“Apple” корпорац шинэ загваруудаа танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

АНУ-ын “Apple” корпорац  уламжлал ёсоор энэ оны шинэ загваруудаа танилцууллаа.

Тухайлбал, ухаалаг цаг, таблетын шинэ загваруудыг танилцуулав. Зургаа дахь үеийн ухаалаг цагны “Apple Watch Series 6” шинэ загвар нь хэрэглэгчийн цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ, нойрны үргэлжлэх хугацаа болон гар угаах хугацааг секундээр хэмждэгээрээ онцлогтой. Улаан, алтан шар, цэнхэр, хар саарал өнгөний сонголттой ухаалаг цаг өмнөх загваруудыг бодвол хүчин чадал нь 20 хувиар нэмэгдэж, илүү тод дэлгэцтэй болжээ. “Apple Watch” цаг нь гэр бүлийн хэрэгцээнд, ялангуяа “iPhone” утасгүй хүүхдүүдэд зориулагджээ. Үүний тусламжтай эцэг, эхчүүд хүүхдийнхээ хаана байгааг, хичээлдээ хэр хугацаа зарцуулж байгаа, ямар хүмүүстэй ярилцаж буйг хянах боломжтой. Энэ загварын үнэ нь 399 ам.доллар байх аж.

Үүнээс гадна тус компани “Apple Watch Series 6” загварын хямд хувилбар болох “Apple Watch SE” загварыг санал болгож байна. Загварын хувьд ижил ч хэмнэлттэй хувилбар нь хуучин загваруудын үйлдлийг өвлөсөн байна. Гэхдээ энэ загвар ч мөн цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хянах үйлдэлтэй. Тус загварын үнийг 279 ам.доллароор тогтоожээ.

“Apple” компани мөн “iPad” таблетын шинэ загварыг танилцуулсан байна. 2018 оны “iPhone XS” утсанд ашигласан А12 процессор бүхий шинэ загвар “iPad Air” 10.9 инчийн хэмжээтэй, 2360х1650 пикселтэй байх бол “iPad Pro” загвартай харьцуулахад “iPad Air” нь “Face ID” үгүй бөгөөд үүний оронд хурууны хээг таних системтэй аж. Эдгээр загварууд 329-599 ам.долларын үнээр зарагдах аж.

“Apple” компани 2012 оноос хойш анх удаа “iPhone” утасны шинэ загварыг танилцуулаагүй байна. Энэ нь коронавирусний цар тахлын улмаас нийлүүлэлттэй холбоотой хүндрэлүүд үүссэнээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “iPhone12” загварыг ирэх аравдугаар сард танилцуулна гэсэн хүлээлттэй байна.

Хэвлэлүүдэд мэдээлснээр,  энэ онд тус компани ухаалаг утасныхаа дөрвөн шинэ загварыг танилцуулахаар зэхжээ. Үүнд 5.4 болон 6.1 инчийн “iPhone 12” загварууд мөн 6.1 болон 6.7 инчийн дэлгэц бүхий “iPhone 12 Pro” загварууд багтжээ. 5.4 инчийн дэлгэц бүхий “iPhone 12” загвар нь “iPhone” утасны түүхэн дэх хамгийн жижиг, харин 6.7 инчийн дэлгэц бүхий “iPhone 12 Pro” нь хамгийн том хэмжээтэй загвар болох гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top