ТОЙМ | “Саарал жагсаалт”-ын эрсдэл 2023 онд дахин гарч ирнэ

2020 оны 10 сарын 14

Монгол Улсад энэ сарын 1-2-ны өдрүүдэд ажиллаж, газар дээрх хяналт, шалгалт хийсэн ФАТФ-ын багийн гишүүд  Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хуралд тайлангаа танилцууллаа.

Үнэлгээний баг Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлэхэд, онлайн хуралд оролцсон 100 гаруй орны төлөөлөгч бүгд дэмжсэнийг Сангийн сайд өчигдөр уламжилсан билээ. 

"Саарал жагсаалт"-аас албан ёсоор гаргах шийдвэр аравдугаар сарын 21-23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаас гарах юм. Ерөнхийдөө төлөөлөгчдийн дэмжлэгийг урьдчилсан байдлаар ийн авчихаад байгаа учраас “Саарал жагсаалт”-аас гарах боломж илүү нэмэгдэж байна.

Сануулахад, Монгол Улс “Саарал жагсаалт”-д анх удаа ороод, анх удаа гарах гэж байгаа юм биш. Өмнө нь 2013 онд ФАТФ-ын хяналтын жагсаалтад орж байсан.


АНХ “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРСОН БОЛОН ГАРСАН ТҮҮХ

Манай улс  ФАТФ-ын Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-ийн гишүүнээр 2004 оны долоодугаар сард элссэнээр улс, үндэстэн дамнан үйлдэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх үүргийг хүлээх болсныг сануулахад илүүдэхгүй байх. Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын өмнө үүрэг хүлээх болсноос гурван жилийн дараа буюу 2007 онд тус байгууллагаар  анхны харилцан үнэлгээг хийлгэсэн байдаг. Тухайн үед ФАТФ-ын мөрдөгдөж байсан 49 зөвлөмжөөс 21-ийг биелүүлээгүй, 15-ыг хэсэгчлэн биелүүлсэн тухай дүгнэлт гарч, “муу” үнэлгээ авч байсан. 2011 онд Олон Улсын хамтын ажиллагааг хянах бүлэг (ICRG) –ээс Монгол Улсыг олон улсын хяналтад оруулах шийдвэр гарч, 2013 онд ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж байсан түүхтэй.

Чухам яагаад “Саарал жагсаалт”-д орсныг тодруулахад дараах хүчин зүйлсийг нэрлэж байна.
 

  • Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах жагсаалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй
     
  • Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй
     
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байсан зэргийг Сангийн яамны зүгээс мэдэгдсэн.

 

“Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс ямар алхмууд хийсэн бэ? гэдэг асуулт тавигдана. Тэдгээрийг дурдвал:

 

2013.05.31 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батласан.

2013.10.12 “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг батласан.

2014.01.16 Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан.

2014.06 сар Монгол Улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас хасчээ. Биднийг ФАТФ “Саарал жагсаалт”-аас гаргасан тэр үед нөхцөл байдал ямар байсныг эргэн саная.

Монгол Улсын эдийн засаг 2012-2013 онуудад өндөр өсөлттэй, хөрөнгө оруулалтын орчин эерэг, улсын зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учирсан бодит хохирол харьцангуй бага байсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх бодлогын түвшний хууль эрх зүй, урьдчилан сэргийлэх, удирдлага зохион байгуулалтын үе шаттай хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

Харин 2017 онд манай улс ХОЁР ДАХЬ ҮНЭЛГЭЭ-г хийлгэх үед  ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй-5, хэсэгчлэн биелсэн-15, ихэнхийг биелүүлсэн-15, биелүүлсэн-5 байв. Улмаар манай улсыг  “эрчимтэй хяналт”-д оруулсан юм.

Анх ФАТФ-аар үнэлгээ хийлгүүлж байх үед  стандарт нь өөр байсан.  40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар  ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байв. Тэр үед одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал хангалттай байсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн тогтолцоо байна  уу.  Хариуцаж байгаа байгууллагууд, хийж байгаа хүмүүс нь байна уу. Журам заавраа гаргасан уу гэхчлэн авч үзэж байсан бол 2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан  өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн. Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй холбоотой есөн зөвлөмж нь 40 дотроо шингэчихсэн. Дээрээс  нь 40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөр болсон. Нэгт, техникийн хэрэгжилт буюу тогтолцоо нь байна уу гэж  харсан хэвээрээ.  Хоёрт, тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах  үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт гарч ирсэн. Илүү нягт, цогц  авч үзэж буй үнэлгээний хэлбэр рүү шилжсэн гэдгийг Санхүүгийн мэдээллийн албаны өмнөх дарга Х.Батчулуун хэлж байсан. 


2017 ОНД ЭРЧИМТЭЙ ХЯНАЛТАД ОРОХОД ЮУ НӨЛӨӨЛӨВ 
 

  • 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль
     
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль
     
  • “Саарал” болон “Хар жагсаалт”-д орох онцгой нөхцөл байдал анх үүссэнтэй холбоотой гэж Сангийн яамны мэргэжилтэн хэлсэн.

Эрчимтэй хяналтад орсны дараа 2017 онд  дараах арга хэмжээнүүдийг авах ёстой болсон.
 

  • 2017.04.20 - Ерөнхий сайдын 70 дугаар захирамжийн дагуу МУТСТ Үндэсний Зөвлөл байгуулагдсан.
     
  • 2017.05.17 -Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батласан.
     
  • 2017.12.06 -АНДББ-ээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батласан зэргийг онцолж байгаа юм.

Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага (APG) манай улсын ФАТФ-ын “Эрчимтэй хяналт”-д байх хугацааг 12 сараар сунгах шийдвэр гаргаж байсныг сануулъя.  Энэ хүрээнд Харилцан үнэлгээний хэрэгжилтийн дараагийн тайланг 2019 оны  нэгдүгээр сард тайлагнахаар болсон юм.

Тиймээс манай улсын дагалдах тайлан 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргэгдсэн. Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх  төсөл  тавдугаар сарын 24-нд гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад  тараагдсан. Намдугаар сард жилийн хурал дээр хэлэлцэгдээд, аравдугаар сард шийдвэр гарах хүлээлттэй байсан.

Хүлээлт ёсоор ФАТФ 2019 оны аравдугаар сарын 18-нд шийдвэрээ гаргахдаа Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан юм. Ингэхдээ ЗУРГААН ДААЛГАВАР биелүүлээгүй гэж үзсэн.

Улмаар ФАТФ-ын Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал нэгдүгээр сард  Бээжинд болж,  Монгол Улсын тайланг хэлэлцээд, зургаан даалгаврын ГУРВЫГ биелүүлсэн гэж үзсэн юм.

Санхүүгийн мэдээллийн албаны мэдээллээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл  ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн.

Дараа нь Монгол Улс АНДХБ-т  тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалахад зургаан даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн юм. Улмаар ФАТФ-ын зургаадугаар сарын  хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзсэнээр  тусгайлсан ажлын баг гарган Монгол Улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийхээр болсон юм.
 

ФАТФ Монгол Улсыг  2019 оны аравдугаар сарын 18-нд "Саарал жагсаалт"-д оруулахдаа  дараах  зургаан даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. 

Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;

Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;

Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;

Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;

Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;

Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд юм.


Тэгвэл Монгол Улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд дээрх ЗУРГААН ДААЛГАВРЫГ биелүүлсэн учраас энэ сард "Саарал жагсаалт"-аас гарах нөхцөл бүрдээд байна. 

Монгол Улс дахин “Саарал жагсаалт”-д орохгүй байх нөхцөл боломж бий юу гэдэгт Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар дараах хариултыг өгч байна.

-Саарал жагсаалтад орохгүй байхын тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал.  Мөн тухайн улс орон төрийн дээд түвшинд энэ асуудалд ач холбогдол өгч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчилж, хариуцсан байгууллагууд нь ажлаа цаг тухайд нь, чанартай хийх нь чухал юм. ФАТФ-аас тавьж байгаа олон улсын стандартууд байнга чангарч байгаа. Тэгэхээр энэ стандартуудыг Монгол Улс тухай бүрд нь дагаж мөрдөж байх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахиад л дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр стандарт өөрчлөгдөх болгонд Монгол Улс тэр стандарттай хөл нийлүүлж явах нь чухал юм. Тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байх ёстой. Үүнийг л ФАТФ-аас хамгийн гол зарчим болгож, шаарддаг.

Санхүүгийн мэдээллийн алба нь төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны гадаад, дотоод харилцаа гээд бүхий л асуудлыг хариуцаж байдаг. Одоогоор Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд төрийн 20 гаруй байгууллагын оролцоотой Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна. Мөн төрийн 20 байгууллагын оролцоотой Үндэсний зөвлөл бий. Тухайлсан төрийн байгууллагуудын дээд удирдлага болон дунд түвшний менежрүүдийн хосолсон  ажлын хэсгүүд тогтмол хуралдаж асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Мөн хамтын ажиллагаагаа сайжруулаад явж байна. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ-ын зөвлөмжүүд, бусад стандарттай холбоотой хийгдэх ажлуудыг тухайн бүрд нь эдгээр зөвлөлдөө танилцуулж, аль байгууллага ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлж, асуудлыг эзэнтэй болгоход тогтмол дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын МУТСТ талаарх ойлголт, хүний нөөц чадавхи харьцангуй сайжирсан гэдгийг бас онцлон тэмдэглэмээр байна. Мөн Терроризмтэй тэмцэх зөвлөл гэж бий. Уг зөвлөл нь терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ зөвлөлд мөн л 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл бий. Тэгэхээр манай энэ зөвлөлүүд байнгын харилцан хамтын ажиллагаатай байх ёстой. Мөн мэргэжлийн холбоодуудын хүчин чармайлт чухал. Үүнээс гадна хэчнээн төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажилласан ч гэсэн энд хувийн хэвшлийн дэмжлэг маш чухал. Тэгэхээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд маань төрийн байгууллагуудаа дэмжээд, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагдаж, мэдээлэл, туршлага солилцох байдлаар ажиллаж явах нь дараагийн удаад 2023 онд Монгол Улсын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлэхэд ямар нэгэн дутагдал гарахгүй байх чухал суурь болно” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top