Азийн гамшгийн аюулыг бууруулах төвөөс энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2020” цахим хуралд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож байна.
Бага хурал нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт “КОВИД-19” халдварт цар тахал болон Ази, Номхон далайн бүс нутагт зонхилон тохиолддог гамшиг, ослын хариу арга хэмжээг зохион байгуулсан талаарх туршлагаа гишүүн улс, орнууд солилцсон бол хоёрдугаар хэсэгт гамшгийн эрсдэлийг бууруулах салбарын эрдэмтэн, судлаачид илтгэл, мэдээлэл өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Азийн гамшгийн аюулыг бууруулах төв нь 1998 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш гишүүн орнуудын гамшгийн менежементийн чадавхыг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангахаар гишүүн орнууд тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллаж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ хурдацтайгаар нэмэгдсээр байна.
Иймд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, нэн ялангуяа “КОВИД-19” халдварт цар тахлын хариу арга хэмжээг үр дүнтэйгээр зохион байгуулахад гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэх шаардлага тулгарсан.
Тиймээс бага хурлаар гишүүн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, осол, “КОВИД-19” халдварт цар тахлын давхар эрсдэлийг хэрхэн яаж шийдвэрлэх, гишүүн орнуудын нөхцөл байдал, туршлагыг хуваалцах болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )