэ. Дээр нь ямар хүн байна, нийгэм яг тийм байна. Тэгэхээр улс төрийн шинэчлэл хийж, Монголын ирээдүйд тохирох улс төрийн хүчнийг гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол нийгэм эрүүлжинэ.
-Та намын даргын хувьд ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ?
-Зөв асуулт л даа. Хүнийг танихын тулд өнгөрснийг нь харах учиртай. Ямар ажил хийж байсан, юу амжуулсан, хамт ажиллаж байсан хүмүүстээ ямар нөлөө үзүүлсэн зэргийг нь судалдаг. Хэрэв хулгай хийсэн бол хулгайчийн түүх л гарч ирнэ. Миний хувьд худлаа хэлж, хулгай хийсэнгүй. Олон нийтийн ажил хийж ирсэн. Бизнесийн байгууллагуудад ногоон санхүү, ногоон эдийн засаг, тогтвортой хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан байна. Өөрийнхөө тухай ярьдаггүй боловч банк санхүүгийн салбарт багагүй ажил амжуулжээ. Би бусдыг нэгтгэхэд анхаардаг хүн. Хүмүүсийг том зорилгын төлөө нэгтгээд явах юм бол монголчууд сэргэлэн учраас амархан амжилтад хүрчихдэг юм. Гагцхүү монголчуудад ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэх бус ажиллах орчныг нь бүрдүүлээд том зургийг нь гаргаад дарга нар нь зөвшилцөж чадах юм бол Монгол Улсын асуудал дороо шийдэгдэнэ.
Сэтгэгдэл ( 18 )
ovoo doo, zutgeerei zaluus aa
ЭНЭ СДААД ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨ АМАРХАН ХООЛ ХАРАГДААД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА !
Найдалаагийн нам - Хөдөлмөрийн Үндэсний Нам\nГитлерийн нам - Германы Хөдөлмөрийн Үндэсний Социалист нам \nНацист үзэл баримталалтай биш л юм бол Гитлерээс зээлдсэн энэ нэрээ өөрчил.
sain bnaa. demjine odoo uur songoltgui.
35 хүртлэх насны залуучуудыг бүгдийг сонгууль өгүүл. толгойд нь сайн цэнэг өг
Хцрцын хулхи нам. Юуч хийдэггүй хулхи нам
ХҮН намыг анхнаас нь дэмжиж байсан. Ганбатартай нийлээд итгэл алдсан. Харин ганбаатарын арганд оролгүй хөөж гаргаад тууштай ингээд явж байгаад баярлаж байгаа. Одоо бол бүрэн дэмжнээ. Хий нь гарч бүр хүчтэй болсон байхаа
bodnuusiig oilgoh demjih ni XYH namiin ah egch nar gej boddog. Nimdorj Enhtubshin Enkold naraas zalhajiin. Naidlaa ahiig songono urialnaa
XYH demjii shuu, manaihan lab demjiheer yarij shiidstseen
Ард олныхоо саруул ухаанд итгэж байнаа. Одоо Хулхи МАНгаруудаас санал нэгтэй сална биз дээ
Safe and healthy school and home to every child
та нар ч итгэл даах нөхдүүд биш урваж шарвана ардчилсан намын утсан хүүхэлдэй байсан чинь удаагүй байна аа
Нэр бол сүртэй улстөрчдөд итгэж найдах үе дууссан.
ТАНАЙ НАМЫН АРД БАЯР ОЮУТОЛГОЙ БАЙГАА ТЭД ТА НАРЫГ САНХҮҮЖҮҮЛЭНЭ ТЭГЭЭД ТА НАР ТЭДНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛНО ТЭДНИЙГ ХАМГААЛНА ТЭДЭНД МӨНГӨ ОЛЖ ӨГНӨ ГЭХ ЮМ ҮНЭН ҮҮ !!!
Ene chin bas l nuguu xedii noxoi shvv
ирэх сонгууль бахь байдгаараа л болох нь ойлгомжтой . Нямдорж Лүндээ Эрдэнэ мэтийн бүх насаараа зөөлөн сандалд заларах гээд ухаа алга бас л үз гэнэ шүү .Үгүй юм аа гэхэд тэдний өв залгамжилсан үр хүүхдүүд нь УИХ гарч ирэх нь ойлгомжтой ш дээ .Ардчилал нэр зүүсэн дахиад л 30 жилийн дарангуйлал шинэ хонгил
Ирэх сонгуулаар өөрчлөлт бага гараасай. Одоо улс төр хийж байгаа хүмүүс нь алдаанаасаа суралцаад ёс зүй, хариуцлагаа дээшүүлэх нь зөв. Бас өөр нам, улс төрч нар улс төрд суралцахыг хүлээх нь Монголын тусгаар тогтнолд аюултай. Танай намыг улсаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэмжээнд байхад хангалтай гэж бодож байна. Дотоод зөрчлөө арилгаад үзэл бодлооо зүгшрүүлэх биз ээ.
Танай нам МСДН-тай (А.Ганбаатар) эвсэх талаар яриад олон хүний итгэлийг алдах эхлэлээ тавьсан. УИХ-н сонгуульд танай нам дангаараа оролцох юм бол дэмжинэ, өөр намтай эвсэх юм бол дэмжихгүй гэдгээ шуудхан хэлье.