Ройтерс: Хятад хилийн маргаантай бүсэд цэргийн хуаран барьж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Хятад улс Энэтхэгтэй залгаа Ладак дахь хилийн хяналтын бүсэд шинэ цэргийн хуаран барьж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус бүсэд өнгөрсөн долоо хоногт хилийн мөргөлдөөн гарсан билээ.

Тус агентлаг үүний нотолгоо болгож нийтэлсэн “Maxar Technologies” компанийн хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт Галван голын хөндий дэх Хятадын армийн хяналтын бүсэд майхнууд бий болж, бэхлэлттэй хуаран барьж буй нь гарчээ. Үүнээс долоо хоногийн өмнө авсан гэрэл зурагт ийм байгууламжууд байгаагүй аж.

Шинэ Дели барилгын ажлыг Энэтхэгийн нутаг дэвсгэрт буюу хилийн хяналтын бүсийн Энэтхэгийн талд явж байна гэсэн бол Бээжин энэ бүсийг өөрийн гэж үздэг байна.

Энэтхэгийн хэвлэлүүд мөн Хятадын Ардын чөлөөлөх армийн Ладак дахь үйл ажиллагаа идэвхэжсэн тухай мэдээлж байна. “The Times of India” сонины мэдээлснээр, өмнө нь Энэтхэг цэргүүдийн устгасан Хятадын хяналтын цэг байрлаж байсан газар Хятадын цэргүүд пулемётоор гал нээхэд тохиромжтой байрлалтай хуаран барьж байгаа аж. Өнгөрсөн сард Энэтхэгийн арми мөн Ладак дахь өөрийн байрлалыг бэхжүүлэх арга хэмжээ авсан билээ.

Энэ сарын 15-наас -16 нд шилжих шөнө Ладак холбооны газар нутагт Галван голын хөндийд Энэтхэг, Хятадын цэргүүд хооронд мөргөлдөөн гарсны улмаас Энэтхэгийн талаас 20 цэрэг амь алдаж, 76 алба хаагч шархадсан. Хятадын талаас 45 орчим цэрэг амиа алдаж, шархадсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top