Монгол улсын хүн амын арав дахь тооллого 2010 оны арваннэгдүгээр сарын 11-17 ны хооронд болж өнгөрлөө. 2000 оны тооллогоор манай улсын хүн ам хоёр сая 373493 байсан бол энэ удаа хоёр сая 754685 болжээ. Статистикийн байгууллага сар бүр улсын хэмжээнд нас барсан, төрсөн иргэдээ тоолдог бөгөөд энэ удаагийн тооллогод хүн амын хамралт маш өндөр хувьтай гарсан нь энэ жилийн тооллогын гол үр дүн байв. Улсын хэмжээнд 713780 өрх тоологдсоноос 322836 өрх гэрт, 382808 өрх байшинд, үлдсэн 8136 өрх зориулалтын бус буюу бусад төрлийн сууцанд амьдарч байна. Нийт өрхийн 32,8 хувь нь хөдөө орон нутагт, үлдсэн 60 гаруй хувь нь хотод амьдарч байна. Манай улсын хүн амын насжилтыг байдлыг 0-14 нас, 15-64 нас, 65-аас дээш насныхан гэж ангилж үздэгээс 15-64 насны хүмүүсийг хөдөлмөрийн насны буюу ажиллах хүчинд тооцдог байна. 15-64 насны 100 хүн тутмын 45 хувь нь хүүхэд багачууд, өндөр настнууд эзэлж байгаагаас үлдсэн 60 гаруй хувь хөдөлмөрийн насны хүмүүс байна. 2000 оны тооллоготой харьцуулахад хөдөлмөрийн насны хүний тоо 400 мянгаар нэмэгджээ. Төрөлт сүүлийн дөрвөн жилд нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Харин нийт хүн амын хүйсийн харьцаа тэнцүү байгаа ч 2000 оны тооллоготой харьцуулахад 50-65 насны эрэгтэй хүмүүсийн дунд нас баралт өндөр хувьтай байна. Жилд дунджаар 64-65 мянган хүн төрж, 12-15 мянган хүн нас бардаг ажээ. Нийслэлд амьдарч байгаа иргэдийн 99,1 хувь нь бичиг үсэгтэй бол улсын хэмжээнд 36100 хүн бичиг үсэг мэдэхгүй хүн байна. Гадаадад 107140 монгол хүн зургаагаас дээш сарын хугацаатай ажиллаж амьдарч байгаа аж. Тэр дундаа Солонгос, АНУ-д байгаа Монголчууд тоогоороо тэргүүлжээ. Өмнөд Солонгос улсад 29534 хүн, АНУ-д 17036, Чехэд 7200, Хятадад 7274, Японд 5400, Орост 5008, Германд 3852 хүн ажиллаж амьдарч байна. Дэлхийн маш олон оронд Монголчууд тарж амьдарч байгаа бөгөөд зарим улсад 1-2 хүн ч тоолуулжээ. Солонгос Орост эрэгтэй хүмүүс их байгаа бол Герман, Япон, Хятад улсад эмэгтэйчүүд илүү олноор амьдарч байгаа аж. Эдгээр хүмүүсийн 46 хувь нь ажил хийхээр явснаас 43 хувь нь гэрээний дагуу баталгаатай ажилд зуучлуулсан бол 46 хувь өөрсдөө ажил олж хийхээр харин албан томилолтоор 0,6 хувь нь явжээ. Гадаадад байгаа 107140 иргэдийн 85 мянга нь Улаанбаатар хотынх үлдсэн нь хөдөө орон нутгийн иргэд байна. 2010 онд өөр улсын 1010 хүн Монгол улсын харъяатаар орсон бол 30-аад мянган хүн МУ-ын харъяатаас гарчээ.
Олон улсын жишигт хүн амынхаа 95 хувийг тоолсон бол хангалттай гэж үздэг. Иргэн бүрт хувь эзэмшүүлнэ гэсэн шийдвэр иргэдийг энэ жилийн тооллогод идэвхтэй оролцоход маш их түлхэц болжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )