Тамын тогооноос чөлөөлөгдөх нь

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Тамд ганцхан монголчуудын тамын тогоо л харуул манаагүй байдаг тухай онигоо бий. Учир нь тогооны амсар луу мацсан нэгийгээ бусад нь доош нь чангаагаад унагаачихдаг тул тэнд харгалзагч огтоос шаардлагагүй гэнэ. Домог ортой гэдэг шиг энэ шог яриа ч үнэний хувьтай.

Бид өөдөө яваа нэгэндээ тун ч дургүй. Атаархахдаа хүртэл би түүн шиг баян болох юмсан гэж бодохоос илүүтэй харин энэ нөхөр ядуурч хоосроод яг надтай адилхан болчихоосой гэж бодох нь элбэг. За атаархуу муухай зан дээр дуураймч зан гэж нэг гайтай хөөтэй чанар байна.

Нэг нь ТҮЦ-тэй болвол бүгдээрээ ТҮЦ-тэй болох гэж хошуурна. Нэг нь нарийн боовны цех нээвэл дагаад хэд нь яг тийм цех нээнэ. Тэгээд хэн нь ч шальтай дэвжсэн олсон юм байхгүй тэгсхийгээд бүгдээрээ дампуурч хаалгаа барьцгаана даа.

Бидний туулж өнгөрүүлсэн 30 жилийн түүх ердөө энэ.

Ямартаа л манай нэгэн нэртэй компаний захирал бүсгүй “Гучин жилд Монголын төсөв 10 дахин өссөн ч монгол иргэний амьдрал 10 дахин дээшилсэнгүй” гэж халаглаж байх билээ дээ.

Бид өнгөрсөн гучин жилд бүхнийг хар зөнд нь хаяж зах зээлд, зэрлэг капитализмд даатгаж орхисон. Түүний төлөөсийг бид өнөөдөр бултаараа эдлэж буй. Уг нь өнөөдрөөс илүү сайхан байх, илүү хөгжих боломж байсан уу гэвэл байж. Дөнгөж одоо л урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, түүндээ ирэх 5 жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв мөнгөө нийцүүлэн батладаг болох гэж чармайж байна. 

Харалган сохор явсныхаа харгайг сая л нэг юм сэхээрээд эргэн тойрноо хартал ижил гараанаас хөдөлсөн нөхөд торойх ч бараагүй хол хаясныг ухаарав.

Лиценз хэмээх цаасаар сүйхээтэй хэдхэн цөөн хүн хөлжсөн ч улсаараа хожигдож, олонх нь хоосров.

Бүгдийг нь хувийнханд даатгаад орхиж болохгүйг,  бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүйг биеэрээ амсаж байна. Бид л одоо мэдэж буй болохоос биш уг нь ч огт төрийн зохицуулалтгүй 100% чөлөөт зах зээл гэж дэлхийн аль ч улсад байхгүй л дээ. Өнөө шүтээд байгаа, чөлөөт зах зээл гэж орилоод байгаа АНУ, Япон, Европын холбоонд чинь төр нь зохицуулах юмаа жинхэнэ зохицуулж, төр нь эзэн нь юмаа мэддэгийн ид шидийг харуулан хөгжиж буй.

Хэдхэн жилийн өмнө манай улс цементээ бараг 100 хувь гадаадаас импортоор авдаг байлаа. Барилгын салбар хөгжиж, барилга орон сууц хэдэн мянгаараа баригдахын хэрээр цементийн хэрэглээ ч дагаад өсөв. Бүгд л дотооддоо цементээ үйлдвэрлэцгээе гээд уриа лозун барих дөхөв.

Улсын жилийн нийт хэрэглээ жилд 2 сая тн хүрэхгүй байхад 4 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай 4 том цементийн үйлдвэр бариадахлаа. Барих барихдаа бүгдийг нь төвийн бүсэд барьж орхив. Хөтөл, МАК, Мон-Полимет, бас Хятадын хөрөнгө оруулалттай бас нэг том үйлдвэр. Нөгөө биенээ дуурайж бүгдээрээ ТҮЦТЭЙ болдог балайрал том бизнест давтагдах нь тэр. Одоо тэгээд яасан гэхээр бүгд гадна дотноос баахан зээл тавьж байгаад үйлдвэрээ бариадахсан чинь өр зээлээ төлж дийлэхээн болив. Хэн нь ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадсангүй. Ар араасаа үүдээ барьж ачирт нь нэгэн үе овоо хямдраад байсан цементийн үнэ ахиад л тэнгэрт хадав.        

Уг нь үүнд чинь л жинхэнэ төрийн зохицуулалт хэрэгтэй байхгүй юу. Монгол улсын хэрэглээ ийм байна, үүнээс хэтэрсэн үйлдвэр хэрэггүй, ашиггүй гэдгийг урьдчилан харах АЛСЫН ХАРАА чухал байгаа юм. Төрийн мутар үүн дээр ажлаа хийх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, хүнс гээд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай салбаруудад зохицуулалт хийнэ гэж хэлснийхээ төлөө баахан баалуулав.

Уг нь тэр төр бодлоготой, зах зээл эрүүл зохицуулалттай явах ёстойг л сануулж, түүнд Засгийн газар бодлогоор оролцоно гэдгийг хэлсэн хэрэг.

Тэгэхгүй бол зэрлэг капитализмд сэглүүлж, зохицуулалтгүй зах зээл гэгчдээ жолоо цулбуураа алдан хадуурч байгаад хаана эмээлээ гэдсэндээ хийхийг бүү мэд.

Өнөөдөр баруун бүсэд гэхэд “Барилгын талх” болсон цементийн хэрэглээг хангах 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай нэг үйлдвэр Ховдод баригдаж буй. Баруун аймгуудын дунд нэг л ийм үйлдвэр байхад хангалттай. Битгий л зэргэлдээх бусад аймгууд нь амбицлаж тус бүртээ цементийн үйлдвэртэй болох гэж ТҮЦДЭЭРЭЙ дээ гэж зөвлөх байна. Тэгэхгүй бол бодлогогүйн балгаар хувийн хэвшлийнхэн бизнесийн салбарт бие биенээ татаж унагадаг, төрийн мөнгө төсвийн хөрөнгө түймэрт шатсан юм шиг үрэгддэг гажуудал хэзээд арилахгүй. Тамын тогооноос чөлөөлөгдөх нь та бидний эхний том зорилт шүү.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (49.0.212.219) 2020 оны 10 сарын 08

энэ бол монголын эмэгнэл үүнийг ийм жаахан зах зээлтэй газар цээжний пангаар \n хоорондоо бие биеэ дуурайж сүйрэх бус судалгаатай бизнес хийх,төрөөс зөвшөөрөл өгөхдөө эдийн засгийн тооцоотой тодорхой тоонд зах зээлд нь тааруулж өгөх,хахууль өгвөл яасан ч яарав гэсэн байдлаа зогсоох хэрэгтэйг ухааруулж бичжээ.

0  |  0
Зочин(202.9.46.206) 2020 оны 10 сарын 07

Макс говьалтайн тайширт 1г барих гэж байгаа гэсэн

0  |  0
Алтангэрэл(66.181.161.85) 2020 оны 10 сарын 08

За нэг үнэн юм хэлжээ

4  |  0
иргэн(64.119.26.181) 2020 оны 10 сарын 08

Үнэн шүү үнэн.

2  |  0
Luta-jargal(CHoyzhi-(39.155.101.50) 2020 оны 10 сарын 07

yostoy sain bichjee.yasan ”tolgoy” humus be ? UAS--n tosb iinhoo mongiig tegej urej shataaj baih yvm gene ,Ulas ni yagahiju Byajih be da ,hoorhii ?!

0  |  0
зочин (202.179.21.216) 2020 оны 10 сарын 06

Ховдын цемент үйлдвэр нээрээ том бүтээн байгуулалт байна лээ

0  |  0
Top