Энэтхэгийн Засгийн газар ОХУ-тай шинэ үеийн хөнгөн жинтэй “Спрут-СДМ1” танк худалдан авах тухай хэлэлцээр хийж байна. Эдгээр танкийг Хятад, Пакистантай залгаа хилийн уулархаг бүсэд ашиглах боломжтой гэж “The Economic Times” мэдээлжээ.
Тус хэвлэлд бичсэнээр, Энэтхэг улс гэрээ байгуулахаас өмнө эдгээр танкийг хээрийн хүнд нөхцөлд туршихаар бэлтгэж байгаа аж. Ингэхдээ тус улс нийт таван тэрбум рупий буюу 68 сая ам.долларын өртөг бүхий 20 ийм танк авах сонирхолтой байна. Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр, гэрээг энэ онд багтаан байгуулахаар зэхэж байгаа гэнэ.
Энэтхэг, Хятадын хилийн хяналтын Ладакх бүсэд өнгөрсөн тав, зургаадугаар сард хоёр талын хилийн цэргийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас түс бүс нутагт нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Хилийн мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 гаруй цэрэг, Хятадын талаас 45 орчим цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлэл бий. Үүнээс хойш Шинэ Дэли, Бээжин энэ бүс нутаг дахь цэргээ зузаатгаж эхэлсэн бөгөөд бие биенийгээ нөхцөл байдлыг хурцатгасанд харилцан буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )