Хятад, Энэтхэг хилийн асуудлаар хэлэлцээрээ мөрдөх тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

БНХАУ, БНЭУ хоёр улсын хил дээр үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийх, хилийн асуудлаарх холбогдох хэлэлцээрүүдийн даган мөрдөх тохиролцоонд хүрчээ. Тус хоёр улсын гадаад хэргийн сайд Ван И, Субраманиям Жайшанкар нар Москва хотноо хийсэн уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Талууд хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдал хоёр улсын сонирхолд үл нийцэж байна гэж үзээд асуудлыг шийдвэрлэх талаар хийж буй хэлэлцээг үргэлжлүүлэх, нөхцөл байдлыг зөөлрүүлэх шаардлагатай гэж онцолсон байна. Мөн хилийн бүсэд харилцан итгэлцэл, энх тайвныг сахин хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр шинэ алхмуудыг аль болох ойрын хугацаанд авах тал дээр санал нэгджээ.

Хятад улс хилийн бүсэд өдөөн хатгасан ямарваа үйлдлээс татгалзахыг Энэтхэгийн талд уриалсан байна. Хурдтай хөгжиж буй улс орнуудын хувьд Хятад, Энэтхэгт сөргөлдөөн бус хамтын ажиллагаа, болгоомжлол бус харилцан итгэлцэл хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И онцолсон байна.

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманиям Жайшанкар Энэтхэгийн талд хил орчмын бүс нутагт нөхцөл байдлыг хурцатгах сонирхол байхгүй гэж мэдэгдээд Энэтхэг улс Хятад улстай нэгэн зүгт урагшлахад бэлэн гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top