Аялал зугаалгын улирал дуусч, иргэд ажил, сургуульдаа шамдаж эхэлжээ. Хүн бүр завгүй ажиллаж байгаа жил бүрийн энэ үед цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүй ээж, аавууд хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Энэ асуудлыг зохицуулахаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг 2015 онд баталжээ. Үүнээс хойш улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 21 мянга орчим хүүхэд хамрагдсан. Харин энэ жилийн хувьд он дуустал 3000 хүүхэд хамруулахаар шийдээд буй.
Хүүхэд харах үйлчилгээний төвүүд энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл тус төвүүд бэлэн байгаа эсэхийг сурвалжиллаа.
Улсдаа жишиг гэгдэх “Гэгээн ирээдүй” хүүхэд хөгжлийн төвийг зорив. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тархины саажилттай, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авдаг байна. Нийт 20 хүүхэд хамрагддаг бөгөөд мэргэжлийн зургаан багштайгаар үйл ажиллагаа явуулдаг аж.
Хаалгаар ороход хамгийн түрүүнд балчирууд дээс тоглож буй ханын зураг анхаарал татав. Өрөөнүүдийн хана тус бүр өөр өөр зураг, чимэглэлтэй. Өнгө будаг алагласан энэ газрын үүдээр ороход л хэнд зориулсан нь ойлгомжтой болно. Энэ төв хөдөлгөөн заслын, унтлагын, тоглоомын, усан эмчилгээний, ариун цэврийн, гал тогооны гээд зургаан өрөөтэй. Өрөө бүрт шаардлагатай хэрэгслүүдийг тохируулан тавьсан байв. Энд хүүхэд тав тухтай байх орчин нөхцөлийг бүрэн хангажээ.
Ээж, аавуудын санааг чилээж буй нэг асуудал бол хүүхдийн аюулгүй байдал юм. Тэгвэл тус газар хяналтын камергүй байв. Танихгүй хүнээр хүүхдээ өдөржин харуулахдаа хүүхдийг маань зодох вий, бааж шээлээ гээд загнах вий, өдөржин зурагт харуулаад суулгачих вий гэх мэт айдас эцэг эхчүүдэд бий. Энэ бүх асуудлыг хяналтын комераар харах боломжтой ч энэ төвд тийм зүйл алга. Хэдий тав тухтай байдал чухал ч ээж, аавууд хүүхдээ камераар харж сэтгэл амар байлгах нь чухал юм.
Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийхдээ “Улсын хэмжээнд 160 орчим Хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулна. Эдгээр газруудад хяналт шалгалт хийсэн. Бүгд камертай, үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан” гэж Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат хэлсэн.
Гэвч улсын жишиг гэгдэж байгаа “Гэгээн ирээдүй” төвд өнгөрсөн жил ч хяналтын камер байгаагүй гэнэ.
ЭНЭ АСУУДЛЫГ ТУС ТӨВИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛЧ БАГШ Д.ӨНӨРЦЭЦЭГ:
-Манай байгууллага зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сансарт байдаг байхдаа камертай байсан. Жилийн өмнө энд нүүж ирсэн юм. Дөрвөн сар хичээллээд хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа зогссон. Энэ хичээлийн жилд хүүхдүүдээ аваад дараа нь камерын асуудлаа шийдэх байх. Хүмүүс ямар ч мэдлэггүй, хамаагүй хүнд хүүхдээ харуулна гэж ойлгодог. Манай Баянзүрх дүүрэгт гэхэд 190 гаруй хүүхэд харагч байдаг. Эдгээрийн 80 хувиас дээш нь дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр хөрвөж ажиллах боломжтой, сургалтад хамрагдаад гэрчилгээгээ авчихсан хүмүүс байдаг. Тиймээс бидэнд итгэж хүүхдээ хамруулж болно.
Үүний дараа Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Жавхлантай жаалууд” хүүхэд харах үйлчилгээний төвийг зорилоо.
Энд нөхцөл байдал тэс өөр байна. Цонхны урд зэрэгцүүлэн тавьсан гурван тавиур дээр тоглоомууд өрсөн байв. Хуучирч муудсан ханын цаасан дээр жижиг цагаан самбар, эртний монгол хувцастай хүүхдүүдийн зургийг тогтоожээ.
Хажуугийн жижиг өрөөнд ширээ тойруулан өнгө, өнгийн жижиг сандал тавьсан байв. Хоол идэх, хичээл хийхдээ энэ өрөөг ашигладаг бололтой. Өрөөний буланд нэлээд хэдэн жил ашигласан шинжтэй бор шүүгээнд хөнжил гудас хураажээ.
Засвар хийж амжаагүй ч ээж, аавууд хүүхдээ өгөхөөр ирээд байгаа учраас хүүхдүүдээ эхнээсээ авч эхэлсэн гэнэ. Биднийг очиход нэг нас долоон сартай, хоёр настай гэх гурван хүүхэд хэдийн ирсэн байв.
Энэ байр 41 мкв талбайтай ба 15 хүртэлх хүүхэд хүлээн авах боломжтой гэнэ. Тогоочтойгоо нийлээд гурван багштай. Өмнө нь цэцэрлэгийн багш, туслах багш хийж байсан туршлагатай хүмүүс ажиллана. Хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхлэх боломжтой хугацааг дөнгөж өчигдөр мэдсэн учраас засвар хийж амжаагүй байгаа гэдгийг тус хүүхэд харах төвийн захирал Х.Буянцогт хэлж байлаа.
“ЖАВХЛАНТАЙ ЖААЛУУД” ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Х.БУЯНЦОГТ:
-Өмнөх жилүүдэд 3-5 насны хүүхдүүд авдаг байсан. Тэгэхээр хичээлийн хэрэгсэл, сурах бичиг авдаг юм. Харин энэ жилийн хувьд нэг нас долоон сартайгаас гурван нас хүртэлх хүүхдийг авах шийдвэр гарсан. Хамгийн эргэлзээтэй байсан нь энэ сарын 15-наас эхлэнэ, эхлэхгүй гээд тодорхой шийдвэр гаргахгүй байснаа өчигдөр гэнэт утсаар холбогдож ажиллаж болно гэж хэлсэн. Бид нар сандраад нэгнийгээ яаралтай дуудаж, өчигдөр орой цэвэрлэгээ хийсэн. Тиймээс байраа тохижуулж амжаагүй байна. Энэ жил бага насны хүүхэд авах учраас тавилгын өнцөг булан болоод ханандаа зөөлөвч хийх хэрэгтэй. Хоёр настай хүүхдийн сэтгэхүйд тохирсон тоглоом авах гэх зэргээс эхлээд асуудлууд гарч ирж байна. Гэнэт шийдвэр гарсан болохоор урьдчилж бэлтгэлээ хангаж чадаагүй. Гэтэл хүүхдүүд маань ингээд эхнээсээ ирж байна. Хяналт шалгалт одоогоор ирж хийгээгүй байна. Өнөөдөр ирэх байх. Ирэхээр нь би энэ талаар хэлнэ гэж бодож байгаа.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ДУУСААГҮЙ БАЙНА
Хоол хүнсний хувьд махаа Нарантуул захаас, бусад хэрэглэгдэх хүнсээ дэлгүүрээс авдаг. Үнэнийг хэлэхэд байгаа мөнгөнөөсөө хамаараад долоо хоногоор, сараар гээд янз бүрийн хугацаатай цуглуулдаг аж. Энэ удаад засвар хийхэд мөнгө хэрэгтэй учраас 10 хоногийн хүнсээ л авах байх хэмээн хэлж байлаа.
Мөн тэрбээр үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй газрууд олон байгааг хэлсэн. Үүнийг сонсоод Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Хөөрхөн жаалууд” үйлчилгээний төвтэй утсаар холбогдоход “Үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Бэлтгэлээ хангаж амжаагүй. Дараа долоо хоногоос эхэлнэ” гэсэн хариуг өгсөн юм.
“ЖАВХЛАНТАЙ ЖААЛУУД” ТӨВД ХҮҮХДЭЭ ӨГСӨН ЭЭЖ О.БИНДЭРЬЯА:
-Өмнө нь манай дүү явдаг байсан юм. Гурван наснаас нь эхлээд таван нас хүртэл нь явуулсан. Сургуульд орохдоо манай дүү бүх үсгээ мэддэг, арав дотор тоо нэмж, хасдаг болсон байсан. Сургалт сайтай болохоор нь энэ удаа хүүхдээ өгч байна. Манай нөхөр бид хоёр оюутан. Хичээл ихтэй завгүй байдаг. Энэ жил хоёр настнуудыг өгөх боломжтой болсонд нь баяртай байна. Өмнө нь дүүгээ өгдөг байхад асуудал гардаггүй байсан болохоор тохижилт, аюулгүй байдалд нь санаа зовохгүйгээр хүүхдээ өгч байна. Одоохондоо гэрээ байгуулаагүй ч цаашид гэрээ байгуулна гэж бодож байгаа.
Энэ жилийн хувьд хоёроос гурван настай хүүхдийг тус үйлчилгээнд хамруулж байгаа. Өдрийн турш ямар хоол идсэн, ямар тоглоом тоглосон гэдгээ ч хэлж чадахааргүй бага насны хүүхдээ хянах боломжгүйд аав, ээжүүд сэтгэл дундуур байгаа тул завтай үедээ ирж хүүхдээ хардаг гэж ярьж байсан юм.
Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага дээд зэргээр хангасан байх учиртай бага насны хүүхэд харах төвүүд БШУЯ, “Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоо”-ноос мэдээлэл өгөөгүйн улмаас бэлтгэлээ бүрэн хангалгүй үйл ажиллагаагаа эхэлсэн, зарим нь дараа долоо хоногоос эхлэх аж.
Б.ХОНГОРЗУЛ
Сэтгэгдэл ( 2 )
оюутан байхдаа хүүхэд гаргасан хүмүүсигй торгож бай. ядаж л хүүхэд нь тэнэгрэх магадлал ихтэй.
МҮҮНий тэнэгүүд ээ дэлхийгээс зайлаач. дандаа ардын эсрэг юм хийж байх юм. тэнэгээрээ гайхуулааад байдаг юм уу?