Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Үнэхээр ч харааны хурц, ухааны ур шаардсан нарийн чимхлүүр ажлыг бүтээлч сэтгэлгээгээр нэг бүрчлэн зурж, сийлж, урладаг болохоор аргагүй биз ээ. Хэн урласныг хийц, ураар нь хараад л мэддэг хүмүүс ч бий. С.Баянмонгол дархны хийц байна даа гэх ялгарсан ур бол тэрбээр үндэсний ур хийцийг дахин давтагдашгүй хээ хуар, чөлөөт сэтгэлгээгээр хослуулан урладаг. С.Баянмонгол нь Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийг 1996-2001 онд төмрийн дархан болон чимэглэх зураач, монгол дархны мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ. Түүний аав Дундговь аймгийн Луус сумын уугуул, Гавьяат жүжигчин Ч.Сүхээ бөгөөд өвөг эцэг нь уран дархчууд байсан гэдэг. Удам дамжсан авьяас билэг нь улмаар С.Баянмонгол хүүд өвлөгдөж алх, дөш цохисоор 20 жилийг үджээ. Энэ хугацаанд “Оргил үйлс” компанид ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан. Үүний зэрэгцээ тэрбээр 2010 онд СУИС-ийн театр, киноны тайзны зураач мэргэжлээр ч төгсөөд амжсан юм. Төгсөөд тайзны засал чимэглэл дээр ажиллаж байгаад сэтгэл зүрхээрээ татагдсан уран дархны амьдрал руугаа нэгэнт шуударчээ.
БҮТЭЭЛИЙНХЭЭ САНААГ ҮРГЭЛЖ УХААНДАА УРГУУЛЖ УР ХИЙЦДЭЭ АМИЛУУЛЖ ЯВДАГ
С.Баянмонгол эмээлийн тоноглол, ташуур, бурхан, мөнгөн аяга, ташуур, шатрын хөлөг, завьяа, гүц, домбо, айрагны сөн, мөнгөн оройтой монгол малгайн чимэглэл, хундага, цар, таваг, хэт хутга зэрэг эр хүний болоод эдлэл хэрэглэлийн бүхий л төрлийн бүтээл урладаг. Тэрбээр “Ган нүүдэлчин урлан”-д 2010-2013 онд цехийн даргаар ажиллаж, 10-аад ажилтан удирдаж, томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож байв. Түүний хийсэн мөнгөн баавартай эмээлийг Монголын толгой баячууд үнэ цохиж авч байсан бөгөөд бүрэн тоноглосон, чамин хийцтэй эмээл 250 сая хүрдэг аж. Орц ихтэй, үнэт чулуутай, алт, мөнгө орсон тансаг эмээлийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Асашёоро Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр зэрэг толгой баячууд үнэ цохиж авч байжээ. Баянмонгол сүүлийн долоон жил хувиараа дархны ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тэрбээр бүтээлийн чанартай зүйл хийдгээрээ онцлог.
С.Баянмогол “Заслаганы багажаа уран дархан хээндээ тааруулж өөрөө зохиож хийдэг. Дархан хүнд алх, дөш, заслаганы багаж, лав, өнгөлгөөний мотор, сэнс, цутгуурын багаж зэрэг нь гарын дор байх ёстой” гэлээ. Заслага гэдэг нь бүтээлээ эцсийн шатанд амилуулж, нарийн ур хийцийг нь давтаж, цохиж гаргах ажил юм. Дархан хүнийг хэмжих хэмжүүр нь заслага бөгөөд тэр хүртэл хөөлтүүрээр хэвээ гаргах, шавраар хэвээ авах, хэвээ цутгах, зураг эскизийг нь гаргах гээд олон хүний гар дамжин бүтээгддэг. Нарийн тайлбарлавал, үндсэн хэвэнд оруулахын тулд резинээр хэв авна. Гараад ирсэн хэвэндээ вокс буюу лаа шиг хайлмал материалаа хайлуулаад цутгана. Хатсаных нь дараа гипсээ дээр нь цутгаад 150 градусын зууханд хийхэд воск хайлна. Хайлсны дараа гипсэн хэвээ 700 градуст халааж байгаад хайлсан мөнгөө цутгадаг. Хэвэнд орсон мөнгөө засаж янзлахыг заслага буюу гүйцэтгэл гэдэг аж. Нэг эмээл хийхэд энгийн эмээлийг нэг сарын дотор, ажилбар шаардсан эмээлийг 2-3 сар ч урлах тохиолдол бий. Дарханы хээ, сийлбэрийн хээ, хатгамал, зээгт наамлын хээ тус бүрдээ өөр учраас уран дархан өөрийн хээн дээрээ суурилсан ур хийцээрээ ялгардаг. Жишээ нь Дарьганга хийц нь хөөлтүүртэй, давхар цохилттой, ар араасаа давхарласан хээтэй байдаг. Батноров хийц нь цутгуураар хийгддэг бөгөөд хээнүүд нь сүлжилдсэн, ороосон маягтай. Төв халх хийц нь хөөлтүүр, цутгуур хосолсон хэр нь Дарьганга хийцтэй төстэй. Мөн Ноён, Сэврээ хийц гэдэг нь Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумаас гаралтай бөгөөд хээ багатай цулгай, ирмэгээрээ орооцолдсон хээгээр ороосон байдаг. С.Баянмогол үргэлж хийх бүтээлийнхээ санааг оюун бодолдоо амилуулан дүрсжүүлж, зурж сийлж, хар зургийг цаасан дээр буулгаж, зохион бүтээж байдаг.
Тэрбээр “Би насаараа л суралцаж яваа. Одооны залуус хоёр, гуравхан сар сураад л дархан болчихлоо гээд бие даагаад урлан хийдэг. Гэвч нэр баастсан, бүдүүн баараг юм хийгээд таван төгрөгөөр өгчихдөг аж. Дархан хүн гэдэг бүтээлээ зоосны нүхээр харж хийж болохгүй, хамаг зүрх сэтгэлээ зориулж хийх ёстой”сумаас гаралтай бөгөөд хээ багатай цулгай, ирмэгээрээ орооцолдсон хээгээр ороосон байдаг. С.Баянмонгол үргэлж хийх бүтээлийнхээ санааг, оюун бодолдоо амилуулан, дүрсжүүлж, зурж, сийлж, бүтээлийнхээ хар зургийг цаасан дээр буулгаж, зохион бүтээж байдаг. Тэрбээр “Би насаараа л суралцаж яваа. Одооны залуус хоёр, гуравхан сар сураад л дархан болчихлоо гээд бие даагаад урлан хийдэг. Гэвч нэр баастсан, бүдүүн баараг юм хийгээд таван төгрөгөөр өгчихдөг аж. Дархан хүн гэдэг бүтээлээ зоосны нүхээр харж хийж болохгүй, хамаг зүрх сэтгэлээ зориулж хийх ёстой” гэж хэллээ.
ӨНДӨР ҮНЭ АМЛАСАН ӨВӨР МОНГОЛД АЖИЛЛАХААС ТАТГАЛЗАЖ ДАРХАН ЭХ ОРОНДОО ДАРХАН СУУСААР БАЙНА
Эртний Хүннүгийн үеийн дархчуудын хийц тайлагдашгүй уран нарийн хийцтэй. Төв гандан тэгчинлэн хийдэд Жанрайсиг бурхныг бүтээхэд Монголын бүхий л уран дархчуудыг дайчлан ажиллуулж байсан. Түүн шиг том бүтээн байгуулалт хийвэл гар бие оролцоход бэлэн гэдгээ тэр илэрхийлэв. С.Баянмонгол “Монголд уран дархчууд олон байдаг. Сүүлийн үед толгой цохиж яваа шилдэг дархчуудаас нэрлэвэл Д.Алтангэрэл, Мөнх-Оргил, Баяраа, Магванжав, Батзориг нар байна. Үүнээс хоёр нь Дундговийн хүн гээд бодохоор манай нутаг уран дархчууд сайтай. Өв тээгч гэдэг утгаараа дараагийн үедээ өөрийн чадвар, мэдлэгийг үр хүүхдэдээ өвлүүлж, гарын ганц хоёр шавьдаа сургаж үлдээхийг хүсдэг. Дархан хүн тэвчээртэй, сэтгэлтэй, мэдрэмжтэй байж л дархан сууж чаддаг” гэж залуустаа үг дайлаа. Монгол банк 2003 оны үед гулдмайгаар мөнгө зарж, дотооддоо цагаан мөнгөө хангадаг байсан боловч сүүлийн үед Солонгос, Хятадаас мөнгөө татдаг болсныг дашрамд дуулгая. Эрт дээр үед монголчууд мөнгөн аягандаа цайгаа ууж, мөнгөн хэт хутгаараа махаа огтолдог чамин ганган хүмүүс байсан нь түүхийн гэрэл зураг, видео хальснаа гэрч болон үлдсэн Зохиол бүтээлүүдэд ч гэсэн энэхүү дүр дүрслэл их чамин буусан байдаг. Нийгмээ дагаад энэ хэрэглээ орхигдсон ч сүүлийн үеийн залуус эргээд сэргээн хэрэглэх болжээ.
Моринд хайртай эрчүүд маань хүлэг морио эмээл хазаараас нь эхлээд ташуурыг нь хүртэл мөнгөөр тоноглож гангалдаг. Сэтгэл шингэсэн бүтээлээ захиалагчид нь хүлээлгэн өгөхөд лан, цэн нь дутаагүй биз дээ гэх хардлага тээдэгт нь С.Баянмонгол сэтгэл жаахан эмзэглэдэг гэж байлаа. Бурхан ухаантай хүнд бусдын юмнаас хумслах бодол төрнө гэж үү. Хүмүүс хуучин цагийн мөнгө авчраад юм хийлгэе гэдэг ч хуучны мөнгө сорьц муутай, хатуу байдаг учраас юм хийхэд шаардлага хангадаггүй аж. Захиалагчийнхаа сэтгэл ханамжинд 100 хувь нийцэх сайн бүтээл хийхийн тулд өдөр шөнөгүй суудаг дархчуудад загасчны морь усгүй гэдэг шиг өөрт үлдэх бүтээл бараг үлддэггүй. Монгол уран дархны холбоо гэж байдаг бөгөөд хоёр жилд нэг удаа Монголын урчуудын эвлэлийн галерейд дархчуудын хамтарсан үзэсгэлэн гаргадаг. С.Баянмонгол хийсэн бүтээлээрээ бие даасан үзэсгэлэн гаргахыг хүсдэг ч эзэндээ очсон үнэт эд эргээд олдохгүй нь гачлантай. Өндөр үнээр авсан эрхэм эдээ үзэсгэлэнд тавиулахыг ч хэн хүсэх вэ дээ. Тиймээс дархчуудад гэрэл зургаас өөр зүйл үлддэггүй ажээ.
Цар тахалтай зэрэгцээд мөнгөн лангийн үнэ ханш өсөж, хил хааснаас хойш урдаас ирдэг мөнгөний урсгал хаагдаж, цагаан сар хийхгүй болсонтой холбогдуулж хүмүүс захиалгаа цуцалж уран дархчууд ажилгүй нам суужээ. Зураач, сийлбэрчид хүссэн үедээ бүтээлээ хийхэд материал нь элбэг байдаг бол уран дархчуудын ажлын онцлог нь хийж буй материал нь асар үнэтэй байдаг. Нэг лан мөнгө гэдэг нь 37.5 грамм бөгөөд цар тахлаас өмнө нэг лан мөнгөний үнэ ханш 58 мянган төгрөг байсан бол саяхны ханшаар 105 мянган төгрөг болжээ. Нэг мөнгөн аяганд 14 лан мөнгө ордог гээд бодоход уран дархчууд бие даасан үзэсгэлэн гаргая гэвэл асар их мөнгө орох шаардлагатай болох нь дамжиггүй. Тиймээс С.Баянмонгол бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, өөрийн гэсэн нэрийн брэндийн дэлгүүртэй болохын тулд бага гэлтгүй ажлыг чамлалгүй хийж, хэцүү гэж халиралгүй хичээсэр яваа. Түүний хийц өөрийн гэсэн ур хийц, зохиомжтой бөгөөд эртний дархчуудынхаа арга барилыг илүү хөгжлүүлж, хэмнэлийг нь алдагдуулахгүйгээр баяжуулж бүтээхийг эрмэлздэг. Уран дархны хийц Монголоос өөр улсад байдаггүй цор ганц соёлын өв соёл учир өвөрмонголчууд монгол хийц, хээ хуарт дуртай. Тиймдээ түүнийг Өвөр Монголд ажиллахыг урьжээ. Гэвч тэр эх орондоо ажиллахыг илүүд үзэж өдгөө болтол дархан суусаар байна.Дархан хүний хэмжүүр нь заслага буюу гүйцэтгэлийн нарийн чимхлүүр ажилбар байдаг
Сэтгэгдэл ( 3 )
amjilt husii
Гитад царайтай хурлийз маягийн хүн байна
Saihan buteelch hun bn.uran hiitstei vhamin buteel ulam ihiig hiigeerei.