Коронавирусний халдвар өвчтөний тархины бор гадарга дахь мэдрэлийн эсийг үхүүлдэг болох нь тогтоогджээ. Ийм шинж тэмдэг зөвхөн хүнд өвчтөнүүд төдийгүй хөнгөн хэлбэрээр халдварласан хүмүүст ч ажиглагдсан байна. Бразилын эмч нарын хийсэн судалгааг medRxiv нийтэлжээ.
Судлаачид шинэ төрлийн коронавирус шизофрени, Альцгеймер, Паркинсоны өвчин үүсэх шалтгаан болох боломжтой гэж үзэж байна. Цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар тархи гэмтээдэг тул хүнд хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийн мэдрэлийн эс үхэх эрсдэл өндөр гэнэ. Гэвч хөнгөн хэлбэрээр халдварласан өвчтөнүүдэд ийм ноцтой өөрчлөлт ажиглагдсан нь түгшээж байна гэж Сан Паулу мужийн их сургуулийн судлаач Даниэл Мартинс ди Соуза онцолжээ.
Эрдэмтэд коронавирус нь тархины мэдрэлийн эс хоорондын холбоог хангаж, мэдрэлийн эсийг тэжээдэг астроцид эсийг гэмтээдэг болохыг олж тогтоосон байна. Үүний үр дүнд тархины бор гадаргад ихээхэн хэмжээний өөрчлөлт гардаг аж. Тухайлбал хүний сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой эсүүд тэжээлийн дутагдал судалгаанд оролцсон өвчтөнүүдийн 28-56 хувьд илэрчээ. Олон тооны хүн КОВИД-19 халдвар авч, эдгэрснээс хойш хоёр сарын дараа толгой өвдөх, хэт нойрмоглох, ой санамж муудах, амтлах, үнэрлэх чадвараа алдах зэрэг мэдрэлийн шинжтэй асуудалтай тулгарсаар байна гэж судалгаанд оролцсон эрдэмтэн Кларисса Ли Ясуда тайлбарласан байна. Эдгээр зовиур нь түр зуурынх уу эсвэл насан туршид нь үлдэх үү гэдгийг эрдэмтэд хэлж мэдэхгүй байна. Тиймээс судлаачид ийм шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд ойрын гурван жилд хяналт тавьж, удамшлын шизофрени, Альцгеймер, Паркинсоны өвчинтэй хүмүүст вирус хэрхэн нөлөөлж буйг тогтоох юм гэж Ясуда ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )