”Рок мангас” Р.Мөнхсайхан: Би сонголт сайтай, дэлгүүр хэсэх дуртай болохоор хүүхнүүд надтай хамт явах дуртай байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

Ард түмнээсээ "Рок мангас" гэх нэрийг хүртсэн Р.Мөнхсайханг гитаргүйгээр, мотоцикльгүйгээр, бас рок хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэрээр кино найруулж, клип хийж, хоолны нэвтрүүлэг хөтөлж, бас "Миний сүлжээ" дэлгүүрийн Худалдаа эрчимжүүлэлтийн албаны хугацаат захирлын албыг хашиж буй аж."Соken beat" наадмын шүүгчээр ажиллаж буй Р.Мөнхсайхантай уулзах гэж нэлээд эрэл сурал болсны эцэст тус тэмцээний бичлэгийн дараа харуй бүрий болсон хойно ярилцах боломж сая нэг олдсон юм.

-Та нэлээд завгүй байдаг бололтой. Дөнгөж сая телевизийн бичлэгээс

гарч ирлээ. Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Зуны дэлгэр цагт урлагийнхан их ажилтай болчихдог. Миний ажил цаг үе, улирлаараа өөр байдаг. "Соken beat”-ын шалгаруулалт болж байна, мөн мотоцикльчид маань гарчихсан байгаа. Саяхан цугларалтаа хийсэн. Киноны ажлууд эхэлсэн. Мөн би "Миний сүлжээ" дэлгүүрийн Худалдаа эрчимжүүлэлтийн албаны хугацаат захирал гэдэг албан тушаалыг хашиж байна. Энэ ажил маркетингийн нарийн ажил болохоор их сонирхолтой. Тиймээс хамгийн гол анхаарлаа үүн дээр төвлөрүүлж ажиллаж байна даа.

-Та кино найруулж, тэмцээн шүүж, бас сүлжээ дэлгүүрийн захирлын алба хашиж байна. Энэ олон ажлуудыг хэрхэн амжуулдаг вэ, нэг хүнд хэтэрхий ахадсан олон ажил юм шиг санагдах юм?

-Миний хийж буй ажлууд ганцхан миний биш, хамт олны хөдөлмөр. Тухайлбал, "Соken beat” шоуг Сосо Соlа, Total music, Боловсрол суваг телевиз хамтран зохион байгуулж байна. Миний хувьд зөвхөн шүүгчээр оролцож, зохион байгуулалтанд нь санаа оноогоо хэлдэг. Би хамт олонтой цуг байгаадаа баяртай байдаг учраас хүний ажилд саад болохгүйгээр өөрийнхөө ажлын цагийг зохицуулахыг хичээдэг. Тэгэхээр хамт олны хүчээр ажлаа амжуулж байна. 

-Та рок попын тогоонд олон жил чанагдсан болоод ч тэр үү, залуу уран бүтээлчдэд их шүүмжлэлтэй ханддаг. Мэдээж сайн уран бүтээлчид төрүүлэх гэж тэгдэг биз. Харин сүүлийн үеийнхэнд ямар дүн тавихаар байна вэ?

-Манай рок поп буцаад цэцэглэж эхэлж байна. Үүний тод жишээ бол "Coken beat”. Яг шилжилтийн үед хүмүүс ганзагын наймаанд явж, хүүхдүүдээ анзаарахгүй орхисон. Тэгээд зөвхөн охидынхоо боловсролд анхаарч, дээд сургуулийн нэг ангийн талаас илүү хувь нь охид байх жишээтэй болсон. Тэр үед рок хөгжмөөс олон хүн хөндийрсөн. Ялангуяа, мэргэжлийн урлагийнхан. Харин тэр цаг үе арай өөрчлөгдөж, залуучууд амьд хөгжмөө сонирхож, хөгжимчид, дуучид, хамтлагууд шинээр төрөн гарч ирж байна. Эдгээр хүүхдүүд ганц, хоёрхон дуутай дуучин болох бус, харин илүү нухацтайгаар шийдвэр гаргаж урлагийн амьдралыг сонгож  байгаа нь сайшаалтай. Шинэ залуу үеийнхэндээ "Сайн" гэсэн дүн тавьж байна даа.

-Сүүлийн үед телевизээр маш олон шоу нэвтрүүлэг, шалгаруулалт гарах болсон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Саяхан кино театрынхан энэ долдугаар сард 40-өөд кино мэндлэх нь ээ гэж ярьж байна. Тэдгээр кинонууд бүгд гоё байна гэдэгт хэн ч итгэхгүй. Гэсэн ч энэ бол хөгжлийн нэг үе шат юм. Түүний дээр сүүлийн үед олон ангит кино их гарч буй нь уран сайхны киноны хөгжилд түлхэц өгч байна. Учир нь энэ хэрээр туршлага хуримтлагдаж, техник, технологийн хувьд ч шинэчлэгдэнэ шүү дээ. Үүнтэй адил манай телевизүүдээр гарч буй шоунууд бол барууны оронд аль хэдийнэ хөгжчихсөн нэвтрүүлгүүдийн хуулбар. Ер нь зуу зуун жилийн хугацаанд хөгжиж, өөрийн гэсэн дэг жаяг, дүрэм журам, хуультай болчихсон зүйлийг монголчууд өөрсдөө бие дааж зохиоход хэцүү. Тэгээд ч урлаг хүн бүрийн дотор байдаг юм. Спилберг "Хүн бүрийн дотор кино байдаг" гэсэн утгатай үг хэлсэн байдаг юм. Би үүнийг хааяа туршиж үзэж хүмүүсээс "Хэрэв чи найруулагч байсан бол ямар кино хийх байсан бэ" гэж асуудаг. Тэгэхэд хүн бүр нэг санаа хэлж, ярьдаг. Дуу ч гэсэн үүнтэй адилхан. Хүн бүр дуулахыг хүсдэг учраас хэн нэгнээр биеллээ олж байгаа учраас түүнийг харж, сонсож баясдаг шүү дээ.

-Таны найруулсан кино Берлиний кино наадмаас "Болор баавгай" шагнал хүртэж байсан. Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах телөвлөгөөтэй байна вэ?

-Одоогоор хэд хэдэн кино төслийн санаатай байгаа. Энэ жилдээ багтааж нэгийг нь сонгож хийх бодолтой байна. Саяхан "Татар ажиллагаа" Оросын кино наадмаас шагнал хүртсэн. Киногоор олон улсын тавцнаас хоёр шагнал авчихлаа. Тиймээс үүнээсээ илүү гарсан зүйл хийх бодол төлөвлөгөөтэй байна даа.

-Таныг залуу байх үед рок хөгжим сонсож, этгээд хувцасласан хүмүүст соц нийгэм таатай ханддаггүй байсан. Адаглаад л хүмүүс янз бүрээр харж, цагдаа нар өмд хувцсыг нь хайчилдаг байсан гэж сонсож байсан юм байна. Тэр тухайгаа одоо дурсвал сонин байх болов уу?

-Тухайн үед бид бүгд жигд байх дүрэм журамтай ертөнцөд амьдарч байсан. Миний хувьд багаасаа л гитар тоглож урлагийн амьдралд хөл тавьсан. Тэгээд металл хувцсаа өмсөөд гудамжаар явахаар хүмүүс мэл гайхаад зогсчихно. Мэдрэл муутай хүнийг хүмүүс сонирхож, харж, хүүхдүүд дагаж гүйдэг дээ. Яг тиймэрхүү. Ер нь тухайн үеийн хүмүүс намайг "Юмтай гар байна" гэж боддог байсан байх. Харин өнөөдөр рок хувцас бүх хүмүүсийн амьдралын хэв маяг болж, том төмөртэй цүнхтэй болохыг хүүхэн бүр мөрөөддөг болчихсон болохоор намайг анзаарч хараад байх хүн байхгүй. Харин ч хоцрогдмол харагддаг юм болов уу. Учир нь рок хөгжим хөгждөг. Сүүлийн үеийн металл хөгжим сонирхогчид өмнөх шиг үсээ урт ургуулж, савхин хувцас өмсөхөө больчихсон. Харин богино шорт, кеттэй, биеэрээ дүүрэн шивээс, пирсингээр имижээ бүрдүүлдэг болж. Тэгэхээр намайг харсан хүүхдүүд уртын дуучин, эсвэл хөдөөний ковбой маягаар харах байх. Түүний дээр мэдээлэл хурдассантай холбоотой шинэ залуу хамтлаг, дуучид хэдийнэ байр сууриа олчихсон орон зайд гарч ирэхэд хэцүү болчихож байгаа юм. Тиймээс нэгэнт эзэрхийллээ олчихсон хүмүүсийн тусламжийг хүсэх болсон. Надад олон залуус хандаж байгаа, одооноос залуусаа дэмжиж ажиллана гэсэн бодолтой байна.

-Та хуучнаар ЗХУ-д театрын сургууль төгссөн байх аа. Тэгсэн хэрнээ рок попод илүү их анхаарч ажилладаг. Ер нь таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би театрын мэргэжилтэй шүү дээ. Тухайн үеийн Соёлын яамнаас Оросод драмын театрын мэргэжилтэн бэлтгэхээр 15 хүнийг сургаж байсан юм. Түүнд Хасар Жагаа, Урнаа нар байсан. Бид бараг хамгийн сүүлийн төгсөгчид нь байх. Би театрын сургуульд сураад давхар найруулагчийн мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд театрт ирээд түүний дараа телевизэд орсон. Харин хөгжмийн тухайд дөрөвдүгээр ангиасаа л гитар тоглосон доо. Тухайн үед Монголын Пионерын ордны Пүүжээ багшийн удирдлаган дор үлээвэр найрал хөгжмийн дэргэдэх "Улаан бүч" хамтлагийн гитарчин байлаа.

-Таныг ард түмэн "Рок мангас" гэж нэрлэдэг. Харин танд энэ хоч ямар санагддаг вэ, хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүн бүр л хочтой байсан шүү дээ. Эхний үед найз нөхдийнхөө хүрээнд яригддаг хоч байсан болохоор нэг их тоодоггүй байсан юм. Яваандаа хэвлэл мэдээлэл чөлөөтэй болж хоч маань олон нийтэд гараад ирэхээр би их эвгүйцэж санаа зовдог байсан. Харин яваандаа дассан. Тухайн үед би "Монстер" гэдэг үгийг орчуулсан юм. Ер нь дайсны тал хүчтэй байх тусмаа үлгэр амттай байдаг шүү дээ. Тиймээс рок хөгжимд алдартайг нь мангас гэдэг гэж орчуулж хэлж байсныг найруулагч Дука надад хоч болгон өгчихсөн гэж бодоод байдаг юм. Бид хоёр дотны сайн андууд. Дука маань Гималайд гарсан.

-Таны найз Гималайд авирчээ. Харин танд ууланд авирах сонирхол байдаг уу?

-Би театрын ажилтай болохоор суурин ажилдаа илүү юм шиг байгаа юм. Миний аав Равдан Соёлын яамны “Соёл” сэтгүүлийн эрхлэгч байсан, сэтгүүлч, урлаг судлаач хүн. Намайг нэрнийхээ өмнө "Р" овгоо тавихаар хүмүүс өөрийгөө рок гэж бичлээ гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Аав минь надад сууж бичих дадал төрүүлсэн. Би бичиж, бас унших дуртай. Хүүхэд байхдаа нэг найзтайгаа "Номын сайн нөхөр" болзлыг хангахын тулд номын санд их очдог байлаа. Найз маань хамгийн нимгэн номнуудыг түүж уншаад маш хурдан номын сайн нөхөр болчихсон. Харин би ном унших явцдаа дурлаж, жинхнээсээ уншдаг болж нэлээд удаж байж "Номын сайн нөхөр" болж байсан юм. Хойно оюутан байхад өрөөний маань найз урлаг судлаач Жамбалжамц гэж залуу бид хоёр уншсан номоо их ярилцана. Тэгэхээр унших, бичих дуртай хүн ууланд авирах зориг хүрээгүй юм шиг байгаа юм.

-Харин одоо ном унших зав гаргаж байна уу, хамгийн сүүулд ямар ном уншсан бэ?

-Ном унших зав өөртөө гаргалгүй яахав. Хамгийн сүүлд Харри Потерын сүүлийн ангийг уншсан. Хүмүүс намайг Харри Потерыг уншдаг гэхээр их гайхаж асуудаг юм. Тэр бол үнэхээр гайхалтай бичсэн зохиол. Олон хүүхдүүдийг компьютер тоглоомноос салгаж чадсан. Энэ бол гайхалтай ялалт.

-Тэгвэл та өөрөө ном бичье гэсэн бодол байдаг уу. Сүүлийн үед хүмүүс амьдралынхаа дуртгалыг их бичдэг болж? 

-Би дууны үг бичдэг. Миний бичсэн зарим дуу хүмүүст хүрчихсэн байдаг л юм. Гэхдээ энэ бол яруу найраг биш. Тэрийг бичихэд огцом эмоци хэрэгтэй. Би бас клипний зохиол бичдэг. Энэ бол богино хэмжээний өгүүллэг. Кино гэвэл арай зузаан болох нь ээ. Одоогоор тэрнээс арай хэтрээгүй л байна. Роман ч юм уу, амьдралынхаа тухай зузаан ном бичсэн хүмүүс тэсвэр тэвчээртэй, бодолтой, өгөөмөр сэтгэлтэй хүмүүс байдаг юм билээ. Би ингэж л боддог. Тэгэхээр би буурь суугаад өгөөмөр болоод ирвэл ном бичихийг хэн байг гэхэв. Гэхдээ одоо номноос илүү blog хүмүүсийн сонирхлыг татдаг болчихсон юм биш үү.

-Таны тухай ярихад мотоциклиэс салгаж боломгүй санагддаг?

-Хүмүүс мотоциклийг цочир хүлээж авч, аюултай гэж боддог ч их шохоорхдог. Би мотоциклио гадаа тавьчихсан байхад ээжтэйгээ хамт явж байсан хоёр настай хүүхэд шохоорхож, барьж үзэх гээд байсан. Гэтэл тэр хүүхэд юм ухаарах нас нь  болоогүй байгаа ч цаанаасаа хүнийг өдөөж байгаа юм. Мотоцикльтой явж байхад хүмүүс хүүхдүүддээ харуулна, тэгээд өмнөөс нь гараа даллавал их баярладаг. Тэгэхээр мотоцикль бол хүнийг цаанаас нь өдөөдөг унаа л даа. Насны хязгааргүй унадаг. Мотоцикль сонирхогчдын холбоо байгуулагдаад хоёр жил болж байна. Маш үр дүнтэй ажиллаж байгаа. Замын хөдөлгөөнд оролцоход зарим жолооч нар дургүйцэж уцаарлаад байдаг юм. Замын хөдөлгөөнд саад учруулж байна, тээврийн хэрэгсэл биш гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ залуусын унаад явж буй мотоциклиуд томхон жийпний үнэтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр үнийн хувьд ялгаагүй, авах кайфын хувьд шал өөр, замын хөдөлгөөний хувьд тодорхой хэмжээний дүрэм журамтай тээврийн хэрэгсэл шүү дээ.

-Салхи татуулан хурдалж байхад сайхан мэдрэмж төрдөг гэсэн?

-Монгол цустай хүн болоод ч тэр үү, мотоциклио унаад салхи татуулаад явж байхад маш сайхан мэдрэмж төрдөг. Хөдөөнийхөн бол түлхүү унадаг болчихсон. Англи хэлэнд мотоцикльтой хүн болоод морьтныг адилхан "rider" гэж хэлдэг шүү дээ. Нэг нь төмөр хүлэг, нөгөө нь амьтай ч хоёулаа адилхан гэж ойлгодог. Анзаарч байхад монголчууд мотоциклио хүлэг гэдэг утгаар нь морь шигээ санаж харьцаж, ярьдаг. Харин европ хүмүүс бол төмөр хэрэгсэл гэдгээр нь хүлээж авдаг юм билээ.

-Та хэр олон мотоцикльтой вэ?

-Би ганцхан мотоцикльтой. Манай орны нөхцөлд зуны гурван сард л мотоцикль унах боломжтой байдаг болохоор цуглуулаад байх шаардлага байхгүй ээ.

-Таны баргил хоолой, ширүүн дүр төрхийг харахад сүрдмээр санагддаг. Харин таны дотор хүн гаднах дүр төрхөөсөө хэр ялгаатай вэ?

-Би телевизээр гараад хүмүүст харагдаад байдаг болохоор хүмүүс намайг дотроо янз бүрээр төсөөлж боддог юм шиг байгаа юм. Зарим нь их сөрөг сэтгэгдэлтэй байдаг.  Хүмүүстэй танилцахаар намайг миний төсөөлж байснаас өөр хүн байна гэж хэлдэг. Үнэндээ би тэднийг намайг хэрхэн төсөөлдгийг ойлгодоггүй. Магадгүй тайзны дүр гэж ярьдаг шиг төрх байх.

-Та уур бухимдал, гомдол, гунигаа хэрхэн тайлдаг вэ?

-Би их огцом ааштай хүн л дээ. Эр хүн уйлдаггүй гэдэг талаар нэг номноос уншиж байсан юм. Түүнд эр хүн эмэгтэй хүнээс олон талаараа дутуу байдаг тухай бичсэн. Эрчүүд байгалиасаа олон зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй заяагджээ. Эрчүүд утсаар ярихдаа хөгжмөө заавал хаадаг байхад эмэгтэйчүүд хөгжим сонсонгоо утсаар ярьж, бас өөр зүйлийг хийж чаддаг. Энэ нь нэг талаараа давуу тал ч нөгөө талын бас дутагдалтай. Эрчүүд цохиулчихаад түүнийгээ бодоод мангартаад уйлахаа мартчихдаг юм байна. Харин бүсгүйчүүд орилж чарлаад, хөлөөрөө тийчлээд, нэг хүнийг загнаад олон үйлдэл хийчихдэг. Эр хүний олон зүйлд анхаарлаа хандуулж чаддаггүй байдал нь тэсвэр хатуужилтай юм шиг харагдуулаад байгаа ч жинхэнэдээ бол уйлахаа төвлөрүүлж чаддаггүй юм байна. Юу болсныг нь ойлгож өгдөггүй гэнэ ээ. Багадаа хүүхэд бүр л уйлдаг шүү дээ. Харин том болоод эр гормон нь хөгжөөд ирэхээр төвлөрч чадахаа больчихдог юм байна. Мөн эр хүний нулимс ховор гардаг. Яг төвлөрсөн үед их нарийн зүйл болсны дараа харуусал нь нулимс болж гарна. Биологийн хуулиар тайлбарлах юм бол ийм л юм. Уур бол мунхаг зүйл. Эргээд уучлалт гуйх чадвартай байх хэрэгтэй л дээ. Миний хувьд амархан уурлачихдаг тал бий. Түүнийгээ барих гэхээр бас болохгүй. Гэхдээ тэнэг зүйл дээр уурлаж бухимдсан бол эргээд уучлалт гуйх зоригтой байх ёстой гэж боддог.

-Өнгөрсөн амьдралаа эргэн хараад энэ амьдралаас олж авсан хамгийн үнэтэй зүйлээ хэлээч гэвэл?

-Миний хамгийн үнэтэй зүйл юу юм бол гэж бодож үзэж байгаагүй юм байна. Энэ амьдрал өөрөө их үнэтэй. Тиймээс надад бүх л зүйл үнэтэй санагдаж байна. Алдаа ч гэсэн үнэтэй. Тиймээс хүн тэр цэнийг нь бодоод түүнээсээ суралцдаг. Алдаа хийхээс айх болон айхгүй байх хоёр их ялгаатай. Зөв чигээ бариад явж байгаа хүмүүс алдаа хийхээс айдаггүй. Учир нь юмыг зөв хийж байгаа бол алдаж болно. Үүнийг эргээд засч болно. Харин буруу юмыг зөв хийгээд ч нэмэргүй шүү дээ. Тэгэхээр амьдралд байгаа юм бүхэн үнэтэй, мөч бүхэн жаргалтай гэж би боддог. Уулзалт болгон аз завшаан. Би чамайг танихгүй ч, утсаар их ярьчихсан, тэгэхээр чи бид хоёр өнөөдөр уулзаж би танай сониноор дамжуулан уншигчидтай уулзаж байгаа нь аз завшаан. Бидний амьдралд байдаг аз завшаан нь хүн юм гэсэн.

-Баярлалаа, та нэлээд шүтлэгтэй юм шиг санагдлаа?

-Би шүтлэгтэй. Миний өвөө багадаа лам байсан, дараа нь хар болж бөх болсон. Засагт хааны заан цолтой хүн байсан юм. Коммунизмын үед би өвөө дээрээ өссөн. Өвөө маань нууцаар бурхан шашнаа шүтэж мөргөдөг байлаа. Надад зул өргөх, арц хүж асаах гээд нандин ажлуудыг зааж сургасан. Нэг үе монголчууд бүгд шашингүй байсан. Ер нь шашныг ойлгох хэцүү. Гэхдээ ямар нэг юм шүтэж, итгэж, юмаа даатгаж байгаа бол сайн гэж би хувьдаа боддог.

-Тэгвэл та хэрэгцээтэй үедээ маань мэгзэм уншдаг биз?

-Лам болоод шүтэгч хоёр чинь өөр шүү дээ. Харин одоо манайхны зарим нь лам ч юм шиг их сонин болчихсон. Шашин шүтдэг хүн залбираад, буддын шашны филисофийг нь бодож байх ёстой. Азиуд бол тэр чигээрээ гүн ухаан. Энэ нь хөгжлийг нь хязгаарладаг, христийн шашинтай улсууд хөгждөг гэж ярьдаг. Гэхдээ гүн ухаан амьдралыг үнэ цэнэтэй болгодог. Амьдрал өөрөө тэр чигээрээ үнэ цэнэтэй. Маргааш хэнд юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Төгс юм гэж байхгүй юм чинь. Гэхдээ бурхан, нас барсан хүн хоёр төгс гэж хэлдэг.

-Таныг уншигчид маань сайн мэднэ. Харин гэр бүлийнхний чинь тухай төдийлөн мэдэхгүй?

-Би хүү охин хоёртой. Охин маань Хятадад сурдаг, хүү маань Сакура дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч. Энэ сургууль сургалт сайтай, сайхан хамт олон. Эхнэр маань хүүгээ хараад гэртээ байдаг. Миний өдөр шөнөгүй явдаг их ажлын ард дандаа эхнэр маань байдаг юм. Миний ханийг Хандаа гэдэг. Бид хоёр арван жилийн нэг ангийнх. Дунд сургуульд байхдаа бие биедээ их дургүй байсан юм, гэхдээ одоо бодоход дургүй байсан нь бие биенээ өөрөөр хардаг байсан юм шиг байгаа юм. Миний эхнэр Нийтийн ахуй үйлчилгээний технологич мэргэжилтэй, гутлын чиглэлээр Украйнд сургууль төгссөн.

-Та нэг үе хоолны нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэгэхээр өөрөө бас их сайхан хоол хийдэг болов уу гэсэн бодол төрөх юм. Гэрийнхнээ ямар хоолоор дайлдаг вэ?

-Би олон төрлийн хоол хийдэг, хоол хийх ч дуртай. Миний нагац ах Монгол Улсын мастер тогооч Батсайхан гэж хүн байсан юм. Тогооч хүн гэртээ хоол хийдэггүй шүү дээ. Тэгээд надад үүрэг өгнө. Ахлах тогоочийнхоо зангаар намайг загнана. Хутга барихаас эхлээд ногоо хэрчих гээд бүгдийг зааж сургасан. Би өөрөө хоолонд дуртай. Гурман гэж ярьдаг шүү дээ, юу л бол юу иддэг, өвс чанаад өгсөн ч иддэг хүн байдаг даа. Би тийм л хүн. Гэхдээ зарчмын хувьд шавьж, нохойн мах, могойн мах гурвыг ёстой иддэггүй. Би махчин Монголын үр сад учраас шавьжийг хоол гэж боддоггүй. Монголчууд нохойг хүний сайн нөхөр гэдэг учраас иддэггүй. Гэхдээ нохойн махыг эмчилгээний журмаар хүмүүс хэрэглэдэг шүү дээ. Тэр бол эмчилгээ болохоос амтархаж идэж байгаа хэрэг биш. Харин могойг лусын амьтан гэдгээр нь хүнсэндээ хэрэглэдэггүй. Би өөрөө загасны орд, луу жилтэй гэчихээд могойн мах идээд байвал "тэнэг" биз дээ. Би бага байхдаа гал тогоогоор эргэлдсэн хүүхэд байсан болохоор намайг хоолонцор гэдэг байсан юм. Оросын МАК нэвтрүүлгээс санаа авч анхны хоолны нэвтрүүлгийг хийж байлаа. Мэргэжлийн тогооч бус, олны танил хүмүүсийг урьж нэвтрүүлэгтээ оролцуулдаг байсан юм. Гэтэл тухайн үед намайг хоолны амтыг сайхан болж гэж худлаа ярьдаг гэсэн яриа хүртэл гарчихсан байсан. Үнэндээ олны танил хүмүүс бусдаас онцгой учраас амжилтад хүрсэн байдаг юм. Тиймээс амтлах мэдрэмж сайтай байдаг юм байна гэдгийг тэр нэвтрүүлгээр анзаарч мэдсэн. Тэгээд дээр нь зурагтаар гарч байгаа учраас завгүй байдаг хүмүүс хамгийн сайн хийж чаддаг ганц хоолоо л хийнэ шүү дээ. Миний хувьд олон төрлийн хоол хийдэг. Мөн дэлгүүр хэсэх дуртай. Гадаадад явж байхад бүсгүйчүүд надтай хамт дэлгүүр хэсэх дуртай байдаг. Нэгдүгээрт, ачаа зөөнө, хоёрдугаарт,  бусад эрчүүд шиг ядраад больё, би энд сууж байя гээд байхгүй, гуравдугаарт, сонголтод нь оролцдог болохоор надтай дэлгүүр хэсэх дуртай байдаг юм шиг байгаа юм. Гол нь би хүнсний дэлгүүр хэсч идэж үзээгүй зүйлээрээ хоол хийх дуртай. Би хоёр эмэгтэй дүү, охин, эхнэр, ээж гээд дандаа бүсгүйчүүдээр хүрээлэгдэж өссөн учраас тэд намайг хооллочихдог юм.

-Та дээл өмсдөг үү, таныг дээлтэй байна гэж төсөөлөхөөр нэг л сэтгэлд буухгүй байх юм. Гэхдээ мэдээж монгол эр хүн юм чинь үндэсний хувцас танд зохих байх?

-Одоо бол дээл их гоё болчихсон. “Торго” салоныхон надад жинсэн өмдөн дээр өмсөж болохоор хантааз хийж өгсөн. Мөн “Монгол костюмс”-ынхан надад хантааз хийж өгсөн. Тэрийг өмсөхөөр хүмүүс их гайхаад байдаг юм. Учир нь их өвөрмөц, тансаг л даа.

-Та байнга хамт олны дунд орж ажилладаг хүн. Харин ганцаархнаа байх үедээ юу хийдэг вэ?

-Гэртээ харихаар машинаа унаад явж байх үед ганцаараа байна. Ер нь ганцаараа байх үе их олон гардаг юм байна. Гэхдээ би ганцаараа байх их дургүй. Яг ганцаархнаа байх үедээ компьютер ухаад л ажлаа амжуулдаг. Манай охин багадаа гэртээ ганцаараа үлддэггүй хүүхэд байсан, харин хүү маань ганцаараа компьютерээ тоглоод үлдчихдэг.

Эх сурвалж: Хүмүүс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top