Хүн хорвоод нүв нүцгэн ирдэг гэж ярьдаг. Тэгвэл энэ худал юм. Ямар ч хүн мэндлэхдээ эрх гэх өвч бүрэн хувцас, эрх чөлөө гэх өөрийн гэсэн хөрөнгийг авч төрдөг. Өөрөөр хэлбэл, хүний эрх гэдэг ямар нийгэмд амьдрахаас үл хамааран адил тэгш оногддог заяагдмал эд юм. Гэвч тэр эрхийг нь үргэлж хэн нэгэн булааж, дээрэмдэж, эсвэл зөрчиж, хохироох гэсэн дайралтад амьдралынхаа турш өртөж байдаг жамтай. Ийм үедээ бид өмгөөлөл хамгааллыг хаанаас эрдэг вэ? Эндээс л бид хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй мэргэжлүүдийн нэгийг олох болно.
Тэр бол хуульч, өмгөөлөгчийн мэргэжил. Бидний эрхийг зөрчиж, хууль ёсны боломж, бололцоог хулгайлна гэдэг хувь заяаг минь хулгайлж байгаагаас ялгаагүй. Хувь заяагаа харамсалтайгаар бусдад хулгайлуулсан жишээ ч бидний амьдралд алхам тутамд тохиолддог. Тэгвэл түүнээс хамгаалах оромж, хоргодох нөмөр минь болдог зүй ёсны өмгөөлөл, хамгааллыг үзүүлдэг эрхмүүдийг бид хуулийн элч гэхээсээ илүүтэй нийгмийн эмч гэж хэлбэл зохилтой.
Алдагдсан, урагдсан, танагдсан эрхийг минь нөхөж, сэргээж, амьдралд итгэх, хуулинд итгэх, үнэнд итгэх итгэлийг минь эдгээж, анагааж байдаг хүмүүс бол өмгөөлөгчид. Өмгөөлөгчдийн энэ ач гавьяаг өөрийн биеэр хуулийн мухар хүртэл явж үзээд, ядаж туйлдаж, хүчин мөхөсдөхийн эрхэнд өмгөөлөгч гэх хүний хууль барьсан мутарт хөтлүүлэн аврагдсан хүн л ойлгож, үнэлдэг талтай.
Энэ бүхнийг тоочин нуршихын учир нь өмгөөлөгчийн ур чадвараараа Монголдоо төдийгүй, олон улсад үнэлэгдэж чадсан нэгэн хүний тухай өгүүлэх гэснийх юм.
“Ананд Адвокатс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа гэхээр хуулийнхан андахгүй. Ахмадууд нь атаархангуй ширтэж, залуучууд нь шүтэн мөргөх нь холгүй биширдэг энэ залуу мэргэжилдээ дэндүү дадамгай болж, Монголын урдаа барих өмгөөлөгчдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгджээ. Салбартаа өдий зэрэгтэй үнэлэгдэж, энэ хэрээтэй хүлээн зөвшөөрөгдөх чансааг тэр 20 жилийн туршлагаараа бий болгосон байна.
Б.Батзаяа 1996 онд буюу Монгол орон зах зээлд шилжээд ид бужигнаж байх үед гадаадад тэтгэлгээр суралцахаар болсон оюутнуудын нэг. МУИС-ийн Төрөлжсөн тусгай сургалттай бүрэн дунд сургуулийг төгссөн, хичээлдээ толгой цохидог сурагч байсан учраас тэтгэлэг авах, гадаадын их сургуульд элсэн суралцах гэдэг хэцүү даваа байсангүй. Тэр ч байтугай, өөрийн дуртай мэргэжлээ сонгох эрх дарх түүнд байсан гэдэг. Анагаахын генетикээр суралцах бодолтой Румын улсыг зорьсон боловч очоод хуульчийн мэргэжил эзэмшихээр шийджээ. Ингээд 1996-2000 онд Румын улсын “Вест” хууль зүйн их сургуулийг дүүргэж, эх орондоо ирмэгцээ үргэлжлүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистр хамгаалав. Эндээс л хууль зүйн цоорчихсон оюутан Монголдоо цойлсон хуульч, өмгөөлөгч болох замдаа шуударчээ. Магистрын оюутан байхдаа л Хонг Конгийн хуулийн фирмийн төлөөлөгч, “Бранд Фаррар Баксбаум” олон улсын хуулийн фирмийн хуульч гэх сэтэртэй, доллараар цалинждаг ганц оюутан байсан гэдэг. Ингээд 2003 онд “Монгол өмгөөлөгч” компанийг найзтайгаа хамт үүсгэн байгуулж, улмаар 2004 онд бие даан гарч “Ананд Адвокатс” хууль зүйн фирмийг байгуулж, өнөөдрийг хүртэл толгойлон ажилласаар байна.
Өмгөөлөгчийнх нь хувиар олон нийт түүнийг төдийлөн танихгүй. Учир нь тэр ил гарч байгаагүй. Гэхдээ үүгээр нь түүнийг дутуу үнэлж, хуулийн салбарын жижигхэн жараахай гэж бодвол их том эндүүрэл болно. Шулуухан хэлэхэд, олон улсад үнэлэгдсэн Монголын хуульч, өмгөөлөгчдийг жагсаахад Б.Батзаяагийн нэр толгойн тав дотор заавал торойж таарна. Үүний нотолгоо нь 2004 оноос хойш “Asia Law”, “Chamber’s Asia”, “Chamber’s Global” болон “Legal500” зэрэг олон улсын тэргүүлэх хуульчдыг эрэмбэлдэг байгууллагууд түүнийг Монгол Улсын тэргүүлэгч хуульчдын нэгээр тогтмол тодруулан нэрлэж иржээ. Энэ бол бэлэн үнэлгээ. Тиймд эдгээрээс илүү бодитой буюу хийж бүтээсэнтэй нь илүү холбогдох үнэлэмжийг хайгаад үзтэл үнэхээр ангайна гэгч л болов. Түүний үйлчлүүлэгчид хийгээд ажилласан хэргүүдийн жагсаалтыг хараад үнэндээ л бахархахаас өөр зам үлдээгүй.
Монголчууд бид дэлхийн стандарт, жишиг, олон улсын үнэлгээ, зэрэг зиндаа гэж ярих дуртай улс. Тэгвэл тэр бүхэнд тэнцсэн хуульч, өмгөөлөгч Монголд байдаг юм байна. Монгол хүн, монгол хуульч дэлхийн хамаг л том корпораци, компаниудад тоогдож байгаад олзуурхахгүй байх аргагүй юм.
Б.Батзаяа өмгөөлөгчийн олон улсад танигдсан нэр хүнд бүхий үйлчлүүлэгчдийг захаас нь нэрлэвэл, “Coca Cola”, “Red bull, “Wall street English”, “REMAX”, “Bank of China”, “Unionpay”, “OneSky foundation”, “NOKIA”, “ZTE”, “Xanadu Mines”, “LG international”, “Itochu”, “Lehman Brothers”, “Gazprom Bank” гээд дандаа дэлхийн акул болсон том нэрнүүд байлаа. Энэ том нэрнүүдийн цаана бид бүхний сүрддэг өнөөх өндөр шалгуур, бардам сэхүүн зан, хатуу чанд болзол, хамгийн дээд чанар гээд давшгүй олон шаардлагууд бий. Гэтэл жирийн нэг монгол залуу тэдний шаардлагад нийцэж, хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж чадсан байх нь. Энэ бол мушгихын аргагүй баримт. Муутгахын аргагүй үнэлгээ.
Харин Б.Батзаяа өөрөө үүнийг тайлбарлахдаа “Хууль, эрхийн салбарт том жижиг, хүчтэй, хүчгүйн ялгаа гэж байхгүй. Түүнтэй адил гадаад хуульч илүү, монгол хуульч дутуу гэсэн ялгаа үгүй. Ямар ч маргаанд хуульч, өмгөөлөгч хүн аль орных байхаас үл хамааран яг л ижил түвшинд үзэлцэнэ. Түүнээс биднийг жараахай, тэднийг акул гэж хараад түүнээс үүдэж, хүч тэнцвэргүй тулаан болно гэж дүгнэж болохгүй. Бидний хэрэглэж байгаа зэвсэг адилхан. Тэр нь хууль, дүрэм. Адилхан л дүрмээр тоглож байгаа гэсэн үг” гэсэн юм. Энэ үгнээс л түүний мэргэжлийн ур чадвар, зэрэг зиндаа илт мэдэгдэж байна. Арга ч үгүй дээ. Хүч тэнцвэргүй гэж болох тулаанд олон ч удаа орж, хууль гэх зэвсгийнхээ шидээр олон ч ялалтыг олж авч байсан туршлага түүнд бий хойно. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хугацаандаа тэрбээр олон улсын болон Хятад, Япон, Солонгос улсуудын тэргүүлэх хуулийн фирмүүдтэй хамтран ажиллаж байсан учраас хэнээс нь ч гэж бэргэх билээ дээ.
Мэргэжилдээ эзэн болохын ид хавыг ийнхүү үзүүлж байгаагийн цаана хүчирхэг хувь хүн оршиж байгаа нь тодорхой юм. Өмгөөлөгч хүнд буурь суурьтай, тогтвортой, ноён нуруутай зан чанар чухал. Задлан шинжилгээ хийх, асуудлыг оновчтой шийдэх, гаргалгаа гаргах зэрэг оюуны өндөр чадавхи шаарддаг. Мөн маш олон талын мэдлэг шаарддаг, бүх салбарт орж хөрвөх болдог учраас ажиллах орон зай хязгааргүй. Анзаарвал, бүх л өмгөөлөгч нарт ийм зан төлөв, хэв шинж нэгэнт тогтчихсон байдгийг та бид мэднэ. Тиймдээ ч олон улсад мэргэшсэн өмгөөлөгчдийн нийгэмд эзлэх байр суурь өндөр төдийгүй ихэнхдээ өмгөөлөгчид алсдаа төрийн зүтгэлтэн, нийгмийн манлайлагч, удирдагч болох нь нийтлэг үзэгдэл.
Б.Батзаяад ч тийм хэв шинж тод илэрдэг. Ямар ч багш, чиглүүлэгч, менторгүйгээр шууд л хуулийн фирм үүсгэн байгуулж, тэр нь анхнаасаа л Монголдоо том гэгдэх хэргүүд дээр ажилласан нь хэр баргийн хүний чадах ажил биш ээ. Тухайн үедээ 20-30 жилийн туршлагатай өмгөөлөгчид ч ажиллаж чаддаггүй хэргүүд дээр тэр ажиллаж, ялалт байгуулж байлаа. Удаад нь түүний бусдын итгэлийг татаж, дааж чаддаг чанарыг бас онцлох ёстой. Учир нь дөнгөж сургуулиа төгссөн залууд гүрэн дамнасан том корпорациуд итгэж, хэрэг маргаанаа даатгадаг байсан гэж бодохоор мэдлэг, ёс зүйгээс гадна үнэлэгдэхээс аргагүй өөр хүчин зүйл байсан л гэсэн үг. Тэр нь чухам мэдрэмж, зөн совин, сэтгэлгээ, харилцааны чадвар зэргийн аль нь байсныг хэлэхэд хэцүү. Ямартай ч тэр өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголынхоо нэр нүүрийг тахалсан хуульч, өмгөөлөгч байж чадсан гэдэг нь л баримт юм. Монгол Улсад хэрэгжсэн бизнесийн том төслүүд, хөрөнгө оруулалтууд, ээдрээтэй маргаанууд болон хууль эрх зүйн өөрчлөлтүүдэд тэр “Итгэл хүлээхүйц Монгол хуульч” гэх ганцхан шошготой л орж явчихдаг байж.
Түүний ажилласан хэргүүд, хууль зүйн зөвлөгөө, гэрээ хэлэлцээрүүд Монгол Улсад нэр хүндээс гадна эдийн засгийн үр өгөөж, томоохон хөрөнгө оруулалтыг ч шийдэхэд нөлөө үзүүлдэг гэдгийг сонсох таатай байв. Тэрбээр “Бид нэг ёсондоо тэр инженерчлэл, загварчлал, зохиолыг нь бичиж өгч эрсдлийг нь хааж өгч байж л тэр хүмүүс Монголд хөрөнгөө оруулах шийдвэр гаргадаг. Хуульчид л байхгүй бол тэр тэрбум, тэрбум долларын хөрөнгө оруулах шийдвэр гарахгүй шүү дээ” гэж ярьсан юм. Юу үнэн, тэр үнэн.
Б.Батзаяа өдгөө өмгөөлөгчдийнхөө эрх ашиг, нэр хүндийн төлөө дуугарч эхэлжээ. Өмгөөлөгчид нэгдэн нийлж, хамтран туршлагаа хуваалцах, улмаар хуулийн этгээдийн хэлбэрт орж ажиллах, цаашлаад үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх ажилд цогц байдлаар хамтран оролцох байр суурийг тэр илэрхийлдэг. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог тэр өмгөөллийн салбарт тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэх бодолтой яваа аж.
Өнөөдөр Монгол улсад 180 гаруй хуулийн фирм үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр фирмийн өрсөлдөх чадварыг сайжруулах, хуульчид хамтран хөгжих, өөрсдийн эрх ашгийг хамгаалах гээд олон ажилд Б.Батзаяагийн оролцоо хэрэг болох нь дамжиггүй. Нууцгүй хэлэхэд, Монголын хууль зүйн үйлчилгээний зах зээлд гадаадын хуулийн фирмүүд олноор орж ирж байгаа. Эдгээртэй монгол хуульчид мэргэжлийн түвшинд өрсөлдөж чадах эсэх тухай эргэлзээг тайлж чадах нэг жишээ нь Б.Батзаяа болж байна. Түүнтэй адил үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж чадах хуульч, өмгөөлөгчдийн эгнээг тэлэх учиртай.
Б.Батзаяагаас анзаарч болох нэг эрхэм чанар нь үргэлж хамт олон, нөхөрлөл гэж ярьж, “Сайн партнер, хамтрагчтай байсны хүчинд хуулийн фирм маань өдий зэргийн нэр хүндтэй болсон” гэж хэлэх дуртай юм билээ. Өөрөө хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нэг хэрэг. Өрөөл бусдыгаа ч өөртэйгээ чацуулан хүлээн зөвшөөрнө гэдэг хол явах хүний л төлөв дөө.
Эцэст нь хэлэхэд, өмгөөлөл хамгаалал хүссэн ямар ч тохиолдолд итгэл алдахгүй үйлчилгээ үзүүлж чадна гэдэг сэтгэл нь л түүнд байгаа хамгийн үнэт өв хөрөнгө гэж санагдсан. Ийм сэтгэлийн их баялагтай хүн л бусдад өмгөөлөл хамгааллыг өглөг мэт тарааж чадах билээ. Энэ бодлыг баталсан түүний үгээр энэхүү нийтлэлээ төгсгөе.
“Бидний мэргэжил бол алдах эрхгүй мэргэжил. Учир нь бидний мэргэжлийн үйл ажиллагаанаас бусдын эд хөрөнгө, амь нас, хувь заяа шууд хамаарч байх тохиолдол олон”.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
шоудах талаар гарамгай гэх юм билээ бас л захиалгаар өөрийгээ бичүүлж дээ үнэхээр бохир бизнест хутгалдасан бол шалгах л хэрэгтэй дээ
Ene zindaa gej suuldee ichih umgui hulsuur hyn doloodog zahialgat shar sait boljee...naad baasiig chin uynd orootsoldood yaj zalilan hiigeed ybdagiig bugdl medneshtee..