Энэтхэг, Хятадын сөргөлдөөн энэ сарын дундуур болсон Ладак дахь хилийн хяналтын бүсэд цуст мөргөлдөөнөөс Хятадын бараа бүтээгдэхүүнийг бойкотолсноор үргэлжиллээ. Хоёр цөмийн гүрний хооронд олон жилийн турш үргэлжилж буй сөргөлдөөн технологи, цахим ертөнцийг хамарч эхлэв. Дэлхийн дээвэрт болсон мөргөлдөөний үеэр Энэтхэг улс 20 цэргээ алдсанаас хойш удалгүй Энэтхэгийн Засгийн газар үндэсний аюулгүй байдал гэх үндэслэлээр Хятадын төрийн өмчит компаниудтай хийсэн гэрээг цуцлах эсвэл хязгаарлах чиглэл гаргасан билээ. Энэ хоригт Хятадын “Weibo”, “TikTok”, “WeChat” сүлжээ, “Clash of Kings” стратегийн тоглоом, “Alibaba” компанийн “UC Browser” хайлтын систем, “Club Factory” болон “Shein” цахим худалдааны сүлжээ зэрэг аппликэйшнүүд багтсан нь олон зуун сая хүнд барьсан гэнэтийн бэлэг байлаа. Эдгээр аппликэйшн хөгжүүлэгчид Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээ хийж байна гэж мэдэгдсэн бол Бээжингийн зүгээс энэ шийдвэрээ эргэн харах хүсэлтийг Энэтхэгийн талд тавиад байна. “Хятадын Засгийн газар үндэсний компаниудад олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах шаардлагыг үргэлж тавьсаар ирсэн. Энэтхэгийн Засгийн газар олон улсын, тэр дундаа Хятадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хамгаалах үүрэгтэй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян мэдэгдсэн. Харин олон улсын ажиглагчид үүнийг улс төрийн алхам гэж үзэж байна.
Энэтхэгийн алхам
Энэтхэгийн Засгийн газар энэ долоо хоногийн эхээр үндэсний аюулгүй байдал гэх үндэслэлээр гар утасны 59 төрлийн аппликэйшнд хориг тавих шийдвэр гаргав. Энэтхэгийн Мэдээллийн технологийн сайдад Android болон iOS үйлдлийн системтэй гар утасны аппликэйшныг ашиглан хэрэглэгчдийн мэдээллийг Энэтхэгийн хилийн гадна байрлах сервер рүү нууцаар дамжуулж байна гэсэн гомдол сүүлийн үед ихээр ирэх болсон гэж энэ шийдвэрээ тайлбарласан байна. Эдгээр аппликэйшныг хориглосноор Энэтхэгийн гар утас болон интернет хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, Энэтхэгийн цахим орчны аюулгүй байдлыг хангана гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ. Тус шийдвэр хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна. Энэтхэгт “TikTok” аппликэйшныг шинээр татаж авч болохгүй болсон гэж хэрэглэгчид ярьж байгаа бол харин хуучин хэрэглэгчид энэхүү аппликэйшнийг одоогоор ашигласан хэвээр байна гэжээ.
Энэтхэг улсад Хятадын аппликэйшныг ашиглахыг хориглосон нь анхны тохиолдол биш. 2017 онд “Alibaba” компанийн “UC Browser” хайлтын системийг Энэтхэгийн хэрэглэгчдийн гар утасны мэдээллийг дамжуулж байна гэх үндэслэлээр шалгаж байв. Тэр жил Энэтхэгийн Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд “тагнуулын программ” гэх ангилалд багтсан Хятадын 42 төрлийн аппликэйшныг гар утаснаасаа устгах үүрэг өгч байжээ.
Тус хоёр улсын харилцаа хурцдаад байгаа энэ үед Хятадын аппликэйшнд хориг тавих шийдвэр цаг хугацааны хувьд тохиолдлынх биш бөгөөд хилийн хяналтын бүсэд болсон хэрэг явдлын хариу арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. Энэ бол цэвэр улс төрийн алхам гэж “MediaNama” мэдээллийн порталыг үндэслэгч Нихил Пахва ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дүгнэжээ. Түүний хэлснээр, эдгээр аппикэйшны хэрэглэгчдийн тоо буурах ч тус компаниудын орлого огцом буурахгүй.
Хоригт ямар компаниуд хамрагдав
Хятадын богино хэмжээний дүрс бичлэгийн “TikTok” аппликэйшн хөгжүүлэгч “ByteDance” компани, “WeChat” мессежний аппликэйшн хөгжүүлэгч компани, “UC Browser” хайлтын систем хөгжүүлэгч “Alibaba Group Holding”, “Baidu” газрын зургийн үйлчилгээ эрхлэгч “Baidu”, “Weibo” олон нийтийн сүлжээ хөгжүүлэгч “Sina” зэрэг Хятадын бараг бүхий л томоохон интернет компаниуд Энэтхэг дэх бизнесээ алдаж байна. Хятадын техник хангамжийн компаниудыг ч сүүдэр нь дайрна. Тухайлбал, Бээжинд төвтэй ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн “Mi Video Call” аппликэйшн хар жагсаалтад ороод байгаа. Энэ цохилтын доргилт сүүлийн үед Энэтхэгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон Хятадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн компаниудад ч мөн мэдрэгдэнэ. Энэтхэгийн Засгийн газрын хар жагсаалтад ороод буй цахим худалдааны “Club Factory” компанийн санхүүжилтийн ард “Qiming Venture Partners” компани бий.
Хятадын компаниуд хэр хүнд цохилтод орох вэ
Хятадын ихэнх компаниудын хувьд дотоодын зах зээл “амыг нь тосодсон” хэвээр тул Энэтхэгийн энэ алхам тэдний санхүүгийн үзүүлэлтийг ноцтой бууруулах нь юу л бол. Гэсэн хэдий ч хар жагсаалт тэдний дэлхийн зах зээлд гарах амбицад сүүдрээ тусгах нь дамжиггүй.
Дэлхийн зах зээл гэх бялуунаас томхон зүсэм хүртэх мөрөөдөл өвөрлөсөн Хятадын компаниудын хувьд Энэтхэг нь удаан хугацааны туршид гарааны тавцан болж ирсэн. Дэлхий дээр 1.3 тэрбум гаруй хүн амтай, асар том газар нутагтай, хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмтэй хоёрхон улс бий. Энэтхэг, Хятадын эл ижил төстэй байдал нь Энэтхэгийн зах зээл дээр олон улсын оролцогчидтой өрсөлдөхөд нь Хятадын компаниудад давуу байдал олгодог гэж үздэг. “Sensor Tower” зах зээлийн судалгааны компанийн судалгаанаас үзвэл Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд ихээхэн алдаршсан “TikTok” аппликэйшныг 2019 онд гэхэд 323 сая хүн татаж авчээ. Энэ нь нийт хэрэглэгчдийн тавин хувийг бүрдүүлж байгаа бөгөөд Хятадын тус аппликэйшны хувьд өнгөрсөн жилийн хамгийн том зах зээл нь Энэтхэг улс байсныг гэрчилж буй. Хамгийн чухал гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэн “ByteDance” компанийн IPO гаргах төлөвлөгөө мөн бүрхэг болоод байна. Энэ компанийн хөрөнгө оруулагчдын нэг нь Японы “SoftBank Group” юм.
“Statcounter” мэдээллийн порталын мэдээллээс үзвэл, “Alibaba” компанийн “UC Browser” хайлтын систем энэ оны тавдугаар сарын байдлаар Энэтхэгийн хайлтын системийн зах зээлийн 12.6 хувийг эзэлж байсан. Хэдийгээр Хятадын энэ хайлтын систем тус зах зээлийн 75 хувийг эзэлдэг “Google” компанийн “Chrome” системийн ард хоцорсон ч “Apple” компанийн 3.2 хувьтай “Safari”, 2.15 хувьтай “Firefox” системийг ардаа хэдийн орхиод буй.
Дараагийн алхам юу байх вэ
Хятадын аппликэйшн яг ийм хувь заяаг өмнө нь туулж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн шүүх садар самууныг сурталчилсан дүрс бичлэг цацсан гэж үзэн “TikTok” аппликэйшныг түр хугацаанд хориглож байв. Энэхүү шийдвэр хэр удаан хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх нь өнөө хэр тодорхойгүй байгаа.
“TikTok India” салбарын захирал Нихил Ганди өнгөрсөн мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ “TikTok India” баг энэ асуудлыг шийдэх зорилгоор үйл ажиллагаагаа шинэ дүрэмд нийцүүлэн шинэчилж, тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхээр зэхэж байна гэж онцолсон байна. “TikTok” нь Энэтхэгийн хуульд заасан мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд тавих шаардлагыг хатуу мөрдөж, гаднын ямар ч Засгийн газар, тэр дундаа Хятад улсын Засгийн газарт Энэтхэгийн хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулаагүй гэж мэдэгдээд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг чанд хадгалж, тэргүүн зэргийн ач холбогдол өгөх болно гэж онцолсон байна.
Энэтхэгийн Засгийн газраас гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулан “Tencent”, “Alibaba” болон “Baidu“ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин шинжээчид хар жагсаалтад ороод буй ихэнх компани бодлого боловсруулагчдыг лоббидох оролдлого хийх байх гэж таамаглаж байгаа бөгөөд тус хоёр улсын хилийн хяналтын бүсэд хурцадмал байдал үргэлжилж, Хятадын эсрэг хандлага тус улсад хүчтэй байгаа цагт энэ хязгаарлалт үргэлжилнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )