Эх орны зүүн хязгаар, домогт буурал Дорнодын тал нутаг өөрөө арвин баялаг түүхтэй. Наад зах нь дарийн утаа үнэртэж, дайны хөлд дарагдаж байсан домогт тал. Мөнхүү “Монголын нууц” товчооноо өгүүлдэг олон домогт газар, ус бий гээд дурдвал яах аргагүй аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжүүлэх шаардлага бий.
Дорнод аймаг бол их хатдын өлгий нутаг хэдий ч монголчууд түүхэн хүмүүсээ, тэр тусмаа баатруудаа тодруулах ажлаа хийсэнгүй гэдгийг хаа хаанаа шүүмжилдэг. Өнөөдөр Хэнтий аймгийг Чингис хааны төрсөн нутаг гэдгийг тодруулснаас тухайн үеийн баатрууд, түүхэн хүмүүсээ тодруулж чадаагүй л байна. Өвөрмонголчууд гэхэд бүгдийг нь тодруулж, аялал жуулчлалын нэг тулгуур бүс болгожээ. Дорнод аймагтай хил залгаа Хятадын Алтан эмээл тосгоныг Балжин хатны нутаг, цаашлаад Хасарын нутаг гээд тогтоочихсон байх. Гэтэл буурал түүх нь байхад бид яагаад болохгүй гэж. Яах аргагүй л Хэнтийг Чингис хааны нутаг гээд хүлээн зөвшөөрчихсөн учраас булаалдах аргагүй. Гэтэл Дорнод аймаг Өүлэн, Бөртө хатны төрсөн нутаг байх жишээтэй.
Үнэн хэрэгтээ гадаадын жуулчид болон бусад хүмүүс ирэхээрээ “Монголд очихоор манай тэр хаан, тийм хатан төрсөн газар гээд юу ч үгүй хоосон газар үзүүлдэг. Та нар түүхэн дурсгалт газартаа тодорхой зүйл байгуулж байж хүн үзүүлэх ёстой болохоос биш хоосон газар авчирч хоосон домог яриад цааш явахгүй” хэмээдэг нь туйлын үнэн. Гэтэл Дорнод аймаг гэхэд Чингис хааны ээж, хатных нь төрсөн нутаг байх жишээтэй. Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймагт “Андлалын өргөө” гэх мэт утга учир нь үл мэдэгдэх зүйл хийж л байна. Гэтэл хаяа залган орших Дорнод нутагт домогт Өүлэн, Бөртэ хатан төрсөн байна. Тийм дээ ч дорнодчууд Чойбалсан хотоо Өүлэн эхийн төрсөн нутаг гэдгийг түүхчдээр баталгаажуулан эрдэм шинжилгээний хурал хийх төлөвлөгөө ч зуржээ. Өнөөдөр Өүлэн бол энд байсан, тэнд байсан гэх зэргээр маргах байх. Энэ нь огт хамаагүй хэрэг. Түүхийн үнэт сурвалжаа жанжин шугамаа болгож, нэг талд санал нэгдэх хэрэгтэй.
Жишээ нь, Алтан орд бол Чингис хааны хамгийн сүүлд амьсгалсаны төлөө байгуулагдсан хот гэдэг. Бид олон жилийн турш маргаж байж Чингисийн төрсөн өдрийг тогтоосон, үүн шиг Өүлэн эхийн төрсөн газрыг маргаж байж л батлан тогтооно. Эрдэмтэн мэргэд, зохиолчид, түүхчдийг цуглуулж байгаад ч юм уу ямар нэгэн байдлаар арга хэмжээ зохион байгуулсан нь илүү үр дүнд хүрнэ. Одоогийн байдлаар Өүлэн эхийг Баян-Уул сумынхан манайд төрсөн, Халх гол манайд төрсөн гээд булаалдаж байна. Энэ нь сайн хэрэг. Булаалдаж маргалдаж байна гэдэг нэг тийш хөдлөхийн дохио байх.
Энэ бүхнийг хийхэд арвин их төсөв шаардагдах ч Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр тэргүүтэй нөхөд “Төсөв хөрөнгө, нэгдсэн бодлого төлөвлөгөө хараад бүтэхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө хэмжээнд их бага хэмжээгээр ямар нэг зүйл хийж л байх хэрэгтэй. Нэг их том зүйл бодоод яахав, Бие засах газраасаа л ажлаа эхэлчихэд болно. Улс, аймаг, сумын хэмжээнд хийх ажлыг нь төлөвлөөд гаргаад өгчих юм бол цааш явчихна. Дорнод орох зам дагуу бие засах газраа байгуулаад гадна дотны зорчигчид төлбөрөө төлөөд үйлчлүүлээд явж болно шүү дээ” хэмээн чамгүй бодит зүйлсийг төлөвлөснөө дуулгаж байсан.
Дорнод бол аялал жуулчлал хөгжих боломжтой, түүх дурсгалтай газар. Цар тахал дэгдэхээс өмнө “Хавирга” боомтоор жилд 60 мянган хүн хятад руу гардаг ч Хятадаас 3000 хүн орж ирдэг аж. Тэд аялагчид ч биш, дийлэнх нь Монгол Улсад ажиллахаар ирж байгаа хүмүүс байдаг гэнэ. Энэ урсгалыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор байгааг удирдлагууд дуулгаж байсан. Үүнийг зөвхөн орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудал биш учраас дээд түвшинд анхаарах цаг нь болсон.
Дорнод аймгийн тухайд тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймагтай хиллэж, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймагтай хиллэдэг зүүн бүсийн тулгуур төв гэхээр яах аргагүй аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.
Үүнээс гадна тус аймагт Мэнэн, Тамсаг, Матадын уудам тал, Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрөм, Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газар бий. Ухаа, гүвээ бүхий тал нутаг зонхилох ч X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөө зэрэг түүхийн дурсгалт газар арвинтай юм. Ийм л газрыг аялал жуулчлалын түшиц газар болгох учиртай.
Сэтгэгдэл ( 0 )