ТОМИЛОЛТ | Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллахдаа ургац хураалтын явцтай танилцлаа.
Тэрбээр энэ үеэр Сэлэнгэ аймгийн Номгон сум, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийг эрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархаж буйгаа илэрхийлж байв. Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоож, тариаланчдад зориулсан хөнгөлөлттэй зээл гаргаж, нэн хөнгөлттэй нөхцөлөөр шинэ техник, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Цаашид Монгол Улс хүнс үйлдвэрлэгч, улмаар экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэв.
Мөн тэрбээр нийт тариаланчдад тулгарч байгаа асуудлыг Ерөнхий сайдад уламжлав. Тухайлбал, Тариалангийн бүс нутаг гэж зарласан Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байгааг хэлж байлаа. Тариалангийн талбайд жилийн долоон сард мал бэлчиж байгаа учир асуудал цаашид улам хүндрэх аюултай болж байгаа аж.
Зөвхөн Ерөө суманд Социализмын үед 11000 толгой мал байсан бол одоо 92000 болж өссөн бөгөөд бэлчээр хүндэрч, хадлангийн өвс ургахаа больсон учир ногоон тэжээл тарьж л малаа тэжээж байгаа. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхгүй бол цаашид хүндрэхээс эмээж буйгаа ахмад тариаланчийн хувьд илэрхийлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар, тариалангийн бүс дэх цөөн тооны малчдынхаа амьдралыг бодох хэрэгтэй ч 3.2 сая иргэдийнхээ хүнс, талх тариаг бэлдэх шаардлагатай учир эрчимжсэн мал аж ахуйг хурдацтай хөгжүүлж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Мал аж ахуйгаас шалтгаалан тариаланчид нийт ургацынхаа 30 хувийг алдаж байгаа учир тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадвал ургацаа 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сайд хэлж байлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Газар тариалангийн бүс нутгийн малчдыг эрчимжсэн мал аж ахуйнд шилжүүлэх ажил нь нэг жилийн дотор хэрэгжихэд хүнд. Малчид маань эрчимжсэн мал аж ахуйн ашиг тусыг ухамсарлах, үүнийг ойлгуулах нь чухал. Сэлэнгэ аймаг Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн газар нутаг гэж явах ёстой. Малчдаа гар гэх боломжгүй. Тиймээс л эрчимжсэн мал аж ахуйн үр шимийг тариаланчидтайгаа холбож, зохицож явах зохицуулалт чухал" гэлээ.
Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэв
Энэ жил улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа юм. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Есдүгээр сарын 15-ны байдлаар 6.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 3.6 мянган га-гаас 3.9 мянган тонн үр тариа, үүнээс 2.3 мянган тонн улаанбуудай, 2.6 мянган га-гаас 35.2 мянган тонн төмс, 2.1 мянган га-гаас 24.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан. Үр тарианы хураалт 0.9, хүнсний ногооных 22.2, төмснийх 14.3 хувьтай байна.
Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болсон. Ингэснээр ургац хураалтыг технологийн 20-25 хоногт багтаах боломжтой гэж тооцжээ. Түүнчлэн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, 3 төмсний комбайныг ойрын хугацаанд авчрах юм байна.
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад бэлэн болжээ.
Сэтгэгдэл ( 0 )