Кибер аюулгүй байдлын "McAfee" системийг үндэслэгч баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Кибер аюулгүй байдлын зах зээлд хамгаалалтын программ зохион бүтээсэн Жон Макэфиг татвараас бултсан хэргээр Испанид баривчилжээ.

АНУ-ын Холбооны хууль зүйн яам түүнийг Америкт шилжүүлэхээр ажиллаж байна.

Тэрээр сүүлийн 10 жилийн турш  хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ч өнөөг хүртэл ямар нэгэн хэрэгт холбогдолтойг нотолж чадаагүй юм.

Жон Макэфи АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Либертари намаас нэр дэвшихээ зарлаж байхдаа найман жилийн турш төлөх татвараа төлөөгүй гэж ярисан бичлэг нь ил болсон юм.

АНУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сард түүнд холбоотой хэргийг дахин нээж улмаар яллагдагчаар татагдсан билээ.

Тэрээр өнгөрсөн долоодугаар сард галт зэвсэг хууль бусаар ашигласан хэргээр Бүгд найрамдах Доминикан улсад баривчлагдаж төд удалгүй суллагдаж байсан юм.

Холбооны хууль зүйн яам түүнийг крипто валют гаргах, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авах, үл мэдэгдэх компанид хөрөнгө оруулах зэргээр өөр бусдын нэрийг ашиглан оргон зайлсан гэж үзэж буй юм. Түүнчлэн эдгээр хэргүүд дээр 2014-2018 оны хооронд дөрвөн жилийн хугацаад хуульд заасан хугацаанд татварын мэдүүлэг бөглөөгүй гэж буруутгажээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо түүнийг мөн адил хууль бусаар биткойн, криптовалют сурталчилж иргэдийг төөрөгдүүлсэн гэж үзэн хэрэг үүсгээд байна.

Тэрээр 1987 онд хамгаалалтын системийн McAfee компанийг үүсгэн байгуулж 1994 оныг хүртэл удирдаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорчээ. Түүнээс хойш цахим худалдаа, крипто валют, эмийн бизнест хүртэл хөл тавиад амжсан байна.


Эх сурвалж: The Verge

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top