“Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-тэй болно

2020 оны 09 сарын 18

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд”  гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ.

Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.

Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг  “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна. Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм.

Тиймээс иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль батлагдсанаар номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top