Айл өрхүүд жимсний мод тарьж, хэрэглээгээ хангадаг болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Жил бүрийн намар, хаврын улиралд мод бут тарьдаг цаг. Энэ намрын тариалалтад зориулж бут сөөг тариалдаг аж ахуйн нэгжүүд Ялалтын талбайд үзэсгэлэн худалдаагаа дэлгэжээ. Багц багцаар нь гацуур, шинэсээс эхлээд шар хуайс, агч, монос, голт бор, өрөл, буйлс, жимсний модууд ярайна.  “Ёл алтан од” ХХК-ын захирал Г.Долгороос зарим зүйлийг тодрууллаа.


-Аравдугаар сар бол мод бут сөөг тарих үе нь. Тэдгээрийг тариалахад анхаарах зүйлс  юу вэ?

-Ямар ч модыг хавар тавдугаар сард, намар аравдугаар сард тарьдаг. Газар хөлдөхөөс өмнө тарина. Гацуур, хуш, шинэс, нарс зэрэг шилмүүст модыг 2-3 метрийн зайд 60-70 см-ийн голчтой тогоонд тарьдаг бол монос, гүйлс, буйлс зэрэг бутлаг ургамлыг 1.5-2 метрийн зад 40-50 см-ийн голчтой, 40 см гүн тогоонд тарина. Хүмүүс мод бутаа тарьчихаад олон услаад байдаг. Намрын цэнэг усалгааг тогоог нь дүүртэл услаад орхих хэрэгтэй. Сүүлийн үед албан байгууллагууд хашаандаа шар хауйсыг хашаалах зорилгоор хэлбэртээ тааруулаад тарьдаг болсон. Ургасных нь дараа гоёлын маягаар дөрвөлжлөн засаж, хашаалдаг шүү дээ. Тарихаасаа өмнө нүхээ урьдчилан услаад дараа нь тарих суулгацаа нүхнийхээ голд зөв байрлуулна. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй хараг­дана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо, элсийг нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж дүүргэн суулгацаа гишгэж эсвэл юмаар чигжиж нягтруулна.Үндсийг ил гаргаж болохгүй. Нүхийг хар шороогоор дүүрмэгц ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ. Тогооны хажуу ирмэг 10-15 см байвал зохино. Ер нь мод тарьсан эхний 1-2 жилдээ арчилгаа, усалгаа шаарддаг.

-Суугацууд үнэ ханшийн хувьд хэдэн төгрөг байна вэ?

-Том, жижгээсээ хамаа­раад янз бүрийн үнэтэй. Жишээ нь, интоорын мод багцаараа 15 мянган төгрөг. Монос нэг ширхэг нь 10-30 мянга, чавганы мод 50 мянга төгрөг, алим 45 мянга, нохойн хошуу 8000, чацаргана 5000, голт бор 4-8 мянга, шинэс 15 мянган төгрөг, тэхийн шээг 5000, нарс 40 мянга, гацуур 220-300 мянган төгрөг, буйлс, гүйлс 8000, улаалзгана 10 мянган төгрөг байна даа. Шар хуайс  500-2000 төгрөг бөгөөд багцдаа 50-10 ширхэг байдаг.

-Мод бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой байх?

-Тийм шүү. Жишээ нь, агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхэлж үрлэх ба тавдугаар сарын сүүлчээр цэцэглэж есдүгээр сарын эхээр үр нь боловсордог. Үржил шим сайтай. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даадаг. Хэлбэржүүлэхэд үзэмжтэй харагддаг. Бүйлс нь 1-5 см өндөр өргөслөг сөөг юм. Салаархаг саравгар мөчиртэй, залуу найлзуур улаавтар хүрэн, үсэрхэг, их өргөстэй хатгууртай бөгөөд 5-6 сард үзэсгэлэнт ягаан цэцэг багцалж ургадаг. Хотын өнгө үзэмжинд хамгийн их чимэг болдог энэ цэцгийг айл өрх хашаандаа тарихаар авдаг болж байгаа нь сайшаалтай. Амин дэмтэй жимс, жимсгэнээр эрүүл мэндээ арчилж тордох зорилгоор чацаргана, улаалзгана, долоогоно, үхрийн нүд, алим, интоорын модыг айлууд хашаандаа их тарьж өрхийн хэрэгцээндээ хэрэглэдэг болж байна.

-Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруу­лахад хамгийн их нөлөөлдөг ямар мод байдаг вэ?

-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай 98 га байдаг. Ногоон байгууламжийн ажлыг хот тохижилт, дүүрэг, орон нутгийн төрийн өмчит газрууд, гэрээт аж ахуйн нэгж байгууллагууд хийдэг. Одоо байгаа ногоон байгууламжийн талбай нь хүн амдаа багаддаг. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван шоо метр болгохын тулд жилдээ 30-40 га талбайд нэмж ногоон байгууламж хийх шаардлагатай байдаг.  Хүчилтөрөгчийг хамгийн их ялгаруулдаг мод бол гацуур. Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ. Япон эрдэмтэн Ёшифүми Миязаки хүний бие дэх хорт хавдартай тэмцэх дархлааны тусгай эсийн хэмжээ ой модтой орчинд нэмэгддэгийг өөрийн судалгаагаараа баталсан байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top